ВИТАМИН
Провитамин А болон каротиноид нь эсийг үхжихээс хамгаалдаг байна. Каротиноид, тухайлбал бета-каротин их байх тусам хүний арьс толигор сайхан харагдах төдийгүй хөгшрөх нь удаан байдаг. Каротиноидыг хамгийн их агуулдаг хүнсний зүйл гэвэл шар, улаан, хар ногоон өнгө бүхий жимс ногоо болно.
Тухайн жимс ногооноос каротиноидыг нь ялган авч хэрэглэх амаргүй. Каротиноидын хам нэгдлүүдийг нь салгаж цэвэр А витамин болгож авахын тулд ногоог жижиглэн хэрчин ургамлын тосонд жигнэх хэрэгтэй. Улаан лууванг зүгээр идвэл витаминых нь ердөө нэг хувийг нь л авлаа гэсэн үг, харин хэрчээд багавтар шүүс бэлтгэж байгаад, эсвэл ургамлын тосонд жигнэж хэрэглэвэл А витамин нь хүний биед тэр чигээрээ шингэнэ.
ВИТАМИН А
Энэ витамин нь тосонд уусдаг витамин юм. Тийм учраас хүйтэн усны загас, ургамлын тосон дахь тосны хүчил нь уг витаминыг хүний биед илүү сайн шингээж өгөхөд тусална. Бэлэн А витамин бол элэг, өндөг, бяслаг, загасны тосонд баялаг байна. Хүний биед витамин Е, төмөр, цайр элбэг байвал А витамин эсэнд нь шингэхдээ сайн байдаг байна. Уг витаминыг үрэл хэлбэрээр байнга, удаан хэрэглэвэл илүүдэл болох нь бий.
В БҮЛГИЙН ВИТАМИНУУД
Усанд уусдаг чанартай. В бүлгийн витамины бүлгийг өдөр тутам хэрэглэж байж гэмээнэ хүний биед үзүүлэх үйлчлэл нь сайн болдог. Энэ бүлгийн витаминууд үр буудай, арилгаагүй цагаан будаанд элбэг байна.
Биед энэ витамин дутагдвал гадаад өнгө зүс төдийгүй организм бүхэлдээ мууддаг. Чихэр болоод чихэр агуулсан ундаа нь энэ витамины цогц үйлчлэлийг сааруулдаг байна.
Витамин В1 буюу тиамин нь хүний өнгө зүсийг дам хэлбэрээр л тэтгэж байдаг. Энэ витамин нь нүүрстөрөгчийн бодисын солилцоог зохицуулж байдаг бөгөөд энэ зохицуулалт хангалтгүй бол хүн уур уцаартай, догшин болохоос гадна нойр муутай болдог ажээ. Улаан буудайны үр, шар айрагны хөрөнгөнд илүү элбэг байдаг.
Витамин В2 буюу рибофлавин нь байнга стресстэй байдаг хүмүүст зайлшгүй хэрэгтэй юм. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн, сүү, өндөгөнд энэ витамин элбэг буй. Цагаан хоолтнууд рибофлавиныхаа хэрэгцээг буурцагт хүнс, шар айрагны хөрөнгө хэрэглэж гэмээнэ бүрнээ хангаж байж болно.
Витамин В3 буюу ниацин нь никотины хүчил, ба никотинамид гэсэн хоёр хэлбэрээр байна. Тамхинд байдаг хорт никотины хүчилтэй үүнийг андуурч болохгүй. Энэ витамин бие махбодын бүхий л процесст чухал нөлөөтэй бөгөөд загас, гэрийн тэжээмэл шувуунд элбэг байх ба сүү ногоонд өчүүхэн бага байна. Долоо хоногт наад зах нь ганц удаа загасны мах идээд байхад энэ витаминаар дутагдана гэж байхгүй. /Витамин В4 гэж витамин байдаггүй/
Витамин В5-ыг гоо сайхны витамин гэдэг. Арьсны гүн давхаргад усыг холбон барьж байх гүйцэтгэдэг учраас гоо сайхны витамин гэдэг. Бэлэн хоол болоод хагас боловсруулсан бүтээгдэхүүн их хэрэглэдэг хүмүүс энэ витаминаар байнга дутагдаж байдаг. Дутагдсаны шинж нь үс унах, уруулын хоёр захаар үрчлээс үүсэх, сэтгэл санаа хямрах зэрэг болно. Буудай, загас, самарт элбэг агуулагдана.
Витамин В6 буюу пиридоксин нь сэтгэл санаа тайван байлгахад мөн, үсний ургалт, цус эргэлт, нүдний хараанд сайн. ·р буудай, элэг, бууцайнд элбэг байна.
Витамин В12 буюу кобаламин хүний биед өчүүхэн жаахан байхад л болно. Амьтны гаралтай түүхий эд, тухайлбал, мах, сүү, бяслаг мөн хавч, хясаа, далайн замганд ч хангалттай бий. Мөн нэг чухал зүйл гэвэл фолийн хүчлийг чухам энэ витаминтай хавсран хэрэглэх ёстой байдаг.
ВИТАМИН С
Аскорбиний хүчил гэх бас нэг нэртэй энэ витамин ханиад, халдварт өвчинд тустайгаар барахгүй арьсыг хамгаалж сайхан өнгө зүстэй болгодог. Энэ витаминыг хангалттай хэрэглээд байвал арьсны эд эс үхнэ гэж хэзээ ч байхгүй юм.
Энэ витамины нэг ид шид нь, арьсан дахь холбоос эдүүдийг бат бэх болгож арьсыг толигор байлгадаг. Улмаар шүд, буйлыг хамгаалж шүд хорхойтохоос сэргийлдэг бөгөөд бие дэхь өөх тосыг багасган төмрийн хэмжээг зохицуулж барьж байдаг байна. Ер нь энэ витамины оролцоогүй болж бүтдэг процесс гэж хүний биед бараг байдаггүй юм.
С витамин агуулсан жимс ногоо хэрэглэвэл энэ витаминаар дутагдахгүй. Интоор, киви, вандуй, цэцэгт байцаа зэрэг нь тэр чигээрээ л С витамин гэж мэд.
ВИТАМИН D
Тосонд уусах чанартай витамин D буюу кальциферол нь хүний ясны бүтцэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие дэхь фосфатын тэнцвэрийг барьж байх ба ясыг бэхжүүлж өгдөг байна. Хүний бие нарны туяанаас энэ витаминыг авдаг. Гэхдээ энэ нь наранд шаруулаад хэвтээд байх хэрэгтэй гэсэн үг биш. ´дрийн хурц наранд 20-30 минут байхад л хангалттай. Мөн мах, элэг, сүү, өндөгөнд энэ витамин бий. Нарны илч муу Өвлийн цагт загас ахиухан хэрэглэхэд л болно.
D витамин ихэднэ гэж байдаг. Тухайлбал үрлээр хэрэглэсэн үед ийм байдал үүсч болох бөгөөд ингэсэн тохиолдолд цусан дахь кальцийн хэмжээ хэтэрч, улмаар шохойжилт үүсэн атеросклероз өвчин бий болно.
ВИТАМИН Е
Усанд уусдаг чанар бүхий витамин Е буюу токоферолын үүрэг тун олон. Витамин Е нь найман төрөл байх бөгөөд түүнийг гол үүрэг нь эсийг чөлөөт радикалаас хамгаалах явдал юм. Витамин Е нь эсийг хорлодог чөлөөт радикалуудыг саармагжуулдаг бөгөөд ингэснээрээ арьсыг эрт хөгшрөхөөс хамгаална. Энэ витамин биед дутагдвал эсийн бүтэц дэхь өөх тосны хэвийн байдал алдагдаж арьсан дээр толбо болж гарч ирдэг.
Витамин Е нь цусны улаан цогцсыг нуун хамгаалдаг учраас хүчилтөрөгчийг сайн зөөж чаддаг. Ургамлын, буурцгийн гэх мэт тосонд элбэг байх тул эдгээр тосыг хүн ахиухан хэрэглэж байх хэрэгтэй. Илчлэг ихэднэ гэж айгаад Е витамин агуулдаг тосыг хэрэглэхээс зайлсхийж болохгүй юм.
БИОТИН
Биотиныг витамин Н гэх бөгөөд хүн гоо сайхан, эрүүл энх байхын нэг чухал нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд үс унах, бууралтахад хэрэглэдэг. Хүний бүдүүн гэдэс хэвийн сайн ажиллаж байвал царай зүс сайхан байдаг тухай бид урьд нь ярьсан. Тэгвэл бүдүүн гэдсэн дахь бактериудыг жимс, сүү, өндөгний шар, хушга, хөрөнгө, элэг, улаан лооль, буурцаг, буудай гэх мэтээр сайтар бордоод өгөхөд, өөрөөр хэлбэл хүн эдгээр хүнсийг түлхүү хэрэглэвэл, тэдгээр бактериуд нь биотиныг ёстой л нэг үйлдвэрлэж өгдөг байна. Гэхдээ биотин нь ихээхэн эмзэг эд. Биед архи, никотин, чихэр, хэтэрхий их уураг байвал биотин сөнөхдөө даанч амархан. Харин витамин С, Е нь биотиныг хамгаалж байдаг. Биотин дутагдсан үед хүний хумс хугарах, үс хагтах, арьсны өнгө муудах, тослог нь ихдэх шинж илэрнэ.
РУТИН
Рутин нь витаминтай төстэй үйлчлэл бүхий бодис бөгөөд судас хагарахаас сэргийлэхээс гадна аливаа эрхтнийг усталтаас хамгаална. Гүзээлзгэнэ, ногоон чинжүү, хад жимсэнд илүүтэй байна. Витамин С-тэй хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй.
ЭРДЭС БОДИС
Витаминаас гадна хүний биед амин чухал шаардлагатай зүйл бол эрдэс бодис болон бичил элемэнтүүд юм. Тухайлбал, кальци нь яс, шүдийг бэхжүүлж өгдөг бол төмөр нь цусанд хүчилтөрөгч зөөвөрлөж, хүхэр нь холбоос эдэд чухал хэрэгтэй байна. Бичил элемэнт гэдэг нь биед өчүүхэн бага хэмжээгээр л шаардагддаг болохоос ялгаагүй л мөн эрдэс бодис юм. Боловсруулаагүй хүнсний зүйлд эдгээр бодис нь хүний биед хэр хэмжээгээр хэрэгтэй, тэр хэмжээгээрээ л байдаг. Харин эрдэс бодисыг эм, үрэл хэлбэрээр хэрэглэхдээ эмчийн заавраар л биш бол бие махбодод муу үр нөлөөтэй байх нь бий. Тухайлбал, төмрийг хэтрүүлэн хэрэглэвэл дархлааны системд халтай. Кальци ихэдвэл эд эрхтэнд шохойжилт үүсэх жишээтэй. Бие махбодыг эрдэс бодисоор зүй зохистой хангах хамгийн шалгарсан арга бол төрөл бүрийн ургамлын үрийг хүнсэнд хэрэглэх явдал юм. Гэхдээ буудай болон цагаан будаан дахь хамгийн нарийн нандин бодис нь үрийнхээ яг хальсан доор байдаг тул, тухайлбал, цагаан гурилд эрдэс бодис тун бага үлдсэн байдаг байна.