Шинэ он гарахад багагүй хугацаа үлдлээ. Хүн бүрийн хүсэн хүлээдэг энэ баяраар хэн хүнгүй л сайхан баярлаж өнгөрөөхийг хичээдэг. Найз нөхөд, хамт олны шинэ жилийн баярын үдшийг дуу хөөр, бүжиг наадамгүйгээр төсөөлөхөд тун бэрх. Яг энэ үеүүдэд л Монголчууд бидний ярьдагаар дуучдын "халтуур" эхэлдэг. Баяр ёслол, наадмаар дуулж овоо хэдэн төгрөгтэй болдог манай Монголын рок поп дуучдын шинэ жилээр дуулах ханш аль хэдийн гарчээ. Энэ жилийн хувьд дуучид дуулах ханшаа багагүй үнээр нэмсэн бололтой. Мэргэжлийн хөгжмийн “Sweetymotion” хамтлагийнхан хоёр дууг 3 саяд дуулах бол “Хар сарнай” хамтлагийнхан гурван дууг 2 сая таван зуун мянгад дуулах ажээ. Харин “Камертон”-чууд 3 дууг мөн л 2 сая таван зуун мянгаар дуулах бол хамтлагийн ахлагч Д.Болд ганцаараа нэг дууг сая төгрөгөөр дуулах юм байна.
Зохиолын дуучдын хувьд энэ жил дуулах үнэ ханшаа нэмээгүй байна. МУГЖ, дуучин С.Жавхлан хоёр дууг 1,5 саяар, Г.Эрдэнэтунгалаг хоёр дууг 1 сая, Ч.Бат-Эрдэнэ гурван дууг 1 саяар дуулах бол “Шуранхай” хамтлагийнхан хоёр дууг 1 саяар дуулна.
Залуу хамтлаг, дуучдаас “Мотив”, “А sound” хамтлагийн дуулах ханш өндөр байдаг ч тухайн байгууллагатай “зохицох” бодлого баримталхаар болжээ.Мөн охидын хамтлагуудаас хамгийн өндөр үнээр дуулдаг "Киви"-гийн халуухан охид нэг дуугаа 1,5 саяар үнэлэж буй.