Moderator: mgl_300
Монгол хаад хоёр орны найрамдалт харилцааг туйлаас эрхэмлэдэг байв
Leídos 751 Recomendados 0 2010.11.28 12:48:49Монгол хаад хоёр орны найрамдалт харилцааг туйлаас эрхэмлэдэг байв
Дундад зууны Монголын Солонгос судлал, Солонгосын /Гуулин улсын/ түүх соёл, хэл яриа, бичиг үсэг, улс төр, эдийн засаг, газар тариалан, өмч хөрөнгө, одон зурхай, цэргийн ухаан зэрэг маш өргөн хүрээг хамарч байсныг онцлов. Монгол хаад, төрийн зүтгэлтэн нар хоёр орны найрамдалт харилцааг туйлаас эрхэмлэдэг байжээ. Чингисийн үед монгол, солонгосын харилцаа сайн байсан. Домгоор бол Монгол нь Солонгосын хүргэн улс /Хулан хатны домог/, түүхээр бол Монгол нь Солонгосын хадам улс, нөгөө талаас солонгос ч монголын хүргэн улс. Хубилай хааны охин Хотолгэримши 1274 онд Солоносын бэр болсон. Мөн, Хубилай хааны ач хүү Гамалагийн охин Солонгос вангийн хатан байжээ. Энэ хатан монгол бичиг сайн мэддэг. Монголоор захиа бичиж нутагтаа илгээж байсан тухай солонгос түүхийн сурвалжид тэмдэглэсэн байсан нь олджээ. Найман зууны тэртээ ч гэсэн ийм л соёлтой бүсгүйчүүд монголд байжээ. Мөн Монгол эмэгтэй гадаадад элч болж очиж байсны 790 жилийн ой 2011 онд тохиох аж. Энэ бол дэлхийн дипломатын түүхнээ бичигдэх түүхэн баримт гэнэ. 1225 онд Монголын элч Гуулин улсад очоод буцаж явахдаа алагдсан тоогүй явдал гарчээ. Элчийг алсан учир дайлаар мордох нь зүйтэй гэж баатрууд хэлэхэд Чингис хаан "Баттай баримт нотолгоогүйгээр хэрхэн дайлж болох" хэмээн өгүүлж болиулж байсан удаатай.
Монгол төрийн зүтгэлтнүүд Монгол, Солонгосын харилцааг хэчнээн хүндэтгэдэг байсны нэг түүхэн баримт энэ бөлгөө. 2010 он бол Монгол, Солонгосын харилцаанд онцгой жил болж байгаа билээ. Солонгос /Гуулин улс/-аас хятанд, хятан хэл сургахаар 10 оюутан илгээж байсны 1015 жилийн ой энэ жил тохиож байгаа. Хятаныг Монголын өвөг дээдэс гэж үзвэл, Монгол, Солонгосын соёлын харилцааны 1015 жилийн ой болж байна гэсэн үг. Хятан хэл монгол хэлтэй бүтэц ижил. Нангиад үсгээр тэмдэглэсэн хэдэн үгийг хянаваас, монголоор барахгүй солонгос үгтэй ч тохирдог. Хятан бичгийн дурсгал манайд, мөн Өвөр монголд нэлээн хэд байдаг аж. Хятан бага бичгийн гуулин толин дээрх нэгэн сонин дурсгал одоо ч Сөүл хотын үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг бөгөөд хараахан тайлан уншиж чадаагүй,. Энэ дурсгал хаанаас, хэзээ, хэрхэн солонгост очсоныг тодруулах ажил эзнээ хүлээж байгаа гэлээ. Монгол оюутан Солонгосд 791 жилийн өмнө сурч байв. 1219 он монгол жанжин 41 хүнд "Та нар Корей хэл суралцаж бай" гэсэн захиа үлдээсэн түүхэн тэмдэглэл солонгос сурвалжид байна. Энэ бол монгол, солонгосын соёлын түүхийн алтан хуудас яриагүй мөнийг харуулж байгаа хэрэг. Монгол Улс Солонгосоос бэх, бийр, бичгийн цаас зэрэг бичгийн хэрэгсэл авахаар жуу бичгийг 790 жилийн өмнө илгээж байсан баримт байдаг. Энэ нь Гурван голын буюу Чингисийн Монголчууд бичиг үсэггүй, харанхуй бүдүүлэг байсан гэсэн зарим эрдэмтдийн саналыг үгүйсгэх бодит баримт. Алдарт "Монголын нууц товчоо"-г манай толь бичгүүдэд байдаг солхо цаас буюу солонгос цаасан дээр бичсэн байж магадгүй гэсэн саналыг эрдэмтэн Б.Сумьяабаатар дэвшүүлж байгаагаа ч дуулгав. Монгол, Солонгосын археологчид цаасны хоёр ч үйлдвэрийн ором буурийг монгол нутгаас олоод байгааг дурдав. Монголоос Солонгост 686 жилийн өмнө 17 мянган дэвтэр бүхий 4371 боть ном бэлэглэж байсан түүхэн баримт Солонгосын эх сурвалжаас олджээ. Энэ бол бүхэл бүтэн номын сан гэсэн үг.
Дундад зууны ямар ч улс гадаадад ийм олон тооны ном түгээж байсан түүх дэлхийд байхгүй. Дэлхийн соёлын түүхэнд тэмдэглэгдэх зүйл гэж бахархан бодно. Эдгээр номс одоо хаана байгааг Манай Солонгос эрдэмтэд /Дундад зууны монголын хууль цаазын цорын ганц эмхтгэл бичгийг олсон шигээ/ хайж олно гэдэгт найдаж байна гэлээ. Энэ мэт дэлхийн монголч эрдэмтдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж, оюуныг мялаасан түүхэн сурвалжуудыг судлан тогтоосноо эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлж байлаа.