ХЭРЦГИЙГЭЭР АМИА АЛДСАН ИРГЭНЭЭ МОНГОЛЫН ТӨР МАРТЧИХААД БАЙХАД ДЭЛХИЙ НИЙТ АНХААРСААР
Уншсан 7483 vote 0 2010.11.25 18:14:07Одоогоос
дөрвөн жилийн өмнө монголчуудыг төдийгүй дэлхий нийтийг цочроосон
аймшигт аллага Малайзийн Силангор мужийн Субан Дам хэмээх газарт болсон.
2006 оны арваннэгдүгээр сарын 9-ний пүрэв гаригт Малайзын цагдаа нар
хэргийн сэжүүрийг атгаснаар Малайз, Монголын болон бусад орны мэдээллийн
хэрэгслээр шуугиж, дэлхий даяар дуулиан тарьсан билээ. Хэргийг эргэн санацгаая.
Монголын иргэн 28 настай Ш.Алтантуяаг Малайзын Силангор мужийн Субан Дам хэмээх ойд маш хэрцгийгээр хөнөөсөн юм. Түүнийг толгой руу нь буудаж хороогоод, цогцсонд нь С-4 хэмээх тэсрэх бодис хоёр ширхгийг бэхэлж, дэлбэлсэн байдаг.
Азаар хэргийн газарт талийгаачийн ясны хэдэн хэлтэрхий үлдсэн байсан нь аймшигт явдлыг илчилсэн билээ. Цагдаа нар удалгүй Малайзын нэртэй улс төр судлаач, 40 настай Абдул Разак Абдулла Багиндаг сэжигтнээр саатуулав. Тэрбээр Оксфордын их сургуулийн доктор, профессор, Швейцарийн Давосын дэлхийн эдийн засгийн форумын хүндэт гишүүн бөгөөд тус улсын Батлан хамгаалахын коллежийн Стратеги судлал, Олон улсын харилцааны салбарын эрхлэгч, тухайн үед нэртэй улстөрчдийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг.
Р.Багинда хэрэгт сэжигтнээр татагдсан учир нь тэрбээр талийгаач Ш.Алтантуяатай дотно харилцаатай байсан бөгөөд Африкийн орнуудаар хамт аялж байсан талаар мэдээлж байлаа. Тэдний хүүхэд нь ой дөрвөн сартай ч гэж бичиж байв. Ш.Алтантуяа тухайн үед хүүхдийнхээ эмчилгээний төлбөрт мөнгө авахаар үеэлийнхээ хамт Малайз руу явсан байдаг.
Очсоноосоо хойш А.Р.Багиндатай холбоо барьж чадахгүй байсаар аравдугаар сарын 19-ний өдөр гэрийнх нь гадаа очоод “Malaya” зочид буудалд үлдсэн үеэл рүүгээ гэрийг нь олсноо мэдэгдсэнээс хойш холбоо тасарчээ. Багиндагийн гэрийн гаднаас түүнийг үл таних хоёр залуу, нэг хүүхэн машинд хүчээр суулган авч явсан нь Багиндагийн гар хөл болсон цагдаагийн ахлах мөрдөн байцаагч, хувийн эмэгтэй мөрдөгч, тусгай хэлтсийн бага дарга байсан нь хожим тодорхой болсон.
Энэ хэргийг манайхан анх монгол эмэгтэй харамсалтайгаар бусдын гарт амиа алдсан хэмээн ойлгож байсан боловч явцын дунд үүний цаана томоохон улстөрчдийн хил дамнасан гэмт хэргүүд ил болсон юм. Тухайлбал, Багиндагийн захиалгаар Ш.Алтантуяаг машинд суулган авч явж, амийг нь зэрлэгээр хөнөөсөн цагдаагийн ажилтнууд болох Азила Хадри, Сирул Азар Умар нар нь тухайн үеийн Малайзын Ерөнхий сайдын төлөөлөгч буюу одоогийн Ерөнхий сайд Нажиб Разакийн бие хамгаалагчид байв.
Нажиб Разак нь Багинда болон бусад хүнтэй хамтран Францын зэвсгийн наймаачидтай хууль бус наймаа хийсэн байдаг бөгөөд талийгаач Ш.Алтантуяа энэхүү наймааны гэрээ хэлэлцээр хийхэд нь хэлмэрчээр ажиллаж байсан гэсэн мэдээлэл байдаг.
Нажиб тухайн үед Малайзын Батлан хамгаалахын сайдаар мөн ажиллаж байсан бөгөөд тэрбээр энэ хэрэгт холбоотой болохыг батлах бас нэгэн баримт байдаг. Талийгаачийн цогцсыг устгахаар биед нь холбож тэсэлсэн С-4 хэмээх тэсрэх бодисыг цэрэг дайны болон бусад онцгой тохиолдолд Батлан хамгаалахын сайдын зөвшөөрлөөр ашигладаг, маш хүчтэй зэвсэг юм.
Нэг ширхэг С-4 нь бүхэл бүтэн гурван давхар барилгыг үнс, нурам болгон хийсгэх хүчтэй ийм зэвсгийг хоёр ширхгийг ашиглах эрх мэдэл түүнээс өөр хэнд ч байгаагүй. Харин түүний хил дамнуулан хийсэн хууль бус наймааны талаарх нарийн ширийнийг орчуулга хийж явсан Ш.Алтантуяагаас өөр хэн ч мэдэхгүй. Хэргийг мөрдөн шалгах явцад алуурчдын гэрээс талийгаачийн өрөөсөн ээмэг хүртэл олдож байсан.
Ийнхүү Малайзын нэр нөлөө бүхий улстөрчид аймшигт гэмт хэрэг үйлдэж, нэр холбогдсонд ард иргэд нь шоконд орж байв. Тэрхүү алуурчдыг хаацайлах гэж шүүх хурлыг хоёр жилийн турш ямар нэгэн шалтгаанаар хойшлуулж, сунгасаар эцэстээ гэмт хэрэгтнүүд Ерөнхий сайд болтлоо албан тушаал ахиж, харин хоёр хүүхдийн эх, хөөрхийлөлтэй залуу эмэгтэйн амьдрал хохь болоод үлдсэн нь харамсалтай. Хоёр сая гаруйхан хүн амтай монголчуудын нэгийг гадаадын эрх баригчид нийлж амьтнаас дор алчихаад өөрсдийгөө хаацайлж байхад Монголын эрх баригчид олигтойхон дуугарч, иргэнийхээ төлөө санаа тавиагүй нь эмгэнэлтэй. Тэр ч бүү хэл энэ үед Гадаад хэргийн яамныхан ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөх чадваргүй байв. Ядаж байхад Малайзад манай улсыг төлөөлөх ЭСЯ байсангүй.
Тийм ч учраас энэ явдал монголчуудыг иргэндээ хэрхэн хандаж, хэрхэн хамгаалдгийг дэлхий нийтэд гутамшигтайгаар харуулсан. Манай улс бусад орны өмнө увайгүй, дорой байдлаа баталсан. Хөөрхий үрээ хүний гарт хэний ч санаанд багтамгүй хэрцгий балмадаар хөнөөлгөсөн аав нь өнчирч хоцорсон хоёр хүүгийнх нь төлөө хэдэн жил гүйсэн. Одоо харин цөхрөө биз дээ. С.Шаарийбуу гуай охиныхоо 49 хоногоор буян үйлдэх үедээ “Миний охины амийг тийм аймшигтайгаар хөнөөсөн хэрэг нь тодорхой болсон Разак Багинда гэгчийг хамгаалах гэж шүүх, төр засаг нь хамаг чадлаараа ажиллаж байхад хохирсон иргэнийхээ төлөө Монголын төр яагаад чимээгүй байна. Бид шаардах бичгээ энэ сарын (2006 оны арванхоёрдугаар сар) 14-нд болох шүүх хурлын үеэр тарааж өгнө. Хэрэв алуурчны хэргийг үнэн зөв шийдвэрлэхгүй бол Малайзын тугийг заавал шатаана” хэмээн С.Шаарийбуу гуай манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байсан.
Уг нь түүнийг Малайзад “Арслан” хочоороо нэрд гарсан алдартай хуульч Карпал Сингх өмгөөлөхөөр болж байсан. Карпал Сингх нь тухайн үед Разак Багиндаг өмгөөлж байсан хүмүүсийн багш нь байсан гэдэг. Үнэнч шударгаараа нэртэй Карпал өмгөөлөгч хүртэл “Та нар хоёр хүүхдийн эх, энэ залуухан бүсгүйг тийм аймшигтайгаар алсан хэрэгтнийг өмгөөлж, ийм хэргээр хоолоо олж идэж байгаадаа ичихгүй байна уу? Би та нарт хичээл зааж байсандаа үнэхээр харамсаж байна” гэж хүртэл хэлж байсныг санаж байна.
Ийм том өмгөөлөгч нь манай иргэнийг хамгаалаад ч үр дүнд хүрээгүй нь уг хэргийг үйлдэгчид ямар их нэр нөлөө, холбоо сүлбээтэй болохыг харуулсан. Монголчууд Алтантуяагийн гэх хэргийг хэдийнэ мартчихаад байхад гаднынхан өнөөдрийг хүртэл уг хэрэгт санаа тавьсаар. Үүний нэгэн нотолгоо нь Канадын “Vancouversun” мэдээллийн сайтад энэ сарын 15-нд уг хэрэгт холбогдсон Нажиб Разакийн талаар мэдээлжээ.
Нажиб Разак эхнэр Росма Мансор, Монакогийн гүнж II Альберт, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын хүү Болатын гэргий байсан Майра Назарбаева болон Катарын Ерөнхий сайд Шейх Хамад Бен Асим Бен Жабар Аль Тани нарын хамт өнгөрсөн наймдугаар сарын 9-нд Монте Карлод болсон Исламын загварын шоун дээр явж байх үеэрээ Канадын сэтгүүлчдийн нүдэнд өртжээ. Тус сайтад мэдээлснээр “Өнөөдрийг хүртэл хэрэг нь илчлэгдээгүй Монголын иргэн Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт холбогдож явсан Малайзын ерөнхий сайд Нажиб Тун Разак юу ч болоогүй мэт явж байна.
Тэрбээр уг аллагаас гадна Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Францын байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэгчидтэй хууль бус зэвсгийн наймаа хийж, 114 сая евро буюу 160 сая долларын хахууль авсан хэрэгт холбогдож байсан юм” хэмээн мэдээлжээ. Талийгаач Ш.Алтантуяа нь Нажибын найз Абдул Разак Багиндагийн найз бүсгүй байсан нь түүний энэ хууль бус хэргийг үйлдэхэд боломж нээж өгсөн талаар мөн дурдсан байна. Түүнчлэн “Аллага үйлдсэн Нажибын бие хамгаалагчдын нэг нь уг хэргийг үйлдсэнийхээ хөлсөнд 100.000 ринггит буюу 36.000 доллар авснаа хүлээсэн бол нөгөө нь “Алтантуяа биднээс битгий алаач хэмээн гуйсан. Бас жирэмсэн гэдгээ хэлсэн. Тиймээс бид түүний цогцсыг дэлбэлсэн.
Эцгийг нь илчлэхгүйн тулд” хэмээн мэдэгдэж байсан. Хэргийг захиалж үйлдүүлсэн Абдул Разак Багинда ямар ч ял аваагүй бө- гөөд дуулианыг намжтал нэг хэсэг Британид амьдарсан юм. Гэвч энэ аймшигт хэрэг балрахгүй” хэмээн уг сайтад мэдээлжээ. Ийнхүү гаднын сэтгүүлчид өөрсдөд нь огтхон ч хамаагүй монгол иргэний талаар санаа тавьж байхад бид ор тас мартсан нь харамсалтай.
Өнөөдөр манайхан Б.Хурцын талаар шуугиж, иргэнээ хамгаалах гэж багагүй зүтгэж, бүх сонин хэвлэлээр ярьж, төрийн томчууд ч ихээхэн анхаарч буй. Хэрэв дөрвөн жилийн өмнө манай эрх баригчид харийн нутагт амиа алдсан иргэнийхээ төлөө олигтойхон анхаарал хандуулсан бол өнөө- дөр алуурчид нь ерөнхий сайд болчихоод, загварын шоу үзээд явахгүй байх ч байсан юм бил үү. Ийнхүү олны нүдэнд ил болоогүй хэдэн хэрэг гарсныг хэлж мэдэхгүй. Гадаадын оронд ор сураггүй болж, хэн нэгний гарт амиа алдаж байгаа хэчнээн монгол иргэн байгааг бид мэдэхгүй. Иргэддээ үнсэнд хаясан шалз шиг бүү хаяач, Монголын төр.
Жич: Талийгаачийн аав С.Шаарийбуутай холбогдсон юм. Тэрбээр энэ хэргийн хойноос явсаар үнэхээр туйлдаж цөхөрсөн нь мэдрэгдсэн. “Ах нь энэ хэргийг хаясан. Манай төр засаг, Засгийн газар, УИХ хүнийхээ төлөө нэг ч зүйл хийдэггүй. Хүнээ малаасаа дор авч үздэг ийм төртэй байгаад гутарч байна. Энэ нь саяын ЮНЕСКОгийн хурлаас авсан дүнгээс нь ч харагдана. Бүхэл бүтэн 16 жил хүний эрхийн тайлангаа өгөөгүй улс. Би яаж холбоо барихаа ч ойлгохоо байсан.
Тайландад байгаа ЭСЯ нь юу ч хийдэггүй. Жуух бичгээ бариагүй гурван жил болж байна. Эсвэл энэ хоёр орны Засгийн газар хоорондоо харилцан тохиролцож, авлига авч өгсөн ч байдаг юм уу, хэн мэдлээ. Эсвэл Монгол хүн ингээд амиа алдаж байх ёстой ч юм уу, мэдэхгүй.
Хүний эрхийн комисс нь ч юу ч хийдэггүй. Би тэдэнд олон удаа хандсан. Урдаас харин яах вэ гээд сууж байдаг. Манай хүн төвтэй төр, хүмүүнлэг ардчилсан нийгэм ийм л хариуцлагагүй байна даа” хэмээн С.Шаарийбуу гуай ярив.