2011
оны нэгдсэн төсөв, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын баримт
бичгийг боловсруулах ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцсэн УИХ дахь
АН-ын бүлгийн гишүүд өчигдөр цаг сунгаж хуралдлаа. Үдээс өмнөх
хуралдааны үеэр гишүүдийн дунд халуухан маргаан өрнөсөн учраас хэсэг
завсарласны дараа 17.30 цаг хүртэл хуралдсан байна.
Төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбоотойгоор С.Эрдэнэ удирдлагатайгаа санал зөрөлдсөн нь хурал сунжрах шалтгаан болсон гэнэ. С.Эрдэнэ “омогшиж” ядахдаа хэн нэгэнд гар хүрээд авсан гэх ч сураг дуулдсан юм. Гэвч тийм зүйл болоогүй. Дуугаа өндөрсгөж, гар зөрүүлэхээс наагуур маргалдах явдал манайханд зөндөө л тохиолддог гэж зарим гишүүн нь үгүйсгэв. С.Эрдэнэ Н.Алтанхуягт гар хүрсэн юм биш үү гэж Н.Батбаяраас асуухад, “Төсөв, “Эрдэнэийн хувь”-иас болж дуугаа өндөрсгөж маргалдсан.
Тэгээд учраа олсон. Аягүй гоё шийдэл олсон. Одоо нөгөөдүүлтэйгээ хэлэлцээрт орох гэж /МАН/ байна. Ямар ч зодоон болоогүй” гэв. Хэрвээ намын дарга болон С.Эрдэнэ нарын хооронд зодоон болсон шинж лав харагдсангүй. Н.Алтанхуягтай зөрж өнгөрөхөд ил “шарх” ажиглагдаагүйг бодоход эл мэдээлэл ташаа байж мэдэх нь. Өөр нэг гишүүний хэлснээр ямар ч зодоон болоогүй гэнэ.
Харин маргаан нь ширүүсэж, сэдвээсээ хальсан Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хооронд, “Чи Н.Энхбаярын гэрт нь очиж есөн удаа уулзаа биз дээ”, “Чи УИХ-ын гишүүнийг байтугай экс Ерөнхийлөгчийг тагнах эрхгүй шүү” гэх мэтээр өнөө л “асуудлаараа” дайралцсан гэх. Иймэрхүү юм болсны дараа гишүүд тайвширч бүлгийн хурлаа тараад Ч.Сайханбилэгийн өрөөнд хэсэг гишүүн үргэлжлүүлэн уулзалджээ.