Улсын хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар шинэчилсэн бүртгэлд 1.6 сая хүн хамрагдаад байна. 331 сум, 132 хороонд иргэдийг шинээр бүртгэж байгаа агаад 1.3 сая иргэний цахим мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газарт иржээ. Үүнээс 960 гаруй мянган хүний мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өгөв. Мэдээлэл нь зөрсөн 200 гаруй мянган хүний бүртгэлийг архивын цаасан баримттай тулган нягталж байгаа аж.
Зарим хүний нэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт очихгүй удаж байгаагийн учир нь энэ гэнэ. Харин нийслэлийн иргэдийн 85 хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Гадаадад суугаа болон ял эдэлж буй хүнээ хасвал 94 хувь нь бүртгүүлсэн гэсэн үг. Шинэчилсэн бүртгэл эхэлснээс хойш Иргэний баримтын архив 144.900 хүнд лавлагаа гаргаж, үйлчилжээ. “Шинэчилсэн бүртгэл явуулахад зориулж, 5.6 тэрбум төгрөг төсвөөс өгсөн. Үүнийг хурууны хээ авах төхөөрөмж авах, бүртгэлийн бэлтгэл хангахад зарцууллаа.
Гадаадад байгаа иргэдийг бүртгэх зардал үүнд ороогүй. Түүнийг 2011 оны төсөвт суулгасан. Манайх Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтарч, ирэх онд гадаадад суугаа иргэдээ бүртгэнэ” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Б.Баатарсайхан ярив. Улсын бүртгэлийн байгууллагын 70 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр болж Сэлэнгэ аймгийн харьяат улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй түрүүлж, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.