Сүхбаатар, Дорнод аймагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин газар авч Хэнтийд тархаад зогссонгүй Говьсүмбэрт гарсан байж болзошгүй тухай мэдээг холбогдох байгууллагуудаас ирүүлжээ.
Шүлхийгийн вирус хүйтэнд тэсвэртэй өвөл цагаар тархалт нь ихэсдэг учир шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм. Тиймээс нийслэл дэх малыг нэн даруй вакцинжуулах талаар ярилцахаар нийслэлийн Онцгой комисс хуралдав. ОХУ-аас 710 мянган тун литр шүлхийн вакцин захиалсан ч одоо болтол ирээгүй байна.
Харин Франц улсын шашны нэгэн байгууллага 200 мянган тун литр вакцин нийлүүлснийг нийслэлийн таван дүүргийн малд тарихаар болов. Эхний ээлжинд Бага нуур, Багахангай, Хан-уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн малыг вакцинцуулах аж. Уг ажилд дүүргийн ЗДТГ, мал эмнэлэг, Онцгой байдлын алба хяналт тавих бөгөөд Багахангайд мал эмнэлгийн үйлчилгээ явуулах эрх бүхий нэг, бусад дөрвөн дүүрэгт нь тус бүр гурван байгууллага байдаг. Тэдгээрээр шүлхийн тарилгыг хийлгэхээр болжээ.
Мөн ХААИС-ийн малын эмчийн ангийн оюутнуудыг онцгой байдлын хуулийн дагуу дайчлах тухай асуудал ч хурлын үеэр хөндөгдсөн юм. Өчигдөр дээрх вакциныг нийслэлийн Мал эмнэлгийн газраас таван дүүрэгт хуваарилав.
Улаанбаатар хотын Захирагчийн нөөцөөс шүлхийд зарцуулахаар баталсан 85 сая төгрөгөөр ОХУ-аас вакцин авч, үлдсэн дүүргүүдийн малд тарих аж.