Азийн
наадамд оролцож буй Монголын жүдочид өчигдөр гурван хүрэл медалиар
цуглуулгаа арвижууллаа. Жүдо бөхийн сүүлийн өдөр хүч сорьсон манай
дөрвөн тамирчны гурав нь хүрэл дээр буусан юм. Эмэгтэйчүүдийн хамгийн
хөнгөн буюу 48 кг-д зодоглосон залуу жүдоч Б.БатЭрдэнэ Тайланд,
Вьетнамын бөхчүүдийг цэвэр савж, хэсгийн аваргын төлөө гарч ирсэн.
Түүний өрсөлдөгч Японы Т.Фүкимо нь ДАШТ-ээс мөнгө, хүрэл, Дэлхийн цомын
цувралуудаас найман алтан медаль хүртсэн шаггүй бөх байв.
Манай хүн түүнтэй тун сайн үзэж, ганц юко үнэлгээгээр ялагдлаа. Улмаар дагах барилдаанд Казахстаны А.Подрядоваг цэвэр буулган, хүрэл медалийн эзэн болсон юм. +78 кг-д зодоглоод медалиас мултарсан гавьяат тамирчин Д.Цэрэнханд үнэмлэхүйд даагаа нэхэж, мөн хүрэл дээр буусан. Тэрбээр эхний даваанд гоц мөргөж, дараа нь Ардчилсан Солонгосын Сол Кюоныг цэвэр буулгажээ. Гэвч мөнгөн медалийн төлөө Хятадын Лю Хуан Янд иппоноор ялагдсан байна.
Хоёр бөх өмнө нь 2007 оны Парисын Дэлхийн цомд гар зөрүүлэхэд мөн л нанхиад жүдоч хожиж байжээ. Гэх дээ манай гавьяат хүрлийн төлөөх барил даанд Кыргызстаны Д.Кахароваг цэвэр буулгасан юм. Д.Цэрэнханд дөрвөн жилийн өмнө Дохад болсон Азийн наадмаас дээрх хоёр жиндээ мөнгөн медаль хүртэж байлаа. Эрчүүдийн үнэмлэхүй жинд зодоглосон улсын арслан Х.Мөнхбаатар муугүй барилдаж, эх орондоо ээлжит хүрэл медалийг авчирсан.
Тэрбээр эхлээд Кувейтийн А.Сад Албусиригээр бие халаалт хийн, юко үнэлгээгээр хожсон. Гэвч дараа нь Японы К.Такахашид иппон буусан байна. Харин дагах барилдаанд Туркменистаны Х.Сахатаов, Хятадын Ван Хао нарыг цэвэр шидэж, Азийн наадмаас анхны медалиа авсан юм. Эрчүүдийн хамгийн хөнгөн жин 60 кг-д манай залуу жүдоч Д.Амартүвшин улсаа төлөөлөн оролцсон.
Манай хүн гараагаа сайхан эхэлж, Тажикистан, Казахстаны жүдочдыг дараалан сөхрүүлсэн. Харамсалтай нь бүсийн аваргын төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Японы Х.Хираокад цэвэр ялагдлаа. Улмаар медальтай үлдэх эсэхээ шийдэх сүүлийн барилдаанд Хятадын Ламусид юкогоор ялагдан хоосон хоцорсон юм. Ийнхүү Азийн наадамд 16-уулаа зодоглосон манай “цагаан өмсгөлтнүүд” нэг мөнгө, таван хүрэл медаль авсан амжилттай тэмцээнээ дуусгав.
Дөрвөн жилийн өмнө хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл авч байсантай харьцуулахад энэ нь чамлалттай үзүүлэлт билээ.