ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын хөрөнгө санхүүгийн урсгалыг тодорхойлох тайланг манай улс анх удаа гаргав. НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн захирал Мишель Сидибэ өнгөрсөн жил манай улсын Засгийн газарт албан тоот илгээсэн байна.
Үүний дагуу 2009 оны арванхоёрдугаар сараас энэ оны гуравдугаар сарын хооронд ХДХВ/ ДОХ-той тэмцэх ажлын үндэсний тайлангийн судалгаа хийжээ. Ийм тайлан гаргаснаар ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажилд зориулж буй хөрөнгийг зөв зарцуулж байгаа эсэхийг нягтлах боломж бүрдэх юм.
Тайлан гаргах ажлын хэсэг Эрүүл мэндийн яамтай хамтран есөн яам, 21 аймаг, нийслэлийн бүх дүүрэг, I, II, III шатлалын эмнэлгүүд, олон улсын 15 байгууллага, төрийн бус 100 орчим байгууллагаас асуумж авч, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, ДарханУул, Төв, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, зарим ТББ, олон улсын байгууллагад ажиллажээ.
Улсын хэмжээнд ХДХВ/ДОХтой тэмцэх ажилд 2008 онд 5.25 сая, 2009 онд 6.87 сая төгрөг зарцуулсан байна. Энэ хөрөнгийн 30 хувийг улсын төсвөөс, 68 хувийг олон улсын донорууд, хоёр хувийг хувийн хэвшлийнхэн гаргаж, зарцуулжээ. Нийт хөрөнгийн 53 хувийг урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд, 33 хувийг хөтөлбөрийн удирдлага зохицуулалтад, долоон хувийг эмчилгээ үйлчилгээнд, үлдсэн таван хувийг хүний нөөц, нийгмийн халамж дэмжлэг, судалгаа шинжилгээнд зориулжээ.