С.БАЯРЦОГТ: Иргэн бүрт 21.000, оюутнуудад 500.000 төгрөг өгөх боломж бий
Уншсан 7809 vote 0 2010.11.10 11:51:12Ирэх
оны улсын төсвийн төслийг Засгийн газарт буцаах шийдвэрийг УИХ-ын
даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан. Энэ талаар Сангийн сайд
С.Баярцогтоос тодрууллаа.
-Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар татаж авахаар болсон. Шалтгаан нь юу байв?
-Одоогийн төсөв 1990 оны төрийн ажил үйлчилгээг хүргэдэг зохицуулалтаар явж байгаа. Гэтэл Монгол Улс хөгжлийн цоо шинэ шатанд ирээд байна. Улсын төсвөөр дамжуулж хөрөнгө оруулалтаа шийдэх үү, шинэ бүтээн байгуулалтаа санхүүгийн өөр механизмаар шийдэх үү гэсэн зааг дээр ирээд байна.
Мөн үүнийг энэ оноос, эсвэл ирэх жилээс хэрэгжүүлэх үү гэсэн сонголт бий. УИХ, Засгийн газар төрийн ажил үйлчилгээ хүргэдэг болон хөгжлийн төсвөө энэ жилээс эхлүүлэх ёстой, хугацаа алдаж болохгүй гэж үзсэн. Зохион байгуулалт, бүтцийн олон асуудал хэлэлцэх шаардлагатай болж буй юм.
-УИХ дахь АН-ын бүлэг төсвийн орлого 800 тэрбум төгрөгөөр дутаж байгаа. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн урьдчилгаа төлбөрөөс орлого олохоор тусгасан нь баталгаатай биш, тодорхойгүй гэж шүүмжилсэн…
-Хүний хөгжил сангийн тухай хуулийн орлогыг маш тодорхой хуульчилчихсан шүү дээ. Ногдол ашиг, нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, өөрийн орлого, стратегийн орд газрыг ашиглахтай холбоотой зээл, урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгээс орлого нь бүрдэнэ гээд заачихсан. Одоогийн байдлаар уг сангаас 805 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа. Нийт орлогын хэмжээ 320 тэрбум, санхүүжүүлэх эх үүсвэр нь 160 тэрбум төгрөг байна. Хүний хөгжил сангийн өөрийн ор лого 30 тэрбум, Оюутолгойн гэрээгээр 100 сая доллар, нийт дүнгээр 480 тэрбум төгрөг бэлэн байгаа.
Одоо Тавантолгой дээр хоёр төрлийн хэлэлцээр хийж байна. Эхнийх нь уг ордыг хоёр хуваагаад нэг хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж, тодорхой гэрээ, хэлэлцээр хийж буй. Санхүүгийн таван байгууллагаас тодорхой санал ирүүлсэн. Нөгөө хэсэгт гаднын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр хийж байна. Долдугаар сарын 5-нд баталсан 39 дүгээр тогтоолын дагуу хэлэлцээрийн нөхцөл өөрчлөгдсөн.
Олон компаниас нэгийг нь сонгохоор байсан бол өөрчлөлт оруулаад нэгдсэн нэг консерциум байх ёстой гэсэн. Тиймээс уг ордыг сонирхож байгаа 11 компанийн удирдлагатай уулзаад “Та бүхэн нэгдэж, консерциум байгуулах хэрэгтэй” гэсэн санал тавьсан. Үүний дараа үргэлжлүүлэн ярина. Тиймээс урьдчилгаа төлбөрийн тухайд асуудал байхгүй, орж ирнэ.
-Ирэх онд иргэн бүрт сард 21.000 төгрөг, оюутнуудад 500.000 төгрөг өгөх боломжтой гэсэн үг үү?
-Боломжтой.
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газар хэзээ УИХ-д өргөн барих вэ?
-Хэлэлцээрийн явцаас л хамаарна. Компаниуд консерциум болж нэгдэх ёстой болсон нь гол хүндрэл болоод байна.