Амлалт нэхэх ард түмний холбоо (АНАТХ)-ноос өнгөрсөн жил УИХ-ыг
тараах, 1.5 сая, нэг сая төгрөгийн амлалтаа биелүүлэхийг намуудаас
шаардаж улс төрийн суулт зарласан билээ. Нэлээд хэд хоносны эцэст тэд
УИХаас байгуулсан Ажлын хэсгийнхэнтэй тохиролцож өлсг өлөнгөө зогсоосон.
Тэгвэл УИХ-ын ажлын хэсэг тухайн үед байгуулсан санамж бичигт тусгасан есөн зүйлээ биелүүлээгүй аж. Үүнийгээ яаралтай биелүүлэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ тэд өчигдөр мэдэгдэв. Нэг ёсондоо өлсөгчид УИХ-д “хулхидуулснаа” ойлгожээ. Энэ талаар тус холбооны тэргүүн Д.Батцогт “Тохиролцсондоо УИХ хүрсэнгүй. Харин ч биднийг мөнгө авч өлсгөлөнгөө зогсоосон мэт ойлголтыг нийгэмд төрүүлсэн.
Тиймээс амласнаа биелүүлэхийг Д.Дэмбэрэл даргаас шаардаж байна” гэв. Хэвлэлийн хурлаа тэд ҮШН-тай хамтарч хийсэн юм. ҮШН, АНАТХ-ныхон Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаад иржээ. Орон нутагт амьдрал маш ядуу, малчид өр зээл ихтэй байгааг үзсэн тэд банкинд өртэй хүмүүсийн бүртгэл, судалгаа хийхээр болсон аж.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд молибденийн томоохон орд илрүүлж, улмаар уулыг “там” болгож хувиргасны ард УИХ-ын гишүүн, эрх мэдэлтэн байгаа гэнэ. Эзнийг нь тэд илрүүлээд олон нийтэд мэдээлэх нь. Мөн АНАТХ 1.5 сая төгрөгийн амлалтын хэрэгжилт төдийгүй гишүүн бүрийн тойрогтоо амласан зүйл биелсэн эсэхийг нягтлах гэнэ.
Оюутнууд тэтгэмжээ, малчид өрөө барагдуулахыг, иргэд бэлэн мөнгөө нэхэхийг тэд уриалав. Одоогийн тэмцэлд нь БНН, “Тусгаар тогтнол”, “Монгол Улсын төлөө зүтгэе” зэрэг хөдөлгөөн хамтрахаа мэдэгджээ.