Монголчууд
ирэх онд үндэсний тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90, Хүннү
гүрэн байгуулагдсаны 2020 жилийн ой гээд олон тэмдэглэлт ойтой золгоно.
Манай улсын тусгаар тогтнол, нийгмийн шинэчлэлд томоохон хувьсал
авчирсан 1911, 1921, 1990 оны үйл явдлууд бидний нэрлэж заншсан Ялалтын
талбайд болж байсан.
Тиймээс уг талбайг 2010 онд “Тусгаар тогтнолын талбай” хэмээн нэрийдэж, нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр тохижуулсан билээ. Тохижилтын эхний хэсэг дууссанаар монголчууд бид тусгаар тогтнолоороо бахархах талбайтай боллоо. Тусгаар тогтнолын талбайн нээлт өчигдөр болж Ерөнхий сайд С.Батболд, нийслэлийн удирдлагууд оролцлоо.
Чингэлтэй дүүргийн иргэн, ардын уран зохиолч Т.Галсан “Эрх чөлөө бол бидний эдэлж буй том аз жаргал, энх тунх, эрхэмсэг оршихын шалтгаан. Бид тусгаар тогтносон ард түмэн. Тусгаар тогтносон улс. Өнөөдөр зөвхөн нийслэлчүүд биш Монголын ард түмэн тусгаар тогтнолын талбайтай боллоо. Эвтэй найртай, энх амгалан, жаргалтай байх ёстой гэж бодож байна” хэмээн нээлтийн үеэр хэллээ.
Хөвсгөл, Говь-Алтай, Төв аймгаас сонгон авчирсан эх орны байгалийн чулуугаар тохижуулсан уг талбай орчин үеийн шийдэл бүхий усан оргилуур, гэрэлтүүлэгтэй. Эрх чөлөөний төлөө тэмцэж явсан үе үеийн баатруудад зориулсан хөшөөг ирэх онд ашиглалтад оруулах аж.