Сүүлийн үед Эрээнд байгаа Монгол хүүхдүүд ганц нэгээрээ алга болох болсон гэнэ. Энэ сарын 15-нд Эрээн хот дахь нэгэн зочид бууддаас хоёр Монгол хүүхэд алга болжээ. Сандарч тэвдсэн ээж нь хотын Цагдаагийн хэлтэст очиж мэдүүлтэл “Сүүлийн үед Монгол хүүхэд алга болсон талаар танай нэлээд хэдэн хүн хандсан. Хүүхдээ сайтар харж байхгүй яасан юм” хэмээн уурссан байна.
14-18 насны хоёр хүүхдээ хоёр өдөр хайсан боловч олоогүй байгаа гэнэ. Урд хөршөөс бараа зөөвөрлөдөг наймаачдын хэлж буйгаар “Сүүлийн үед зочид буудлаас хүүхэд алга боллоо гэх хүмүүс олширсон. Зарим нь унтаж байхаар нь өрөөндөө цоожилчихоод захаар яваад ирэх хооронд алга болсон байсан гэж ярьж байсан. Цагдаад хэлэхээр тоодоггүй гээд л уйлж яваа хэд хэдэн хүнтэй Эрээнд таарсан” гэв.
Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотой урд хөршийг зорих хүмүүс олширсон билээ. Хичээлийн хэрэгсэл, хувцас бэлдэхээр эцэг, эхээ даган хилийн дээс алхсан зарим хүүхэд ийн хүний нутагт алга болох болсон гэнэ.