Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Монгол улсын нэрийн өмнөөс:” Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан иргэн Батыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу 6 жил найман сар жирийн дэглэмтэй хорих ангид хорьсугай...” гэсэн шүүгчийн хатуу чанга үг хөврөөд л байлаа. Ямар зүйл ангиар яллаж байгааг тэр мэдсэнгүй, мэдэхийг ч хүссэнгүй. Түүний чихэнд 6 жил найман сар гэсэн үг л хадаад болдоггүй. Шүүхийн хаалгаар гарахдаа тэр нөхөрлүүгээ сүүлчийн удаа харлаа. Нөгөө л дулаахан харц, энэрэл гуйсан хар нүдийг нь хараад Гэрлээ Батруу очих гэж хоёр алахсан ч, хэзээ ч итгэл дааж байгаагүйг нь бодоод буцлаа. Гэрлээ Баттай суугаад 15 жил болж байна. 15 жил... Уртаас урт хугацаа. Гэхдээ тэр Баттай дөнгөж зургаан жил л хамт амьдарч, үлдсэн хугацааг нь Бат шоронд, Гэрлээ гэртээ хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн. Анх түүнийг найман жил сонсоход Гэрлээ нулимсаа ширгэтэл уйлж, нөхрөө өмөөрч “Залуу хүн алдаа л биз” хэмээн өөрөө өөрийгөө тайтгаруулж байсан. Таван жил зургаан сар суучихаад гарч ирэхэд түүний амьдрал шинээр эхэлж байх шиг л санагдан, хөл нь газар хүрэхгүй баярлаж байлаа. Удсан ч үгүй дахиад хулгайн хэргээр таван жилийн ял сонсоход тэр “Тэвчинэ дээ. Хүүгээ бодоод тэвчинэ. Эр нөхрөө, хүүгийнхээ эцгийг хүлээж байгаад сайхан амьдарч болох л байлгүй. Залуу насаа шоронд өнгөрөөсөн хүн гарч ирээд засрах байлгүй гэж итгэсэн. Нөхрөө дөрвөн жил гаруй шоронд суухад Гэрлээ хоол цай бариад л гүйдэг байлаа.Ганц хүүгээ тэжээх гэж, гэр орноо өөд татах гэж тэр зогсоо зайгүй гүйсэн. Сүүлийн үед зүрх нь өвдөж, үе үе амьсгал нь давхцан ухаан балартах шахдаг байсан ч тэр “Бат гараад ирнэ. Ухаан сууна. Ганц хүүгээ харж хандана, би биеэ эмчлүүлчихнэ” гэдэг асар том итгэлээр л амь зогоож байсан хэрэг. Гэтэл өнөөдөр дахиад л ял. Шүүхийн хаалгаар гарч ирэхэд бороо цутгаж байлаа. Хүмүүс борооноос дайжин нөмөр, халхавч хайж байхад Гэрлээ усан бороо зүсэн гэрлүүгээ алхав. Тэнгэр түүний сэтгэл шиг бараан үүлээр зангирч, харуусал, гомдлын нулимс бороотой хамт хацрыг нь эсгэн урсаж байлаа. Халуун нулимс, хүйтэн борооны дусал нүүрийг нь яг л зурж байх шиг санагдаж байсан ч тэр сэтгэлээ онгойтол уйлахыг хүсэж байв. Зүрх нь яг л дэлбэрэх шахаж байгаа юм шиг оволзож, цээж нь хөндүүрлэн амьсгал авахад ч хүнд байсан ч тэр гэрлүүгээ алахсаар... Хичнээн удаан алахсан юм бүү мэд. Гэрт нь борооны чийг ханхалж, хүйт даан зэврүүн байсан ч тэр шууд л орон дээрээ унаад өгөв. Нөгөө хань ижилтэйгээ сайхан амьдрах, биеэ эмчлүүлэх, хүүгээ авгай авч, ачийн зулай үнэрлүүлэх сайхан мөрөөдөл нь ус болон асгарчихаж. Одоо түүнд асгарч, газарт шингэж байгаа хүсэл, мөрөөдлөө хамж авах тэнхээ үлдээгүйг сая л ойлгов. Баттай сууснаас хойш Гэрлээ түүнтэй хамт яллуулж, түүнтэй хамт ял эдлэж байж. Шүүгчийн хатуу чанга хахир хоолой, хянагч нарын доог тохуу, хохирогчийн үзэн ядсан харцыг тэр 10 жил туучиж гарсан. Гэхдээ тэр хэзээ ч Баттай нийлж танхайрч, зодоон цохион хийж, хулгай хийж байгаагүй. Харин ялыг нь хамт үүрч байсан байх юм. Бие нь дагжин чичирч байсан ч Гэрлээ өндийж босоод үзэг цаас авлаа. “Монгол улсын дээд шүүхэд нэхэмжлэл гаргах нь: Энхцэцэг овогтой Гэрэлтуяа миний бие иргэн Баттай ханилж 15 жил болж байна. Энэ хугацаанд Бат 9 жил найман сарыг шоронд өнгөрүүлсэн. Миний залуу нас, сайн сайхан амьдрал түүнтэй хамт бас л шоронд өнгөрсөн. Тиймээс би иргэн Батаас өнгөрч одсон цаг хугацааг, бас залуу насаа, хүүгийнхээ аз жаргалтай амьдралыг нэхэмжилж байна” хэмээн цаасан дээр биччихээд цурхиртал уйллаа. Маргааш өглөө нь хүү нь ирж, бие нь муудаж, туйлдаж ядарсан ээжийгээ эмнэлэгт хүргэсэн ч Гэрлээ сэхсэнгүй. Нулимс, бэх хоёрт халтардаж шарласан цаасны буланд “Муу хань цаг хугацаа, залуу насны хулгайч байдаг юм байна” хэмээн тодоос тод бичиж үлдээсэн байсныг хүү нь хэнд ч үзүүлсэнгүй.