Эцэг эхээс заяасан хорвоог тольдох нүд хэмээх гайхамшигт ертөнцөөр нь тухайн хүнийг тодорхойлж болдог. Тиймээс ч нүдийг хүний сэтгэлийн толь гэдэг. Энэ үүднээс ч ихэнх хүмүүс шинэ танилынхаа нүдийг эхэлж хардаг.....
Энэ нь тухайн хүнээ таних хамгийн анхны алхам гэж болно. Хүний нүд том, жижиг гээд хэмжээгээр янз бүр байдгийн адил хар, бор, цэнхэр зэрэг өнгө нь ч өөр өөр байдаг. Том, алаг нүд нь нинжин сайхан сэтгэлтэй, зохион байгуулах чадвартай, манлайлах авьяастай, хүнийг хайрлаж чаддаг хүнд заяадаг. Энэхүү том нүдний зовхи үрчлээтэй бол захирах дуртай хүний шинж. Харин жижиг, жартгар, тогтворгүй нүдтэй хүн зальтай бас овсгоотой байдаг гэдгийг хүмүүс андахгүй мэднэ. Мөн жижиг нүд нь зожиг, зөрүүд, бардам занг илэрхийлдэг байна. Тэгвэл жижиг хар нүдтэй хүн ухаалаг, уран цэцэн үгтэй, хүнийг өөртөө татах чадвартай байдаг. Онигор, хөнхөр нүд нь дотуур тамиртай, ажаа жөтөөт зантай хүнийг илтгэдэг. Ер нь ийм нүдтэй хүмүүс хар хэл ам дагуулсан, шунахай, бусдад итгэдэггүй муу хүмүүс байдаг учраас сайн анд, нөхөр байж чаддаггүй. Хэлбэрээр нь ингэж шинждэг бол одоо өнгөөр нь хэрхэн сонждогийг сонирхъё. Хар, хүрэн, ногоон өнгөтэй нүд нь амьдрах чадвар сайтайн баталгаа болдог байна. Харин цэнхэр нүдтэй хүмүүс сайхан санаатай, эмзэг сэтгэлтэй, хүний үгэнд автахдаа амархан. Ичимхий, хэт даруухан хүнийг цайвар хүрэн, тайван, тогтуун зантай хүнийг хөх туяатай, ажлаас хойш суудаггүй хүнийг хүрэн, тусч нөхөрсөг хүнийг саарал өнгөтэй нүд илтгэдэг. Нүд нь хүний зан чанарыг тодорхойлохоос гадна ямар нэг өвчин зовиуртой эсэхийг ч мөн харуулдаг байна. Нүдний цагаан нь шарласан, улайсан эсвэл хөхөрсөн байвал дотор эрхтний өвчтэйн илрэлээс гадна сэтгэл санаа тавгүй, хэвийн бус байна гэсэн үг. Ийнхүү хүний амьдралын баяр баясал болон гэрэлтэж байдаг нүд хэмээх өвөрмөц, бяцхан дэлхий нь найз нөхрөө, хань ижлээ танихад хамгийн үнэнч туслах болдог байна.