Сангийн яамнаас боловсруулж, Засгийн газраас оруулж буй байдлаас харвал хүүхдийн мөнгийг сард нэг хүүхдэд 20 мянган төгрөгөөр бодож улсын төсөвт суулгахаар болжээ. Ингэснээр Засгийн газрын зүгээс иргэдийн сар бүрийн орлогыг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгөний хэмжээг бодит утгаар нэмэгдүүлсэн гэж үзэх болно. Цаашлаад энэ нь монголчуудын хүн амын өсөлтөд хүүхдийн мөнгөний бодлого тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж эрх баригчид үзэж байгаа ажээ.
Улиралд 25 мянга, сар бүр 3000 төгрөгийн мөнгөн тэтгэмж авч байсан хүүхдүүд тодорхой хугацааны турш орлогогүй болсон. Түүнийг нь Засгийн газар олон толгойн ордын хувьцаа хэлбэрээр сар шинийн баярын өмнөхөн 70 мянган төгрөг болгож дүрийг нь өөрчилсөн.
Гэвч бодит амьдралд дэм үзүүлж байсан хүүхдийн мөнгө ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжих үү, эсвэл төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй адилхан ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн авах уу гэдэг таавар үлдэж байна. Ямартай ч Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, "мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын саналаас Монголын хүүхдүүдийн хувь заяа шийдэгдэх нь ээ.