Монголчууд маань олноороо гадагшаа гарч ажиллаж, сурч, "ажилгүй ч" амьдрах болсон өнөө цагт Эх орноо ичихгүй муулах хүмүүстэй цөөнгүй таарах юмдаа.
Хүн төрж өссөн газар нутгаа хайрлаж, хүндэлж, муулах гэсэн этгээдээс хамгаалж, харамлаж явах учиртай юм. Монгол хүн болж төрснөөрөө бид бахархаж, хэний ч өмнө "БИ МОНГОЛ ХҮН" гэж бардам хэлж амьдрах ёстой. Бахархаж бардамнана гэхээр "Цэнхэр хошноготой Чингисийн удам" гэж цээжээ дэлсэх арай биш юмаа.
Чингисийн удам болохоор л аяндаа бүх юм нь бүтээд сайхан амьдарчихна гэж үгүй, 2 хужааг цааш нь харуулаад хорвоод босгох тоосны хэмжээ чинь өөрчлөгдөхгүй. Тиймээс бид үнэхээр Монгол гэдгээрээ бахархаж амьдрая гэж бодвол өөрсдөө л хичээх хэрэгтэй юм. Монгол улс цааш оршихуу эс оршихуу, хөгжихүү уруудахуу гэдэг зөвхөн биднээс л хамаарна.
Саяхан Шведэд хэд хонгоор яваад ирэхэд ийм л юм ажиглагдлаа. Техник технологийн хурдацтай хөгжил ажиглагдахгүй ч ХҮН гэдэг зүйлийг маш өндөрт тавьж хүнийхээ төлөө юм хийж ирсэн нь энэ орны хөгжлийн түлхүүр болжээ гэсэн дүгнэлт хийсэн.
Тэд хүн болгоноо ажилтай байлгахын төлөө, ажилтай хүмүүс нь амьдралдаа хангалттай цалинтай байхын төлөө, ажил хийж амьдарсан хүмүүстээ тэтгэврийг нь өгдөг байхын тулд л төр засаг бодлогоо явуулж, түмэн олон хичээж амьдарч байгаа харагдана.
Миний амьдрарч байгаа төв болон зүүн европын хэдийг бодвол амьдралын төвшин өндөр, чинээлэг байна, түүнийгээ дагаад хүмүүсийн соёл, боловсрол, харьцаа хэдэн арван жилээр түрүүлээд явчхаж. Зөвхөн Чех, Швед (баруун зүүн европ) 2-г харьцуулахад ийм л зөрүү харагдаж байна. Иймд Шведийг Монголтой харьцууламгүй санагдлаа. Орчин үеийн техник технологи Монголд нэг үеэ бодвол цаг алдалгүй орж хэрэгждэг болсон өнөө цагт магадгүй бид ХҮНий хөгжил, ёс суртахууны хүмүүжил дээр дэндүү их алдаж хоцрогдоод байна уу даа!.
Хүний увайгүй, шунахай, мэдлэг боловсролгүй, арчаагүй, залхуу зан байдлаас болж Монгол улс дэндүү их хохирол амсаж, хөлдөө хүнд туухайтай хүүхэд шиг зүтгээд байгаан бишүү?
Дээр үед баячууд зугаа цэнгэлээ олж ядан хүүхдүүдийг багаас нь эрэмдэг зэрэмдэг болгож, энд тэнд нь дөнгө зүүж хадсанаар тэд нас бие гүйцэхдээ үзэшгүй муухай, үзэн ядах сэтгэлээс өөр зүйлгүй амьд үхдэл болдог байж.
Ийм амьд үхдэл болохгүйн тулд хүн болгон хичээж, өөрсдийн амьдралаа дээшлүүлэхийн төлөө сурч ажиллах хэрэгтэй байна.
Зөв амьдрахын төлөө толгойгоо байг гэхэд гар хуруугаа ч хөдөлгөхгүй хирнээ эх орноо хараан муулж суух мунхагууд олширсон болтой.
Нэг жишээ дурдъя:
Чехд цагаачлахаар ирсэн Монгол улсын иргэний мэдүүлэг
Орчуулагч: Аав ээжийн амьдран сууж буй хаяг?
Цагаачлагч: Аавыг мэдэхгүйшд, ээж одоо хөдөөнөө л байж л байгаа байхдаа зайлуул...
Орчуулагч: Яагаад цагаачлах болсон шалтгаан?
Цагаачлагч: Монгол балиаршд, балиар газар хүн амьдрахын арга байхгүй, хүмүүс нь балиар... (Хэрээ мэдэхгүй хэгжүүрхэнэ..)
...
Орчуулагч: Монгол хэл дээр өргөдлөө бичдээ
Цагаачлагч: Би бичиж чадахгүйшд...
Байцаагч: Монгол хэлээр өргөдөл бичиж өгөх чадваргүй гэж хавтас хэрэгт хавсаргав.
Иймэрхүү арчаагүй байдалтай, хулгай сэлгий хийсэн хүмүүс европоор нэлээн их байнадаа. Гэтэл үнэхээр ажил хийж мөнгө олон амьдралаа дээшлүүлье гэсэн бодолдоо хөтлөгдөн увайгүй луйварчдад итгэн ажил амьдрал гэр бүлээ орхиод ирсэн хүмүүс ч байх. Европт 1000 Еврогийн цалинтай ажилд оруулж өгнө гэсэн заранд итгэн, байраа зарж, зээл тавин ирээд цагаачийн газраас өөр орох оронгүй болсон хүн ч байна.
Ийм амьдрал туулсан Швейцарын шоронд хоригдож буй нэг бүсгүйн захианы хэсгээс:
Орчуулагч бүсгүй явчихсаныг ч хэлэх үү юу ч ойлгохгүй дүр эсгэн мөрөө хавчаад суулаа. Yг л дуугарвал уйлчих гээд байна. Баримал шиг гөлийсөн хүүхэн хараад байцаагчийн тэсвэр барагдаж буй бололтой. Болдогсон бол цохиод авах юмсан гэсэн хүсэл нүдэнд нь илхэн.
Машинд суухаар дөхөхөд байцаагч «Дотор чинь муухай оргино доо» гээд бөөлжих дүр үзүүлэн дооглоод «Чингисээсээ өөр бахархах юмгүй тэнэг амьтад» гэж тавлаад, тохуутайгаар инээлээ.
Хэлгүй «малтай» яаж ч харилцсан яахав гэж бодоо биз. Яах вэ дээ намайг басамжилж, доромжилж болно. Харин эх орныг минь гутаахыг сэтгэл, зvрх зөвшөөрөхгүй. Зангираад байгаа нулимсаа дотогш нь залгилаа.-Herr vorsitzender. Ich Freue mich sie kennengelernt zu haben (Ноён даргаа, би таньтай танилцсандаа их баяртай байна) гэж өөрийнхөө хэмжээгээр цэвэрхэн хэлэхийг хичээлээ. Байцаагчийн нүд томроод Sprechen du deutsch? (Чи германаар ярьж байна) гэж байна.-Ja ja naturiliсh! (тийм тийм тэгэлгүй яахав)-Байцаагчийн ам дахиад «ангалзах нь». Бодвол бичиг баримтаа нэхэх биз.-Verzeihung Ich muss gehen. Resht nerzlichen dank fur den rat (Уучлаарай би явах боллоо. Таны зөвлөсөнд их баярлалаа).Дахиад л ам нь хөдөллөө. Боломж өгсөнгvй.-Ich danke Ihnen fur der warmen Empflang. Mir keine zeit. Gute reise (Таны халуун дотно хүлээн авсны төлөө талархал илэрхийлье. Надад цаг алга. Замдаа сайн яваарай) гээд бардамхан алхаад машины урд камерын хаалга руу дөхлөө. Чингисийн удам арчаагvй явахыг би хүсэхгvй. Жолооч, байцаагч хоёр их л зэвүүцэж буй бололтой...
Хэдийгээр энэ бүсгүй харь газар цагаачлал гуйгаад явж байгаач эх орноо доромжлуулахыг тэвчсэнгүй. Хүн болгоны дотор ийм л эх оронч хүсэл эрмэлзэл, бардамнал оршиж байх хэрэгтэй юм.
Монголд байгаа хүмүүс гадаадад гарсан нэгнийгээ "Боолын хөдөлмөр хийсэн юмнууд" гэж хэлэх нь түгээмэл ажиглагддаг. Үнэндээ бол боолын хөдөлмөр гэж юуг хэлээд байгаан? Бүх хүн дарга, менежер, мэргэжилтэн байх ёстой юмуу. Цэвэрлэгч, угаагч хийгээд ч гэсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд сэтгэл хангалуун хүүхдүүдээ сургуульд сургаад явж байгаа хүн байна.
Тухайн орны их дээд сургуулийг төгсөөд тэдэнтэй эн зэрэгцэн ажиллаж байгаа инжинер, банкир, менежер, эрдэмтэн, эмч, багш нар ч олон байна.
Эдгээр хүмүүс нэг зүйлээр холбоотой байдаг, тэр нь Монголоо гэсэн сэтгэл юм.
Монгол улсынхаа төлөө зүтгэнэ гэхээр заавал төрд орж түмэн олондоо хандив өргөх явдал биш юм. Өөрийгөө болон гэр бүлээ хүний дайтай аваад явж байгаа нь цаашдаа Монгол улс хөгжин мандахын суурь үндэс болох юм шүүдээ.
Монголоо гэсэн сэтгэлтэй, зөв төлөвшсөн хүмүүс олон байж,
Төрийн минь сүлд өршөөн түмэн олон минь амгалан байх болтугай!