Moderator: mgl_300
Яаралтай хэрэг болоод байна,боломж байвал оруулж өгөөч,эсвэл хаанаас ямар сайтнаас олж болохыг зөвлөөч.Мөн энд байдаг монгол номын сангийн утсыг мэдэх хүн байвал хэлж өгөөч,баярлалаа.
Цам гэж юу вэ
Хүнд өөрөөс нь буюу
хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир
шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах билгэдэл утгатай нууц тарнийн ёсны
очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид
нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил
хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл
байжээ.
Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам
нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц
тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс
гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд
залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой
болжээ.
Цамыг цамнахдаа биеийг ганхуулах, сэгсрэх, тэргүүнийг зүг зүгт
эргүүлэн сэжих; мутрын олон хөдөлгөөн хийх; хөлөөр харайх, дэвслэх,
алхах, цамнах зэрэг хөдөлгөөнийг хийдэг. Хөдөлгөөний эрч хүч, аяс
намбаар инээх, хилэгнэх, аврах, тонилгох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг
илэрхийлдэг. Цам харайж байх үед линга эвдэх, сор балин гаргах, жахар
залах зэрэг нууц тарнийн зан үйл үйлдэн, уншлага (хэлээр) урилга явагдан
бясалгал үйлддэг байна.
Цам нь биеийн төгөлдөр хөдөлгөөнөөр сэтгэлийн
хөдөлгөөний илэрхийллийг гарган, сэтгэлийн тэнхээгээр бурхад хийгээд
сүсэгтнийг нэгэн үзүүрт сэтгэлд барин, нууц тарнийн бясалгалын хүчээр
элдэв гай тотгорыг зайлуулан БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ гурвын цогц урыг төгс
гүйцээн бүрдүүлдэг тул гадаад (иргэний), дотоод (шашны), нууц (тарнийн)
агуулгатай ажгуу.
Цамын тухайн дүр бүр урин дуудах, адислах, хөөн
тонилгох зэрэг тухайн дүрийн онцлогийг илэрхийлэх хөдөлгөөнийг яв цав
тохирсон хөгжмийн аялгуу дор хийдэг. Цамчид их бага алхалтаар дайсны
орон сууринг чичрүүлэн доргиох, нураах эвдлэх санаах харуулдаг бол
харайлт эргэлтээр дайсныг хууран мэхлэх, хөөн гүйцээд хороон устгах утга
гарна. Догшидын эрэмбэ өндөрсөх тутам тэдний хөдөлгөөн улам удаан
намбалаг, сүрлэг болдог байна.
Цамын дотоод агуулгыг
тайлбарлахыг оролдсон гурван хувилбар байдаг: Үүнд; нэгдүгээрт, Эрлэгийн
эзний дүрд тулгуурласан хамгийн түгээмэл хувилбар нь хойд насанд бурхад
энгийн сүсэгтэн олонд ямар дүрээр залран үзэгдэхийг дүрсэлсэн гэнэ.
Хоёрдугаар тайлал нь цам буруу номтонг хөнөөн дарж, бурхны сургааль энэ
дэлхийд ялж төгсснийг илэрхийлж бурхад хүмүүний ертөнцөд заларч буйг
харуулдаг гэнэ. Гуравдугаарт, цам бурхны шашныг устгахаар завдаж байсан
Ландарм хааны үхэл зэрэг түүхэн үйл явдлыг жүжиглэн харуулдаг гэжээ.
Монголд Жахар цам 1811
онд Их Хүрээнд анх тавигдсанаас хойш 1937 он хүртэл 127 удаа гарсан
байна. 1999 онд Хүрээ Цам хуучин дэг жаягаараа дахин сэргээгдэн
Улаанбаатар хотын Гандантэгчилэн хийдэд гарсан билээ. Манай Монголд цам
олон сэдвээр гардаг байсан бөгөөд зөвхөн бурхны шашны сургаал ялан
төгссөн тухай өгүүлдэг байсангүй. Ер нь хүмүүний
сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, муу муухайг жигшин устгах санааг
энэхүү шашны бүжигт тусгадаг санагдана.
Цамыг бурхны шашны их
хурал номын нэгэн хэсэг болгон цамнадаг бөгөөд цам гарахын өмнө хэд
хоног үргэлжлэн а\ цамын талбай зам сэлтийг хүж утлага рашаанаар
ариутган нямба хийнэ. Нямба-ойртуулах шадарлуулах гэсэн утгатай төвд үг.
Чойжид сахиусыг баясалгалаар ойртуулах; б\Сор, жахар, балин, тахилд
номын хүч оршоох; в\ Линга эвдэх багажуудад номын хүч оршоох хурал
хурдаг.
Зарим
эрдэмтэд цамыг мандал цогцлуулах үйлийг биечлэн үзүүлсэн тоглолт гэж
үздэг. Хий, ус, гал, шороо, огторгуй гэсэн үндсэн таван махбодоос ертанц
үүссэн хэмээн бурхны шашны космологи (ертөнцийн үүслийн онол) үздэг.
Дээрх элементээс бүтсэн хорвоо ертөнцөд зургаан зүйлийн хамаг амьтан
үхэж төрөн хорвоогийн тоос болон замхарсаар олон хөрс үүсдэг гэнэ. Мөнх
бусыг үзүүлсэн өчнөөн амьтны хэлхээтэй араг яс өндөр болон өндийж,
улмаар уулс сүндэрлэдэг гэнэ. Байгалийн жамаар бүрэлдсэн тэр гоёмсог
ясан хэлхээ сондор нь амьдрал дэнслэгч дээд бурхдын ордон лугаа ижил гэж
сэтгэдэг юм байна. Ийм шаталбар болсон сүмбэр уулын оройд бурхад,
догшид өөрсдийн юум(хатан), хангал (нөхөд), бараа бологч, хаалгач, зарц
сэлтийн хамт залардаг гэнэ. Ертөнцийн үүслийн тухай ийм нэгэн онол
бурхны шашинд бий. Түүний загварыг дүрслэн
бүтээснийг мандал гэдэг.
Оюун ухаан сэтгэлдээ бурхад сахиус тэдний дагуул
сэлтийг ургуулан бодож, бурхны орныг бодитой биечлэн харуулсан жүжиг бол
цам гэж бас тодорхойлж болно. Ийнхүү амьд мандал цогцлуулан бурхан,
сахиусыг бясалгал тарнийн хүчээр урин залж сүсэгтэн олонд толилуулан,
тэр жилийн барцадыг линга, сор зэрэгт шингээн муу муухай нүгэлтэй
зүйлээсээ ангижирч байгаа утгатай юм байна.
Сор гэдэг нь гурилан
тахил гэсэн утгатай. Сорд тарнийн хүчээр муу муухайг шингээж, цамын үед
галд хаяж устган, муу муухайгаас салж буй санааг илэрхийлдэг.
Линга гэж шашны дайсныг
билгэдэж бүтээсэн арзайсан сэгсгэр үстэй, уурласан царайтай, залгих
хоолой нь хялгас мэт нарийхан, цүдгэр гэдэстэй, гарыг ард нь хүлсэн
эрийн дүрс баримал буюу зураг. Хүний сэтгэл хэзээ ч ханадаггүй, хармын
сэтгэлээр бусдын юманд үргэлж шунан ховдоглож байдаг санааг илтгэнэ.
Зарим судлаачид лингаар энэ насандаа нүгэл их үйлдсэн хүмүүн тамын оронд
бирд болоод идье гэтэл амнаас нь гал гарах тул идэх хоол нь шатна,
залгих гэтэл хялгасан хоолойтой тул юу ч орохгүй үргэлжийн өлсгөлөнд
тарчлах тавиланг бэлгэдэн дүрсэлсэн гэдэг. Шашныг эсэргүүцэгч дайсан
(буруу номтон), тарнийн хүчээр лингад шингэнэ гэж үзэх ба түүнийг олон
хэсэгт хуваан “эвдэснээр”, амийг нь авч цаашид нүгэл үйлдэж чадахгүй
болгон сайн төрөлд илгээж байгаа юм байна.
Уур хилэн, атаа жөтөө,
омог бардам, харанхуй мунхаг, шунал тачаал гэх нисваанисийн таван хор нь
“нүгэл” бүхний эх үүсвэр болдог гэж сургадаг.
Ноён хутагт Данзан Равжаа “Цаасан шувуу” сургаал зохиолдоо “Мунхагийн
харанхуй дотор согтож, уурын мэсийг бариад, омгоор түлэгдэж, атаагаар
энэлэн зовлонгийн эрхшээлээр эмгэнэх амьтан бүгд хөөрхий” гэж яруу
тодоор бичсэн байдгаас нэгийг санаж, хоёрыг бодууштай.
www.google.com esvel www.youtube.com oos bicheed haichihaa
Монгол цам бүжиг
Цамын өмсгөл
Урьд нэгэн цагт Лхалүнбалдорж гэгч лам Ярбын хадны хонгилд бясалгал хийж байтал нэг шөнө Лхамо өөрийн биеэр залран ирж, “чи эдүгээ Ландарм хааныг хөнөө! Айх хэрэгггүй, цаг үед нь би туслана” гэж айлтгаад үзэгдэхгүй болжээ.
Д.Гангаа
“Болор толь”-д өгүүлрүүн: “Урьд нэгэн цагт Лхалүнбалдорж гэгч лам Ярбын хадны хонгилд бясалгал хийж байтал нэг шөнө Лхамо өөрийн биеэр залран ирж, “чи эдүгээ Ландарм хааныг хөнөө! Айх хэрэгггүй, цаг үед нь би туслана” гэж айлтгаад үзэгдэхгүй болжээ. Олон жилээр даяанчлан улс оронд юу болсныг, Ландарм шашныг сүйтгэснийг мэдээгүй лам ихэд гайхаж хоноод, маргааш нь хүмүүсээс асуусанд “тэр үнэн, тийм болсон” гэж тоочин мэдүүлжээ. Лхалүнбалдорж нэгэн цагаан морийг хар будгаар будаж зүсмий нь өөрчлөөд, цагаан дотортой хар цув малгай өмсөн, нүүрээ хараар будаж, ханцуй дотроо нум сумаа нууцаар агсан Лхас хотноо ирэв гэнэ. Түүнийг ирэх мөчид Ландарм хаан ордны гадна пайлуур чулууны бичиг үзэн зогсож байв. Лам түүний дэргэд ирж мориноосоо буугаад, хаанд мөргөх дүр эсгэн тонгойхдоо нумаа хөвчлөв. Хоёр дахь удаа мөргөн дээш өндийхдөө нум сумаа дээш татан тавихад хааны гол зүрхийг оносонд хаан үхэтхийн унав.
Гурвалжин хэлхгэр ханцуйтай хувцас хийгээд, бадам хээтэй цээживч-додьиг, догшдын сүрлэг тэргүүнтэй хормогч-матьиг, амирлангй дүрт бурхдын дүрсэн чимэгтэй бүс, үрүүжин хэмээх ясан зүүлт, гутал сэлтээс цамын хувцас бүтнэ. "Үрүүжин" нь ясан чимэг гэсэн утгатай. Үрүүжин-чимэг нь алаг, ясан гэж хоёр янз байна. Алаг үрүүжин цамчны бүсний хавьд байх бөгөөд шар, хөх, улаан, цагаан өнгийн задгай утсан манжлагатай. Ясан үрүүжинг Энэтхэгт зааны ясаар, Монголд тэмээний чанасан ясаар сийлдэг ба цамчны элгэн дээрх алт (мөнгөн) толиноос тал бүр тийш салбарласан, хөшиг мэт сүлжилдэн бүх биеийг ороосон маш гоёмсог торон нөмрөг үүсгэнэ. Ясан үрүүжиний эрх бүр гурван хигээстэй хүрд бүхий уран сийлбэртэй. Хамар угалз үүсгэх зүүлтийн хэсгээс тус бүр гурван хонх зүүлттэй агаад нийтдээ ойролцоогоор 12-16 хонх ордог. Дүрийн эрэмбэ зэрэглэлээс шалтгаалан ясан зүүлт нь илүү шигүү тансаг байдаг болой. Бүс. Хормогчийг бүсэлсэн бүс нэлээд өргөн, бүсэн дээр амирлангүй дүрт бурхдын багавтар хэмжээний хөөмөл хөрөг дүр, алтан цутгамал хорол, элдэв очир зэргээр чимсэн байдаг.
Додьиг.
Цамын өмсгөлийн цээживч буюу додьиг нь хоёр мөр, ар нуруу, цээжин бие рүү унжих дөрвөн дэлбэнгээс бүрдэнэ. Хуучны хийцтэй цээживчийг хөөмөл зээгт наамлаар урласан олон хээтэй, илүү нарийн ур хийцтэй нь харагддаг. Хуучны хийцтэй додьигийн дэлбэнд энгэр талдаа "очир", ар нуруундаа " илд", баруунаа "цэцэг", зүүнээ "чандмань" гэсэн дөрвөн өөр дүрс урлаж, эвэр угалзаар хүрээлүүлэн чимдэг байжээ. Додьигийн цээж рүү унжих дэлбэний элгэн талд тухайн дүрийн зүрхэн тарнийн эхний үсэг бүхий алт буюу мөнгөн тольтой. Цамын өмсгөлд багтах хормогч буюу матьиг. Хормогч дээр тухайн дүрийн догшин сахиусын тэргүүн байх ба түүнийг тойруулан дошил хэмээх хохимой чимэг, дүрэлзсэн галын хээ сэлтийг ердийн зээгт наамлаар урлан бүтээдэг. Хормогч доод талдаа ертөнцийн таван өнгийг илтгэх мяндсан утсан цацагтай.Гутал. Цамын гутал ясан эрхээр чимсэн улаан түрийтэй, соёо шүд арзайсан, шантгар улаан хамартай, хилэнт дугуй нүдтэй, ногоон матрын хөөмөл дүрийг монгол гутлын ээтэн хоншоорт амыг нь тааруулан урнаар суулгадаг. Матар мянган амьтны мах цусаар хооллосон гэх сүртэй араатан тул догшид гуталдаа чимэг болгон, хөлийн дэвслэх хөдөлгөөнөөр хортон дайсанг хөнөөхийг бэлгэддэг бололтой. Хүрээ цамд гардаг эрэмбэ өндөртэй догшид матар хээтэй гутал өмсдөг байжээ.
Цамын баг
Зарим судлаачид цамыг нэгэн хэвийн, сунжруу, уйтгартай, хөдөлгөөн муутай гэдэг нь дотоод агуулга, хөдөлгөөний тайллыг хийж чадаагүйтэй холбоотой болов уу. Хөдөлгөөний ширүүн дорвилог, сул зөөлний үүднээс: баатрын бүжиг, баатар эмийн бүжиг, хилэнтийн бүжиг, хилэнт эмийн бүжиг, амирлахын бүжиг, дотоод бүжиг, нууцын бүжиг, тэр ямагт чанарын бүжиг, хилэн эрхшээх хийгээд хилэгнэн инээхийн бүжиг, хилэгнээд машид хилэгнэхийн бүжиг гэж ангилна. Бүжиг дүрийн үүднээс нь: үзүүрхэх, баатархах, жигших, нигүүлсэх, агсрах, амирлах, амирлах хийгээд хатуу догшин, инээдэмт, аймшигт гэж есөн зүйлд ангилдаг. Сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх дотоод найман амтын үүднээс урин дуудах, адислах, аврах, инээх, хилэгнэх, хөөн тонилгох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг байна. Цамд сэтгэлийн хичнээн олон өнгө аясыг үзүүлдэг, олон төрлийн дүр бүтээж болдог тухай монголын судлаач Л.Хүрэлбаатар төвд, монгол эх сурвалж бичгүүдэд тулгуурлан ийнхүү өгүүлсэн байдаг.
Их Хүрээний их Чамбон (цамын даамал) Пунцаг-Осор цамын дэг болон лав урлалаар (бурхдын баримал барих урлал) олон шавьтай нэр хүндтэй хүн байв. 1910 онд Пунцаг-Осор цамын баг хувцсыг шинэчлэх ажлыг удирдан нэрт зураач Цэнд, Жүгдэр, нэрт лавчин Лувсацэрэн нартай хамтран 100 гаруй цамын баг хувцас сэлтийг шинэчлэн сэлбэсэн байна. Түүний бүтээсэн Улаан сахиусын алдарт шүрэн баг нь нийт 7881 бодит улаан шүрийн өнгө хэмжээг тохируулан нүүрний булчин агших тэнийх чигийн дагуу үй зүйгүй шигтгэн урласан гоц хийцтэй урлагын гайхамшигт бүтээл билээ. Дээр өгүүлсэн цамаар илэрхийлдэг сэтгэлийн хөдөлгөөний олон өнгөөс Улаан сахиусын баг “хилэгнээд машид хилэгнэх” сэтгэлийн илрэлд дүйх хамгийн аймшигтай дүр төрхтэй. Олон орны цамыг харьцуулан судалж, эрдмийн зэрэг хамгаалсан японы судлаач Кимура Аяако “Газар газрын цамын баг өвөрмөц байдалтай бөгөөд Монголын Хүрээ цамын Улаан сахиусын баг шиг шүрээр хийсэн гоц тансаг баян баг байхгүй” гэж тэмдэглэсэн байдаг.
Чойрын лавчин уран Данзангийн бүтээсэн өвөрмөц хийцтэй, бодит амьтан араатан буй мэт сэтгэгдэл төрүүлэм арслан толгойт Сэндэм, бух толгойт Дамдин Чойжоогийн багууд одоо музейн үзвэр болоод байна. Уран Данзан багийн эхийг амьд бухнаас гарган Дамдин Чойжоогийн дүрийн баг бүтээсэн гэдэг. Цагаан өвгөн, Хашин хааны багаар хүний сайхан сэтгэлийн илрэлийг гаргадаг. Бурхны шашин дэлгэрэхээс ихэд өмнө үеийн бөө мөргөлөөс улбаатай газар усны лус савдаг, хүмүүн амьтны эзэн тэнгэр гэж үздэг, “Орны урт наст их тэнгэр” хэмээх Цагаан өвгөн нь зөвхөн монгол цамд гардаг дүр. Цагаан өвгөний баг инээмсэглэж буй төрхтэй, урт цагаан сахалтай, цагаан өнгөтэй монгол дээлтэй, бүсэндээ хэт хутга тамхины даалин хавчуулсан, луутай тааяг тулсан энэ дүр инээдмийн дүрийг уран хошин гаргаж чадсан хосгүй оргил бүтээлийн нэг билээ.
Багийн хэмжээ хүний толгойноос хоёр дахин том, цамчны нүд багийн амын жавьж хавьцаа таарч замаа хардаг. Бурхдын дүрийг илэрхийлэх багийг цаасан шуумлийн аргаар хийнэ. Юуны өмнө багийн ухмал, зормол хоёр хэвийг модоор үйлдэнэ. Энэ хоёр хэвийг тааруулж байрлуулахад хооронд нь хоёр сантиметр орчим зай үлдэх учиртай. Хоёр хэвийн дундуур хайлмал каолин (резин) цутгаж царцаана. Резинэн хэвэн дээр нимгэн нойтон цаасыг олон давхарлан наах аргаар баг бүтээдэг баримлын нэгэн аргыг “цаасан шуумал” гэдэг. Дээр үед шавраар цамын хэв цутгадаг, түүндээ нимгэн цаас наах аргаар баг хийдэг байв. Хатсаны дараа цаасан багийг эцсийн байдлаар засч өнгөлөх нарийн чимхлүүр ажил эхэлдэг. Эцэст нь бэлэн болсон багийг будаж зурж чимэглэдэг.
Дорно дахины гүн ухаан, түүнтэй уялдсан шашны урлагийн бүх зүйлс нэн билгэдэл чанартай. Аливаа шашны сургаал “сайн”, “муу” гэсэн дэнсэн дээр дээр зангилагдан, хүмүүний үйл явдал, ажил амьдрал, ёс суртахууны үнэлэмж нь буян, нүгэл гэсэн шалгуураар шүүгддэг билээ. Гэтэл бурхны шашинд буу зэвсэг агссан “сонгодог” утгаар байх дайсныг буруу номтон, муу ёрын дайсан гэхээсээ илүү тэрхүү буруу үйлд хүнийг түлхэн оруулдаг муу сэтгэлийн илрэлийг илүү цээрлэдэг, түүнээс цэрвэж явахыг сургадаг нь нэн сонирхолтой бөгөөд сургаалтай юм.
Бурхны шашинд уур хилэн, атаа жөтөө, омог бардам, харанхуй мунхаг, шунал тачаал гэх нисваанисийн таван хор нь “нүгэл” бүхний эх үүсвэр болдог гэж сургадаг. Хүмүүн нь бие, хэл, сэтгэлийн гурвал дунд орших нэгэн бөгөөд сэтгэл нь бие, хэлээ удирдаж байдаг тул сэтгэл юугаа нисваанисийн хорт автуулахгүй эзэмдэх нь нэн чухал, аливаа ажил үйлс бүтээхэд хүн сэтгэл санаагаа зөв ариун авч явах хэрэгтэй юм байна.
“Нүгэл” бүхний эх үүсвэр болдог нисваанисийн таван хорыг тэвчихийг бэлгэдэн язгуурын таван бурхныг бүтээжээ. Үүнд: Мижид бурхан уур хилэнг дарах, Намбар Нанзад бурхан мунхаг харанхуйгаас ангижруулах, Дондов бурхан атаа жөтөөг зайлуулах, Рижун бурхан омог бардам занг арилгах, Одбагмид бурхан шунал тачаангуйг тэвчихэд туслах зориулалттай юм гэнэ. Бурхад сахиусын тэргүүнд эдгээр язгуурын таван бурхныг төлөөлүүлэн эрдэнийн дүрст таван чимэг зүүсгэл, таван чанар төгссөн эрдэнийн гавалт титэм өмсгөн дүрсэлдэг нь ийм учиртай ажгуу.
Зөвхөн догшид сахиусын баг эрдэнийн таван гавал бүхий титэмтэй байна. Буян заяа, эд хөрөнгө арвижуулагч тэнгэрүүд болох Намсрай, Гонгор сэлтийн баг чандмань чимэгтэй. Үсэрч дүүлж, эврээрээ газар сэндийлэх мэтээр хамгийн хурдан цоглог хөдөлгөөнтэй Бугийн (Шива) тэргүүнд чандмань чимэг, үхрийн тэргүүнд ганц гавал чимэг байдаг. Шива (буга), Махи (үхэр) хоёр бол Эрлэг Номун хааны эм найман элчийг төлөөлөн гардаг цам билээ.
“Өвгөн зураач” Д.Дамдинсүрэн гуай “Урьдын Монгол оронд цамын хувцас хэрэглэлд ийнхүү үнэтэй, чанартай эд материал оруулан, урлал хийцийн гайхамшгийг харуулсан нь Богдын хүрээнээс өөр газар цөөн байсан юм. Түүнд зарцуулсан хөрөнгө нь монголын ард түмний хөрөнгө бөгөөд ялангуяа шавийн ард түмний хөрөнгөөр бүтжээ” гэж дурьдсан байдаг.
http://ganga-cz.blogspot.com/