Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хэрвээ бурхан надад боломж олговол би ээжийнхээ царайг л хармаар байна”
Уншсан 917 vote 0 2010.03.25 11:56:44
Манай улсад 9000 гаруй харааны бэрхшээлтэй иргэд бий гэсэн тооцоог 2006 онд НХХЯ гаргажээ. Харин хүн бүр тэгш эрхтэй байх Монгол улсад эдгээр иргэний амьдрал тийм ч таатай бус байгаа юм. Бид юун түрүүнд БСШУЯ-ны харъяа Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулиар орсон юм.
Хараагүй хүүхдүүдэд анхан шатны боловсролоос өөр зүйл хэрэггүй гэж эрхэм Боловсролын яамныхан үздэг бололтой. Жирийн хүүхдийн нэг сурах бичиг 3000 гаруй төгрөгөөр гардаг бол брайль сурах бичиг 20 гаруй мянган төгрөгөөр бүтдэг. Үүнээс ч болдог уу, брайль сурах бичгийн талаар яамныхан огт “дурсдаггүй”. Тиймээс 116-р сургуулийнхан багш нарынхаа хүчин чадлыг ашиглаж өөрсдийн сайн дур, дотоод нөөц бололцоогоороо хүүхдүүддээ сурах бичиг гаргадаг байна. Өөрөөр хэлбэл манай улсын хараагүй иргэд ном уншиж, ахлах ангид сурах эрхгүй гээд хэлчихэд буруудахгүй л болов уу.
Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг сургуулийн удирдлага, сайхан сэтгэлтэй багш нарынхаа ачаар хүүхдүүд арай ч үзэх зүйлгүй болчихолгүй сурч байна. Гэвч огт сурах боломж олдохгүй байгаа хүүхдүүдийг бодвол тэд азтай. Манай улсад ойролцоогоор 1160 гаруй харааны бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн тооцоо бий. Эдний ердөө л 85 нь энэ сургуульд сурч байгаа гээд бодвол цаана нь мянган хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй хохирч байгаа юм. Сургуулийн захиргаанаас аймаг болон дүүргүүдийн нийгмийн хөдөлмөр халамжийн хэлтсийнхнээс харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тоог авах гэтэл тэд огт өгдөггүй байна. Төрийн байгууллагынхны ажлын уялдаа холбоогүйгээс хүүхэд хохирох ёсгүй л баймаар.
Бид тус сургуулийн ахлах ангиудаар орлоо. Хэдийгээр тэмтрээд унших сурах бичиг, шаардлага хангах ном байхгүй ч хүүхдүүд элсэлтийн шалгалтандаа тэд бэлтгэж байна. “Би ийм ном уншмааргүй байна, надад чөлөөт цагаа өнгөрөөх газар алга байна” гэж нялхарч суух зав, боломж тэдэнд үгүй. Гэвч тэд бусад хүүхдүүдтэй л адил ирээдүйдээ итгэж, амьдрал өөд тэмүүлж, сайн мэргэжилтэн болж, улс эх орныхоо хөгжлийн төлөө сурч боловсрохоор хичээж байна.
Сурагчдын ярилцлагыг Та манай холбоотой видео мэдээнээс үзнэ үү.
Дахин хэлье. 1160 хараагүй хүүхэдтэй манай улсад 85 хүүхэд багтаасан ердөө ганцхан сургууль байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдын адил сурч мэдэх, боловсрох эрхтэй. Энэ хорвоогийн өнгө будгийг нүдээрээ харж чадахгүй ч, ном зохиолоос уншиж мэдэх эрх тэдэнд бий. Хүүхдүүдийг алаг үзэлгүй аз жаргалыг мэдрүүлж байх сан даа.

Мөн бид харааны бэрхшээлтэй иргэдийн ажилладаг хөдөлмөр сургалтын үйлдвэрт очлоо. Тус үйлдвэр 1964 онд байгуулагдсан бөгөөд гол зорилго нь харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах юм. Одоогоор тус үйлдвэрт 120 орчим хүн ажилладаг ба тэдний 80 орчим нь хараагүй хүмүүс юм.
“Би сард 108 мянган төгрөгний цалин авдаг. Гэхдээ болж байна. Дажгүй шүү” гээд ажилчид нь инээмсэглэцгээнэ. Аргагүй юм. Тэд Монгол улсад байдаг 9000 гаруй харааны бэрхшээлтэй иргэдээс хамгийн азтай нь. Учир нь харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд зориулсан үйлдвэр манай улсад ганцхан байдаг төдийгүй тэр хүмүүст зориулсан 42 айлын орон сууц мөн ганц бий. Харин тэр азтай хүмүүст тэрхүү улсдаа ганцхан байдаг үйлдвэрт ажиллах боломж олдсон юм.
Үйлдвэрийнхээ хажууханд хараагүй иргэдэд зориулсан орон сууц бий. Энэ нь мөн л улсдаа ганц. Социализмын гэх үед байрны мөнгө болон бусад зардлыг авдаггүй байсан бол одоо тэд бүх мөнгөө өөрсдөө төлнө. Гурван өрөө байранд гурван айл байсныг ч үл харгалзан хувьчилснаас өнөөдөр нэг дээвэр дор гурван өрх амьдарч байна. Гэхдээ л тэд мөн л “болж байна, зүгээр” гэж ярина.
Жирийн иргэд, ажил олгогч, төр засаг гээд бүгд энэ хүмүүсийг анхаарч харах цаг болжээ гэдгийг энд дуулгамаар байна. Хүүхдүүдийг сурах бичгээр хангаж, ажиллаж байгаа цөөхөн хэдэн хүнийх нь цалинг багахан нэмэхэд арай ч 76 тэрбум төгрөг болчихгүй байлгүй. Сурвалжлагынхаа эцэст Монгол улсын хүн бүр тэгш эрхтэйгээр амьдрах эрхтэй гэсэн хуулийн заалт байдгийг та бүхэнд сануулж байна.