Тэд бидний тухай - ЧИНГИС ХААНЫ ҮЗЭГДЭЛ

И-мэйл Хэвлэх PDF

Нийгэм – улс төрийн хачирхалтай үзэгдэл алс холын, орхигдсон Монгол орны тай ван байдлыг алдагдуулав гэж «www.regionpolitika.it» сайтад бичжээ. Орос улс,  Хятад улсын хооронд орших энэ орон нутгийн хагас нь цөлжсөн өргөн уудам нутагтай. Газар нутгийн хэмжээгээр Италиас тав дахин том ч ердөө хоёр сая 700 мянган хүнтэй. Сүүлийн жилүүдэд өөрсдийгөө нацистууд хэмээн нэрлэсэн залуусын бүлгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод харж болно. Тэд Монголын үндэсний онцлох тэмдэг соёмбын хажууд дүрсэлсэн нацистын хас тэмдэг бүхий тугтай машинаар хотын замаар юмуу зам харгуйгүй газраар давхина. Тэд бас XIII зуунд Хятадаас зүүн Европ хүртэл Евразийн нутгийг байлдан дагуулсан Чингис хааны том хөргийг машиндаа залжээ. Хэт даврах үзэлтэй энэ бүлэг залуус гаднаас нь харахад Орос орны зах хязгаарт азийн болон кавказийн цагаачдад халддаг оросын шинэ нацист иймэрхүү бүлгүүдтэй тун төсөөтэй бөгөөд түргэн олширч буй хятад цагаачдад халддаг юм. Тэд хятад цагаачдад хүч хэрэглэж, арилжаа наймааны ажилд нь хохирол учруулж, бас цагаачидтай дотно харилцаатай, эсвэл бизнест нь оролцдог монголчуудыг заналхийлдэг байна.

«Хөх Монгол» (хөх өнгө Монгол Улсын төрийн далбааны нэг өнгө), «Нармай Монгол», «Монголын үндэсний холбоо» зэрэг бүлгийг хуучин коммунист ардын хувьсгалт нам улс төрийн гол тоглогч байгаа энэ оронд төдий л тоодоггүй юм. Үүний сацуу нацист бүлгүүд байгаа нь Хятад Улстай жижигхэн Монгол Улс амаргүй харилцаатайг гэрчлэх  мөсөн уулын орой нь л юм.  Хятад улс болон хятадуудад ийнхүү итгэхгүй байгаагийн шалтгааныг ойлгохын тулд тусгаар тогтносон Монгол Улсын саяхны түүхийг дурсаж, энэ улс геополитикийн ямаршуу байдалд байгааг анхааралтай авч үзэх хэрэгтэй. Хятадад улс төрийн байдал замбараагүй байгааг ашиглан хаант Орос улс монголчуудын хятадыг эсэргүүцсэн тусгаарлах санаа бодлыг дэмжсэн 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо олсон юм. Хятадын эрхшээлд хэдэн зуун жил байсан энэ ард түмэн Евразийг байлдан дагуулсан Чингис хааны эзэнт гүрний яруу алдрыг  цаг ямагт хадгалж ирсэн юм.

Ингэснээр Монгол Улсын өнөөгийн газар нутаг хэрэг дээрээ Орос улсын ивээлд орсон. Энэ байдал большевикуудын хувьсгалын дараа ч өөрчлөгдөөгүй.  Орос-герман гаралтай тайж, генерал барон Унгерн фон Штернбергийн командалсан коммунизмыг эсэргүүцэгч  цэрэг ялагдал хүлээсний дараа хувьсгал Монгол орны бүх нутгийг хамарчээ. Монгол Улс 1921 онд үнэн хэрэгтээ цаасан дээр тусгаар тогтносон ч Москвад захирагдсан ардын бүгд найрамдах улс болсон юм. Монгол Улс 1921-1991 онд далан жилийн турш Орос улсын үнэнч холбоотон байв. Энэ харилцаа монголчуудын үндэсний тусгаар тогтнолыг хязгаарлаж байсан ч нөгөө талаар Хятадын харьяаны Өвөр Монголд тохиолдсон золгүй тавилангаас зайлсхийж чадсан юм. Өвөр Монголчууд геноцидэд өртөж, соёлын уламжлалыг нь устгаж, Өвөр Монголын оршин суугчид хэдэн арван жилийн дотор эх орондоо үндэстний цөөнх болжээ. Өнөөдөр Монголын хятад хэсгийн хүн амын 18 хүрэхгүй хувь нь монголчууд байна.

ЗСБНХУ бутарсаны улмаас Монгол Улс зөвлөлтийн улс төр, эдийн засгийн асрамжгүй болж, урьд өөрсдийг нь боолчилж байсан хөрш Хятад улстай нүүр тулж үлдэв. Тийнхүү Монгол Улсын хувьд Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлттэй холбоотой эдийн засгийн боломжийг ашиглахын тулд Хятад улстай харилцаагаа сайжруулах шаардлагатай болов. Үүний сацуу Монгол Улс Орос улстай эртний харилцаагаа хадгалахыг хичээж байгаа нь Хятадад залгиулахгүй, Өвөр Монголын хүн ард, эсвэл хятадын Шинжаан мужийн уйгарууд юмуу Түвдийн оршин суугчидтай адил хувь тавилан эдлэхгүй байхад нь чухал юм. Монголд хятадын капитал орж ирэхийн хамт хятад цагаачид маш олноор орж ирлээ. Тэд хятадын урьдын ноёрхлын хий үзэгдэл болсон Чингис хааныг энэ оронд авчрав. Хятадын даралт шахалтыг тэнцүүлэхийн тулд Монгол Улс саяхан Орос улстай эрчим хүч, эрдсийн нөөцийг ашиглах, бас төмөр замын сүлжээг шинэчлэх салбарт стратегийн хувьд хамтран ажиллах тухай нэлээд хэдэн чухал гэрээ байгуулав. Монгол Улсын адил Москва ч Бээжингийнхэнтэй улс төр, эдийн засгийн сайн харилцаагаа хадгалахыг сонирхохын сацуу Зүүн Сибирь болон  Монгол орны хүн цөөтэй, байгалийн баялгаар арвин, өргөн уудам нутгийг хятадууд хүн ам зүй, эдийн засгийн талаар эзлэхээс болгоомжилж байна.

Ямар ч тохиолдолд Хятадын эдийн засаг,  ингэхээр улс төрийн түрэмгийлэл нь зөвхөн африкийн улсууд юмуу Монголын тал хээрийн тархай бутархай хот суурингийн асуудал биш ээ. Энэ түрэмгийлэл Европын төвд хүрч эхэлснийг Европын холбоо, НАТО-тай хиллэдэг европын орон – Молдав улсад Бээжингийнхэн их хэмжээний мөнгөн зээл олгосон явдал гэрчилж байна. Ерөнхийлөгч Барак Обама Хятадад айлчлах үедээ «Хятадын хөгжлөөс бид айхгүй, энэ нь Америкт заналхийлэхгүй» гэж мэдэгджээ. Түүний яриа зөв байж болох юм, гэхдээ түүний санаа бодлыг монголчууд, оросын Сибирийн оршин суугчид, казахууд, киргизүүд, тажикууд, магадгүй Баруун Европын орнуудын төлөөлөгчид хүртэл дэмжихгүй биз ээ.

«www.regionpolitika.it» сайтаас орчуулсан П.Шагдар

Мэдээлэлийн эх сурвалж: www.dayarmongol.com -оос