ХӨГЖИМ МЭТ ТӨМӨР ЗАМААР

Яриг бүрээн гуниглант дуу шиг

Бүүдгэр аяз аниргүй нам гүмийг эвдэнэ

Яриг бүрээн гуниглант дуунаар

Өглөө эрт өврөөс босох бүсгүй, хаалга саван

Төмөр замын буудал зүглэсээр одно

 

Нэгээхэн ч хүн үгүй

Анир ч үгүй өртөөн дээр

Золбин нохос сүүдрээ дагуулсаар давхилдана.

 

Халуун хөнжилдөө унтсаар хоцрох

Хайхрамж ч үгүй,

Хайр ч үгүй

Халамцуу залуугийн цээжинд итгэлээ үлдээсээр

Ганцаардал дагуулан алхах бүсгүй

Хөгжимчин мэт

 

Яриг бүрээн гуниглант дуутай

Төмөр замын буудал

Нэгээхэн ч зорчигч үгүй.

Хэн ч үгүй,

Харанхуй,

Уйтай

Биенд нь ахадсан гар тээш,

Хүрэмний босгосон зах

Уртаар санаа алдах

Бүсгүйд

Яриг бүрээн гуниглант дуу

Аль эртний Шопенийг дурсахад хүргэнэ.

Хөг нь гарсан гитарын утас мэт

Төмөр замуудын дундуур

Золбин ноход сүүдрээ дагуулан гүйлдэх нь

Хөгжимчгий хуруу шиг төсөөлөгдөнө.

Нэгээхэн ч зорчигч үгүй

Хэн ч үгүй буудал дээрх

Хүсэл мөрөөдөл ч үгүй

Ганцаардсан бүсгүй

Намайг орхин одлоо.

 

Хөгжим мэт төмөр замаар...


Мэдээлэлийн эх сурвалж:   http://sukhzorig.blogspot.com/ - оос