Бичлэгийн тоо 2,391
|
Бичсэн Б.Халиун | ||
, | ||
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиедтай Дэлхийн банкнаас манайд хэрэгжүүлж байгаа төсөл, Монголын өнөөгийн эдийн засгийн асуудлаар ярилцлаа.
- Та энэ албанд хэрхэн орсон тухайгаа сонирхуулна уу?
- Би Энэтхэгт төрж, өссөн. Нью-Иорк хотын Колумбийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Дэлхийн банкинд дадлага хийж байхдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэл төрсөн. Ингээд хүсэлтээ илэрхийлэн өргөдөл бичсэн юм. Удалгүй бүс нутгийн менежерийн албанд ажиллах санал хүлээн авсан. Түүнээс хойш энэ байгууллагадаа зүтгэл, сэтгэлээ зориулж явна.
- Дэлхийн банкнаас Монголд ямар үүрэг аваад ажиллаж байна?
- Миний гол үүрэг бол ядуурлыг бууруулах төслийг удирдах. Монголын Засгийн газар, олон нийт болон хувийн хэвшилийнхэнд дэмжлэг үзүүлэх, ядуурлыг бууруулах арга замуудыг танилцуулж олоход нь туслах явдал юм.
- Дэлхийн банк Монголд 1990 -ээд оноос олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн, гэтэл Монголын ядуурлын түвшин 30 хувиас буухгүй байна?
- Дэлхийн банк Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа Азийн хөгжлийн банк, Япон Монголын институт зэрэг томоохон олон улсын байгууллагаас хөрөнгө оруулах эх үүсвэрийг хайж олоод зуучилдгаараа ялгаатай юм. Бидний дүрэм бол бэлэн мөнгө өгөөд байх биш харин төслүүдийг мэдлэг, мэдээлэл, туршлага, мэргэжилтнүүнээр хангах явдал юм. Бидний санал болгосон арга замуудаас Засгийн газар сонголтоо хийж түүнийгээ хэрэгжүүлэхэд нь Дэлхийн банк тусалдаг. Монголын Засгийн газраас ядуурлыг бууруулахад чиглэсэн хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхэд бид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, тусалсан. Ядуурлын түвшин 1994 оноос хойш буурсаар ирсэн, мөн ирэх таван жилд буурна гэдэгт итгэж байна. Харин Монголын Засгийн газар ядуурлын шалтгааныг сайтар ойлгож, мэдэх хэрэгтэй.
Одоо бид Засгийн газрын хөтөлбөрийн дагуу хөдөөгийн иргэдийн ядуурлыг бууруулах төсөл хэрэгжүүлэхээр судалж байна. Жишээ нь малчид болон орон нутгийн хүмүүсийг зохион байгуулалтад оруулах, хөдөлмөрөө хоршиж үр дүнтэй ажиллахад туслах, жижиг бизнес эрхлэхэд нь санхүүгийн туслалцаа үзүүлэхэд бидний ажил чиглэж байгаа. Хөдөлмөрөөрөө хоршсон иргэдэд ажил олж өгөх, ажил эхлэх гарааны хөрөнгийн эх үүсвэрүүдийг олж өгөх төлөвлөгөөтэй байна.
Энэ мэтчилэн ажлын байр бий болгох, бизнес эрхлэх, зээл олгох, эрүүл мэнд боловсролын салбарыг дэмжих зэргээр Засгийн газарт болон тусламж хэрэгтэй байгаа хэнд боловч туслахыг хичээж байна.
- Монголын эдийн засгийн хэтийн төлөв хэрхэн төсөөлөгдөж байна?
- Бид монголчуудын юу хийснийг, юу хийж байгааг болон ирээдүйд юу хийхийг төсөөлөн харж байна. 800 жилийн өмнө Чингис хаан, зуун мянган монголтойгоо юу хийж чадсаныг бид мэднэ. Гэтэл өнөөдөр 2.7 сая монгол яагаад түүнээс илүү ихийг хийж чадахгүй байгааг өөрөөсөө асуугаад үз. Түүхээ сөхвөл та нар өөрсдийгөө хөгжүүлэх чадвартай хүмүүс гэдгээ ойлгох болно. Монгол Улсын эдийн засаг өсөж байгаа. Сүүлийн найман жилд бараг долоон хувиар нэмэгдсэн шүү дээ.
Эргэн тойронд хувийн хэвшлүүд маш олноор бий болж, шинэ бизнес өдрөөс өдөрт цэцэглэж, дэлгүүр, зоогийн газар ресторан нээгдэж байгааг харвал ядуурал буурч байгаа юм шиг байдаг. Гэхдээ хөдөөгөөс хот руу нүүх явц үргэлжилсээр байхад ядуурал өсөх, буурах талаар хэлэхэд хэцүү юм. Миний бодлоор улсын орлого нэмэгдэж байгаа учраас тэтгэмж, нийгмийн халамж өсөж байгаа байх. Гэхдээ энэ нь хүмүүст түр зуурын дэм болж байгаа юм. Энэ мэт жижиг бэрхшээлийг арилгасны дараа гэрэлтэй ирээдүй Монголыг хүлээж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.
- Уул уурхайн асуудлыг та ямар хувилбараар шийдээсэй гэж бодож байна? Энэ салбараас орж ирэх мөнгөө яаж ашиглаж, юунд зарцуулах нь зөв бэ?
- Дэлхийн орнуудын олон жишээг бид мэднэ. Жишээ нь Африк. Тэнд одоо байдал ямар байгаа билээ. Ер нь нүүрс, зэс, тос юу ч бай хэрэгтэй цагт нь, тохиромжтой технологиор ашиглах нь хамгийн чухал.
Тэгээд мөнгөө Монголыг хөгжүүлэх үндэс болох нэн тэргүүний салбарууддаа оруулах хэрэгтэй. Тэдгээрийн эхэнд боловсролын салбар байх ёстой. Шинэ эдийн засагт түлхэц өгөх шинэ үйлдвэрүүдийг удирдах, ажиллуулах мэдлэг чадвар бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэхэд нэн түрүүн анхаарах нь зүйтэй болов уу. Дараа нь маш сайн эрүүл мэндийн тогтолцоо хэрэгтэй байна. Энэ хоёр салбар улс орны хөгжилд дэд бүтэц ямар хэрэгтэй байдагтай адил чухал зүйл.
Нөгөө талаар улсын зөв бодлого хүчирхэг төрийн институт үнэхээр хэрэгтэй. Үүнд сайн хууль, зөв зохицуулалт, төсвийн зөв зарцуулалт зэрэг орж байгаа юм. Мөн юу болоод байгааг зөв олж харж чаддаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын хиргүй тунгалаг, үнэн зөв байдал маш чухал үүрэгтэй. Нэг Засгийн газар нөгөөгөөр солигдоход эвдрэхээргүй бат бэх, зохицуулалтын тогтолцоо хэрэгтэй байна. Ямар нэгэн явцуу ашиг сонихолгүй зөв удирдагчдыг багтаасан сайн парламент хэрэгтэй. Монголын нэн тэргүүний хийх ёстой алхмууд боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэх хэрэгтэй ч улс төрчдийн шийдвэр гаргах чадвараас ихээхэн зүйл хамаарч байна. Тогтвортой эдийн засагтай, баян орон байхын тулд удирдагчдын тухай нухацтай бодох хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчдад мөнгөө оруулахад эрсдэл бага тогтвортой, найдвартай орон гэсэн таатай сэтгэгдлийг төрүүлэхэд эрх баригчдаас ихэнх зүйл хамаардаг юм шүү.
- Монголд далд эдийн засаг 30 хувь байна гэсэн судалгаа бий, аливаа орны далд эдийн засгийг ил тод болгоход ямар арга хэмжээ авдаг бол?
- Магадгүй үүнээс ч их байж болно. Орлогоо нуух олон шалтгаан байна. Хэтэрхий өндөр татвар, шинэ бизнес эхлэхэд хүндрэлтэй олон дамжлага гэх мэт. Төрийн байгууллага далд эдийн засаг үүсэх шалтгааныг арилгаж, зөв зохион байгуултад оруулж чадвал асуудал тийм ч ярвигтай биш юм. Жижиг бизнесийг аваад үзье. Шинэ ажил эхлэх гэж байгаа хүнийг ийш тийш нь баахан гүйлгээд, элдэв гарын үсэг, зөвшөөрөл шаардаад байхааргүй орчин бүрдүүлэх хэрэгтэй. Хүмүүс хуулиа ойлгоод, дагаж мөрдөхөд хялбар байхаар асуудлыг шийдэж гэмээнэ эдийн засгийг ил болгож болно.
Далд эдийн засаг их байгаа нь олон монгол хүн гадаадад ажиллаж байгаатай нэг талаар холбоотой. Тэднээсээ ирсэн мөнгөөр бүтээгдэхүүн, үйлчилгээ явуулж ,Монголдоо шингээхийг хичээх хэрэгтэй.
- Инфляци өсөөд байна. Дэлхий нийтээр ийм байгаа. Үүнийг Монголчууд хохирол багатай даваад гарах ямар боломж байна?
- Монголд инфляци өсөх шалтгаан байна. Нэгдүгээрт 2005 оноос хойш өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ 200 хувиар өссөн. Газрын тос, зэс, ашигт малтмалын үнэ бас өссөн.
Хоёрдугаар шалтгаан бол монголчууд бүх хүнсээ импортоор авч байна. Монголын инфляци бол импортын инфляци юм. Үүнтэй зэрэгцээд дотоодын инфляци бас байна. Жишээ нь махны үнэ нэмэгдсэн, өнгөрсөн жил маш бага ургац хураан авсан.
Мөнгөний бодлого дээрээ нухацтай хандах хэрэгтэй. Төгрөгийн валюттай харьцах харьцаа үүнд нөлөөлдөг. Иймд төв банк мөнгөний зөв бодлого барих хэрэгтэй. Импортын бараанд ногдох татварыг уян хатан байлгах, татварыг аль болох бууруулах, гаалийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах асуудлуудад анхаарах ёстой. Гадаадаас оруулж ирж байгаа бараагаа аль болох түргэн хэрэглэгчдэд нь хүргэх нь үнийг тогтвортой байлгахад чухал байдаг. Нийгмийн халамж, цалин нэмэгдэж, гар дээрх мөнгө нэмэгдсэн нь иргэд барааг их хэмжээгээр худалдан авч нөөцлөн үнийг тогтворгүйжүүлэхэд хүргэлээ.
Улс энэ жил юунд, хэр их мөнгө зарцуулах, ямар хэмжээний ашиг хаанаас олж болох тухай сайн төсөвлөх нь зүйтэй. Монголын төр маш их мөнгийг ашгаа удаан өгөх төслүүдэд үрж байна. Эдийн засагт тийм ч чухал биш төслүүдээ түр хойш нь тавиад өнөөдөр, маргаашийн тулгамдсан асуудалд гарц олох, хөрөнгө оруулалт үүсгэж болохуйц салбаруудаа хөл дээр нь босговол инфляци тэгтлээ их өсөөд байхгүй.
- Монголчуудтай хамтран ажиллахад ямар бэрхшээл байна?
- Монголын гадаад харилцаа өргөжиж байна. Гэтэл Монголын парламент харилцахад улам л хэцүү болоод байх юм. Төслүүдээ УИХ-д оруулж, тэд хэрэгжүүлэх эсэхийг шийддэг, үүнд маш их цаг үрдэг. Парламент “тийм” эсвэл “үгүй” гэдгээ шуурхай мэдэгдэж байх хэрэгтэй. Шийдвэр гарахыг хүлээх хэцүү. Түүний оронд дараагийн оронд тусламжаа явуулах тухай бидэнд сануулж байдаг юм шүү дээ.
- Дэлхийн банкны Монгол дахь 10 гаруй жилийн ажилд та ямар дүн тавих вэ?
- Сайхан асуулт байна. Бидний ажлын тухай манай вэбсайтаас харж болно. Манай ажлыг монголчууд дүгнэх эрхтэй байх. Өөрсдийнхөө ажлыг өөрөө үнэлнэ даруу биш явдал. Олон жилийн ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Дэлхийн банк Засгийн газарт олон талаар тусалсныг харж болно. Жишээ нь хөдөөгийн иргэдийн боловсрол, утасгүй интернэтийн сүлжээ, байгаль орчныг хамгаалах тухай гээд Дэлхийн банкны олон төсөл хэрэгжсэн. Одоогоор хот, хөдөөгийн иргэдийг ундны цэвэр усаар хангах төслийг хэрэгжүүлж байна. Ус түгээдэг цэнхэр байшингуудыг дэлхийн банк барьсан юм шүү дээ.
Төслүүд амжилттай хэрэгжиж байгаа. Бид Монголын тодорхой бүс нутгуудад ахиц дэвшлийг авчирсан гэж хэлж чадна. Цаашдаа ч боломжтой төслүүдийг хэрэгжүүлнэ. Ялангуяа байгаль, хүрээлэн байгаа орчны талаар . Гэхдээ бидэнд хүмүүсийн бодож байгаа шиг тийм их мөнгө байхгүй гэдгийг монголчууд ойлгоосой гэж хүсэж байна. Жил бүр Монголын төр 25 сая долларыг Дэлхийн банкнаас төсөл хэрэгжүүлэхээр авдаг. Бас Азийн хөгжлийн банкнаас хоёр удаа ийм хэмжээний мөнгө авсан. Бид энэ мөнгөний зарцуулалтад хяналт тавих, зохицуулахаар ажиллаж байгаа. Дэлхийн банк мөнгө санхүүгээр хангадаг байгууллага биш, харин олон орны туршлагаас танилцуулж, сайн мэдлэг боловсрол, мэргэжилтнүүд болон ашигтай хувилбаруудыг санал болгодог олон улсын байгууллага. Одоо дэлхийн 94 оронтой хамтран ажиллаж байна. Хагас зуун оронд салбараа нээсэн. Бидэнд дэлхийн хэмжээний мэдлэг, туршлага байна. Түүгээрээ улс орнууд, хүн ардад тусалдаг.
- Дараа дараагийн шатанд төслүүдээ улам үр өгөөжтэй болгож, сайжруулахад юуг анхаарах хэрэгтэй гэж бодож байна?
- Хэрэгжүүлэх төсөлдөө монголчуудыг өргөнөөр хамруулах, үр дүнг сайжруулахын тулд монголчуудтай илүү ойр харилцааг бий болгох хэрэгтэй. Энэ явдалд Засгийн газар чухал үүрэгтэй.
Төслийг хэрэгжүүлэх, мөнгө зарцуулах газарт зөв менежмент хийж үр ашгаа хүмүүст шууд өгдөг байхаар зохион байгуулах хэрэгтэй юм.
- Залуу хүний хувьд нэг зүйл асууя. Монголын залуучуудад олон улсын нэр хүндтэй байгууллагад ажиллах боломж байна уу?
- Гадаад хэлний мэдлэг сайн, мэргэжилдээ эзэн болсон байвал боломж байна. Монголд хэрэгжиж байгаа төслүүддээ бид монгол залуусыг авч ажиллуулдаг.
- Монголчуудын тухай ямар сэтгэгдэлтэй явдаг вэ? Монголын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг хэрхэн үнэлдэг вэ?
- Монголчууд том том хотуудынх шиг бухимдалтай, анзааргагүй, хувиа бодсон биш. Маш уриалагахан, анхааралтай, согог хүмүүс. Монголын эмэгтэйчүүд их хүчтэй. Нийгэмд эзлэх байр суурь нь өндөр идэвхитэй. Би Монголд ирээд үүнийг мэдрэхдээ их гайхсан. Надад гайхалтай санагдсан шүү.
- Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье |