Moderator: mgl_300
Сайн байна уу Ээжээ? Удахгүй ээжүүдийн баяр болох гэж байна. Би хэндээ ч очих билээ. Тийм болохоор таньдаа захиа бичиж сууна. Та минь яваад яг 5 сар болж байна. Юм хэлэлгүй, алтан сургуулиа хайрлалгүй гэнэтийн тохиолдлоор яваад өгсөнд тань охин нь гомдоогүй ээ ээжээ. Бодвол та тэр сайхан бурхны оронд ээж, аав, дүүтэйгээ уулзсан байлгүй дээ.
Таны тэнгэрт хальсан тэр өдөр өчигдөр л юм шиг тод санагдаж байна. Би чихэндээ итгээгүй, таныг диваажингийн орныг зорьсон гэхэд энэ бүхэн зүүд байгаасай гэж хичнээн хүссэн ч жамын юм жамаараа миний амьдралд дэндүү эрт айлчилсан. Ээжээ таныг таалал болсны дараа хүн болгон адилхан санагддаг юм билээ.
Гандан дээр ном уншуулах юмуу энд тэнд явж байхад та минь явж байх юм. Үгүй ээ ээж энд юу хийж яваа юм бол гээд дөхөөд очиход биш л байдаг. Сэтгэл дотор минь бачуурч хоолой зангирч би андуурснаа бас хүний хорвоод торойж үлдсэнээ урсах нулимс, зангирах хоолой, чичрэх зүрхтэйгээ хамт мэдэрсэн. Гомдож, туних, сэтгэлээр ядрах, өвдөхдөө таныгаа бүр их санаж байнаа. Алдаж, гэнэдэж, уруудаж, буруудаж явахад минь ээж минь та л уучилдаг. үрээ гэсэн сэтгэлээр та бүгдийг уучилж, зааж зааварлан энэ амьдралын хүнд ноогдох бүхий л баяр баясгалан, зовлон гуниг, үүрэг хариуцлага, өөртөйгөө адилхан эх хүн болох хамгийн гайхалтай зүйлийг бэлэглэн хүн болгон төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн билээ.
Сэтгэл дотор таныг гэсэн орон зай онгойсоор л байна. Хэзээ ч битүүрэхгүй бизээ.
Ээжээ би таныхаа амарыг хүмүүний нарт ертөнцөөс эрин мэндчилж байна. Харин миний байгаа газар таны байгаа диваажингаас хэр зайтайг мэдэхгүй байнаа. Миний байгаа газар өвөл болж цас их орж байна. Ээжээ таны байгаа газар цас ордог уу? Цас, бороо орохоор сэтгэлд минь таныгаа бодох бодлын хэлхээ улам бүр хэлхэгддэгээ. Заримдаа та надад ойр байгаа нь мэдрэгддэг. Яагаад гэвэл ямар нэгэн юм болохоо байхад та үргэлж надад тусалдаг юм шиг мэдрэмж төрдөг. Энэ мэдрэмжиндээ би итгэдэгээ ээжээ. Таныг байхад сайхан байж дээ. Хорвоо нэг л гоё солонгын өнгөтэй. Ээжээ та санадаг уу намайг бага байхад халуурч өвдөхөд ээжийнхээ өвөрт унт халууныг нь авъя гэдэгсэн. Ээжийнхээ элгэнд тэврүүлээд хэвтэх тэр агшин хэзээ ч дахиж ирэхгүй дээ. Харин би таныгаа халуурч бүлээрхэд элгэндээ нэг болов удаа тэвэрсэн билүү дээ.
Харуусал гэдэл оройтол. Дараа нь ингэж амаа битгий бариарай, Одоо л амьдад нь хайрлаж, баярлуулаарай гэж найзууддаа би хэлдэгээ. Таныгаа гомдоож явсан бол уучлаарай гэж би сэтгэлдээ шивнэдэг. Гэхдээ та минь надад хэзээ ч гомдож байгаагүй ээ. Үрээ гэсэн гэгээн, агуу бурхан сэтгэл таниас л гардаг шүү дээ ЭЭЖЭЭ.
Ээж минь та бидэндээ болоод энгүүн нэгэн ард түмэндээ ариун гэгээлэг үйлсээрээ буян болж нарт хорвоогийн тоосыг хөдөлгөж явах заяа хайрлаж эмчилж, сувилж явсан алдар хүндтэй ачтан билээ.
Таны цагаан халадтайгаа ажилаа хийж явсан баяр хөөртэй төрх, үр хүүхэд ач зээ нартайгаа бужигнаж суусан тэр л дүр сэтгэлд минь хоногшиж үлджээ.
Хүмүүс намайг эжийтэйгээ адилхан болж байна гэдэг. Би их баярладагаа. Нээрээ ч адилхан юм шиг. Таныг явсанаас хойш ээжийн тухай дуу, шүлэг сонсох тоолонд, мөн таньтай холбоотой ямар нэгэн баяр болохоор “уйлчих” гээд байдаг шүү. Гэхдээ би диваажин бий, хойд насны амьдрал бий гэдэгт итгэж явдагаа.
Танаас хойш би өөрөө өөртөө ээж болж явна даа. Гэхдээ таныг гүйцэхгүй юмаа. Хичээж л байна охин чинь. Санаа битгий зовоорой. Нартад намайг төрүүлсэн ээж минь. Санаж байна таныгаа. Үгүйлж байна таныгаа. Зүүдэндээ таньтай учирдаг шүү. Нэг ч болов үнсүүлэхсэн дээ таньдаа.
Ээжээ та энэ хорвоод хүү болон мэндэлсэн байна гэсээн. Жирийн амьдралтай айлд эрүүл энх өсөн торниж байна гэсэн шүү. Тийм болохоор ээжээ зөн совин учрал гэж байдаг бол таны тэр хойд дүрийг чинь нэг хараад сэтгэлээ амраах юмсан.
Ээжээ би таньдаа зориулж гоё юм бүтээх юмсан гэж мөрөөддөг. Тэр юу вэ гэвэл би таньдаа зориулж дуун суварга бүтээх юмсан гэж бодож явна. Үүний төлөө зүтгэнэ ээ. Үүнийг би хийж чадвал таньдаа дуулгана аа.
Ээж минь та олонтой явсан
Ээж минь та охидтой явсан
Ээж минь та сүү шиг ариун сэтгэлтэй явсан
Ээж минь та хийморьтой, энэрэлтэй явсан
Ээж минь та бурууд хатуу, зөвд зөөлөн явсан
Ээж минь та талын Монгол шигээ агуу явсан шүү
Миний бурхан эжий
Хорвоогийн бүх ээжүүд урт насалж удаан жаргах болтугай
Эхийн сүү, эхийн өвөр байсан цагт энддэггүй гэж ярьдаг. Холын холд хүү нь өвдөхөд эх хүн совингоороо мэдэрч нойргүй хонох нь ч бий. Эхийн хэвлийгээс унаагүй юм шиг аашлах зан монгол хүнд байсангүй. "Ижийтэйгээ байхад баян байлаа" гэж манай нэг нэртэй найрагч бичсэн нь яасан үнэн билээ. Эхийнхээ ачийг хариулахыг хүсэхгүй хэн байх билээ. Ямартаа л "Ариун гангийн уснаас уулгахсан" гэж дуулж байх вэ дээ. Миний бие тээр жил нэгэн шүлэг оролдож
"Ижий минь намайг санасан байна билээ
Эргэж ирэхгүй удаад хүүгий нь сэтгэл дутахад
Ингэн туйлаадас тэргүүнд нь буусан байна билээ" гэж бичиж байснаа санаж байна.
Буриадын нэрт яруу найрагч Дондог Улзытуев манай нэгэн найрагчтай Улан-Үдэд хэд хоног архидаж байгаад нэг өдөр алга болчихож гэнэ.
Маргааш нь царай муутайхан орж ирээд "Би Агийн аймаг явахгүй бол болохгүй нь эхийн бие муу дуулдана. Эхнэрийг мянга ч хуурсан яах вэ. Эхийг ганц ч хуурч болохгүй"гэсэн гэдэг.
Тэгэхлээр эхийгээ хуурч, эхийгээ айлгах авир монгол хүнд байдаггүйн илрэл биз ээ. Нэгэн шүлэгч "Хүү цэргээс ирнэ гэж ээж минь
Авдраа уудлана
Ханьтай ч ирэх нь юу магад гэж
Эсгэчихээгүй дурдангаа гаргаж үзнэ" гэж эх хүний сэтгэлийг нүдэнд тустал бичсэн нь бий.
Оросын алдарт яруу найрагч С.Есенин эхийнхээ тухай үргэлж ярьж явдаг нэгэн байсан бөгөөд "Ээждээ бичсэн захидал" найраглалдаа,
"Санаж сарвайх ганц ээж минь
Сахилгагүй муу хүүгээ өршөө
Ирж уулзсангүй гэж хүүгээ буу зэмлэ
Их хотын шуугианд дутах юмгүй ч
Ээж, тосгон хоёроос минь илүү юм алга гэж бичсэн байдаг. "Хорвоогийн хүн бүхнийг эхийгээ хайрлаж яваарай гэж захья" гэж Чилийн алдарт яруу найрагч Пабло Неруда бичиж байлаа.
"Эх хүн, Эмэгтэй хүний өөдөөс буу шагайх нь байтугай хялайн харж болно гэж үү" гэж Чехийн нэрт хувьсгалч Калара Цеткина уриалж явлаа. 1939 оны Халх голын дайнд манай нэг эрэлхэг дайчин Японы нэгэн мэргэн буудагчийг буудчихаад очиход тэр нь эмэгтэй эх хүн байж. Хөхнөөс нь сүү садраад үхлүүд хэвтэх түүнийг харснаас хойш буу шагайж чадахгүйд хүрсэн тухай дурсамждаа бичсэн байдаг. Оросын алдарт яруу найрагч Тавардовский нэгэн шүлэгтээ
"Ээж минь хүүдээ бүү зов
Эргэж ирэх нэгэн өдрийг хүлээ
Дайн дайсныг авч явахаас биш
Хүүг чинь авч явахгүй
Хэвлий болсон ариун эх орон та юм шүү" гэжээ.
Ийнхүү эхийнхээ тухай бичдэггүй үндэстэн гэж байдаггүй биз ээ. Сумын бага сургуульд байранд суухдаа ээжийг санах гэдгийг анх удаа үзсэнсэн. Дэрэнд хүрэхэд дээлийн нь үнэр үгүйлэгдээд дэндүү тансаг ээжийн бор авдар бодогдоод, дэнж хөтлийн тэртээх гэрээдээ очихын хүслэн болдогсон. Энэ бол тухайн хөдөөгийн ахуй амьдралтай холбоотой биз ээ.
Эхийнхээ сүүг хөхөж өссөн хүн харгис байх учиргүй гэж ярих нь бий. Манай нутгийн нэгэн эр эхнэрийнхээ дэргэд "Эхийгээ өнгөрснөөс хойш ээжийнхээ аягалсан цайнаас илүү сайхан цай уусангүй" гэж ярихад нь эхнэр нь уурсан "Би чамд ямар цай чанаж өгчихөөд байгаа юм бэ. Би ч бас эх хүн шүү" гэхэд мань хүн дуугүй болсон гэдэг. Хэн хэний нь зөв юм даа.
"Бурхан бурхан гэх боловч ижийгээс минь илүү бурхан хаа байгаа юм бэ" гэж нэгэн найрагч бичсэн удаатай. Энэ хорвоогийн хэн ч бай ижийтэйгээ байхдаа баян байдаг даа. Ариун сэтгэлт хүний оюун ухаанд нас дээр гарсан ч ижий гэдэг бодогдоостой байдаг юм гэнэ билээ. Ээжийгээ бодохгүй цаг, Ээжийгээ санахгүй мөч хэн хүнд байдаггүй биз ээ.
Айл гэр болж өрх тусгаарласан хэрнээ ээждээ гүйгээд байхыг яана. Аргагүй л эхийн хайр үрд шингэснийх биз ээ. Тэгэхдээ эх үр хоёр бие биенээ санан уулзалдах шиг дээдийн жаргал энэ хорвоод байдаггүй гэж хэлж болно оо. Хаана хэний үнээ тугал нийлэх гэж явна вэ, тэнд дуу нь хангинаж явдаг, хэн гээчийн бие лагшин муу дуулдана түүнд уулга алдан гүйдэг ээжийгээ бодоход нүдэнд нулимс цийлгэнэнэ билээ.
elgemsuu egchee ta namaig uxtel mini uiluulchixlaaa , yutai unen ug ve , eej mini bidnii amid burxan yum shuu dee , bugdeeree ijii burxandaa zalbirtsgaay bid chin tedniixee tsagaan suunii urgamal shuu deee .