Moderator: mgl_300
Төмөр бар жил нялхаст харш, хатуу жил болно гэсэн олны дундах яриа зарим эхийг хүүхдээ хугацаанаас нь өмнө төрүүлэхэд хүргэжээ.
Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгүүд үхэр жилийн сүүл саруудад мэс ажилбараар хүүхдээ төрүүлэх гэсэн эхчүүдийн хөлд дарагдсан гэх мэдээлэл байсан юм. Ингээд ЭНЭШТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн захирал Г.Санждоржтой ярилцлаа.
-Бар жилд төрөхийг хүсэхгүй байгаа эхчүүд олон байсан гэж сонслоо?
-Миний ажиллаж байсан жилийн хугацаанд нэлээд олон бар жил тохиож байлаа. Энэ жил л эхчүүд төрөхгүй гэсэн асуудал яригдаж байна. Урьд нь ийм асуудал огт яригдаж байгаагүй ээ. Зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд өчнөөн олон хүн бар жилд төрж байгаа. Бар жилтэй олон л алдартан байдаг.
Суут хүмүүс ч бишгүй байгаа. Өмнө нь бар жил он солигдох ёсоороо солигдож байгаа юм шиг л өнгөрдөг байсан. Социализмын үед жил өдрийг тодорхой дурьддаггүй байсан. Зах зээлийн үед шилжсэн сүүлийн 20 жилд л жил cap, тооцоолдог болсноос биш өмнө нь ийм асуудлууд огт яригддаггүй байв.
-Бар жил гарахаас өмнө төрөхийг хүссэн эхчүүд танайд хэр олон хандсан бэ?
-Яг жирэмсэн эхчүүд ирж өөрсдөө асууж, уулзах тохиолдол байгаагүй ээ. Танадалт маягаар хүмүүс ирж асууж байсан. Тэдэнд энэ нь мухар сүсэг өмнөх бар жилүүдэд олон эх эсэн мэнд төрж, үр хүүхэд нь сайн сайхан байгаа гэдгийг хэлж ойлгуулдаг. Бэлгэдлээрээ бол бар гэдэг амьтан чинь харьшгүй хүчтэй, эрэлхэг, хамгийн хүчтэй зоригтой амьтны тоонд ордог. Тэгэхээр энэ жил төрсөн хүүхдүүд харин ч сайн сайхан, алдартай болох магадлалтай хүмүүс төрөх юм шиг санагдах юм. Энэ утгаараа бар жилд магадгүй Чингис хааны залгамж халаа төрөхийг үгүйсгэх аргагүй юм.
-Жирэмслэлтээ зогсоох нь эх болоод урагт ямар хортой вэ?
-Ер нь мухар сүсэгтээ итгэж жирэмслэлтээ зогсооно гэдэг утгагүй юм.
Хүмүүн төрөлхтний тавилан гэдэг өөр өөр шүү дээ. Мэдээж 12 хүн тутмын нэг нь бар жилтэй, тэр жилд төрөх тавилантай бол төрж л таарна. Хүүхэд эхийн гэдсэнд бүрэлдээд 10 сарын турш эхээс авах ёстой шим тэжээлээ авч, бүрэн бүрэлдсэний эцэст төрнө. Гэтэл хэвийн явагдаж байгаа үржлийг таслан зогсоовол төрсөн хүүхэд гэдсэнд байхдаа авах ёстой байсан шим тэжээлээ гүйцэд аваагүйгээс өвчлөмтгий, өсөлт муутай, хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд мэндлэх болно. Өөрөөр хэлбэл дархлаа муутай хүүхэд төрнө гэсэн үг. Харин эхийн хувьд умайн архаг үрэвсэл тогтох гэх мэт өвчтэй болно. Хэвлийн ураг хамгийн сүүлийн нэг сардаа хамгийн чухал шим тэжээл, витаминаа эхээсээ авч байдаг. Яг энэ үед жирэмслэлтээ зогсоож хүүхдээ гаргавал хүүхэд тань төрсний дараа энэ витамин тэжээлээ гадаад орчноос ямар ч сайн эм тариа хэрэглээд олж авч чаддаггүй гэдгийг эхчүүд маань сайн ойлгох нь зүйтэй болов уу.
-Энэ жилийн хувьд шинийн нэгэн хоёр өдөр тохиож байгаа. Cap шинийн баяраар хэдэн шинэ иргэнийг өлгийдэн авсан бэ?
-Эрэгтэй хэд, эмэгтэй хэд төрснийг сайн мэдэхгүй байна. Хориод шинэ иргэн мэндэлсэн. Миний бодлоор 60 жилд нэг тохиодог энэ тохиол гайхалтай санагдаж байгаа. Энэ чинь маш их бэлгэшээлтэй зүйл. Ер нь бол гэр бүлүүд хэзээ хүүхдээ гаргана гэж төлөвлөнө тэр хугацаандаа хүүхдээ гаргаад тавилангаараа явсан нь дээр байх гэж боддог.
-Эхчүүд яагаад бар жилд төрөхөөс айгаад байгаа гэж та бодож байна?
-Энэ бол хүмүүсийн сүсэг бишрэлтэй шууд холбоотой. Юм үздэг мэргэч, төлөгч, хүмүүст ийм айдас төрүүлж байгаа лам нар иймэрхүү юм ярихаа болих хэрэгтэй. Энд чинь хүний амь нас, эрүүл мэндийн асуудал шууд хамаарч байгаа. Тиймээс ийм эмзэг асуудлыг сүсэг бишрэлийг нь далимдуулж ярьж болохгүй ээ. Үүнийгээ хойшид больсон нь дээр гэж хэлмээр байна.
Жирэмсэн эхчүүдийн ихэнх нь хамба лам 3.Санждоржийн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн "Нялхаст харш жил болно" гэсэн үгэнд итгэсэн нь энэ байдлыг улам ихэсгэжээ. Иймд Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба лам 3.Санждоржтой ярилцсан юм.
-Та телевизд өгсөн ярилцлагадаа төмөр бар жил нялхаст халтай, хатуу жил болно гэснээс жирэмсэн эхчүүд бар жил гарахын өмнө хүүхдээ хугацаанаас нь өмнө төрүүлэх хандлага нэмэгдсэн байна. Та ярилцлагынхаа талаар тайлбар өгөхгүй юу?
-Ер нь хүмүүн төрөлхтний зурхайн зурлагыг шороон үхрийн зурхайгаар зурж тодорхойлдог. Тэр шороон үхрийн зурхайгаар үхрийн өмнө ямар хүний зураг байгаагаар амьд байгаль, газар дэлхий зэргийг тайлбарладаг. Энэ жилийн хувьд үхрийн өмнө идэр насны залуу хүн байгаа учраас үүнийг тайлж уншихдаа бага балчир хүүхэд, нялхаст хатуу жил болно гэж байгаа. Энэ нь хүүхэд төрүүлж болохгүй гэсэн үг биш гэдгийг юуны түрүүнд сайн ойлгох хэрэгтэй. Нялхас төрүүлж болно, гэхдээ засал номыг нь сайн хийлгэх хэрэгтэй гэсэн үг. Зурхайн зурлага гэдэг бол тооны ухаан байдаг. Төмөр бар жил 60 жилд нэг удаа тохиох бөгөөд энэ жилийн бар жил хүүхдэд хатуу жил болно гэдгийг би өөрөө бодож олоод хэлж байгаа хэрэг биш юм. Зурхайн ухаанаар тэгж тайлбарлагдаж байгаа хэрэг. Харин хөгшид өвгөд, ахмад настнуудад эерэг сайн жил болж байгаа гэж бууж байгаа.
-Тэгвэл засал номыг нь хийлгэхгүй бол харш байх магадлалтай гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Засал номоо сайн хийлгэвэл хүүхдэд зүгээр. Энэ жил төрсөн хүүхдүүдэд асаргаа халамж, анхаарал арай илүү байх хэрэгтэй юм. Ингэснээр хүүхдийнхээ ирээдүйн амьдралын саад бэрхшээлийг шулуун дардан болгож байгаа юм.
-Тэгвэл бүх бар жилтэй хүүхдүүдэд муу жил болно гэсэн үг үү. Ер нь бар жилтэй хүмүүс муу явдаг гэж ойлгож болох уу?
-Тэгж бас болохгүй юм аа. Төмөр бар жил нь 60 жилд ганц тохиодог гэж би дээр дурьдсан. Одоо чинь XVII жарны төмөр бар жил гарч байна. XVIII жаранд бас л нэг удаа төмөр бар жил тохионо. Өмнө нь гал бар жил, усан бар жил гээд тохиож байсан хэдий ч Тийн урвагч хэмээх төмөр бар жил ганцхан л удаа тохиож байгаа юм. Энэ жил л нялхаст харш гэж байгаа болохоос биш 12 жилд нэг удаа давтагдах бүртээ байнга харшилна гэж байхгүй. Бар жилтэй гавъяатан, түүхэнд тэмдэглэгдсэн хаад ноёд их байдаг.
-Үүнээс гадна бар жилтэй нэг гэр бүлийн хоёр хүн хоорондоо хэрүүл тэмцэлтэй, муу байна гэж яриад байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Энэ бол цэвэр хүмүүсийн ам дамжсан мухар сүсэг бишрэлээс улбаатай яриа юм. Жил бүр иймэрхүү яриа гарч байдаг. Өөрөөр хэлбэл, могой жил гарвал хоёр могой орооцолддог гэнэ. Үхэр жил гарахаар хоёр үхэр мөргөлдөөд муу гэнэ. Муу гээд эсрэгээр хараад байвал бүх зүйл л муу болно. Зурхайн зурлага бол арван хоёр жилээр нэрлэсэн хугацааны нэршил болохоос биш амьд амьтан биш шүү дээ. Монгол хүний ухамсар өөрөө л амьтан мэтээр хүлээж авч түүндээ итгээд байдаг.
-Ер нь бар жилтнүүдийн хувьд амьдралын хэв маяг нь хэр байдаг вэ?
-Шуудхан хэлэхэд бүх л судар номонд бар жилтэй эмэгтэй хүнийг амьдралынхаа ханийг зөв сонгож, сайн засал ном хийлгэхгүй бол хувийн амьдралдаа алдаа гаргах, гэр бүл нь салах магадлал өндөр байдаг гэж тэмдэглэгдсэн байдаг. Бар жил бол эр жил гэдэг утгаараа эмэгтэй хүнд жаахан хүндэддэг гэж үздэг. Тиймээс энэ зурхай нь эртнээс эдүгээг хүртэл уламжлагдан ирэхдээ бар жилтэй бэртэй болохоос цэрвэдэг Монгол уламжлал тогтсон.
Жирэмсэн зарим эх энэ асуудалд хэрхэн хандаж байгаа талаар тодрууллаа.
-Бар жилд төрөх нь нялхаст харш гэдэгт та ямар бодолтой байна вэ? гэсэн асуултад хариу авсан юм.
БГД-ийн иргэн Б.Хонгорзул
Бар жилд төрөх тавилантай хүн төрж л таарна. Дэлхий дээр бар жилтэй олон хүн л байгаа. Бүгд муу муухай явж байгаа гэж би хувьдаа бодохгүй байна.
СБД-ийн иргэн Х.Ганцэцэг
Би таван сард төрнө. Бар жилд төрж байгаагаа харин ч бэлгэшээж байгаа. Телевизээр тиймэрхүү яриа нэлээд гарч байсан. Тийм дэмий юманд итгэх хэрэггүй ээ гэж жирэмсэн эхчүүддээ хэлмээр байна.
СБД-ийн иргэн Ж.Болор
Миний анхны төрөлт болохоор анх 12 сард байхаа энэ талаар сонсоод жаахан эвгүйцсэн. Намайг жаахан байхад бар жилийн, бар сарын, бар өдөр төрсөн хүн хаан болох заяатай гэж сонсож байсан юм. Тэгээд л тоохоо больчихсон. Харин бар жил эмэгтэй хүүхдэд жаахан хүндэддэг гэж байна билээ. /инээв/
ХУД-ийн иргэн А.Золзаяа
Бурхан нэгэнт бар жилд төрөх ёстой гэж зурсан бол түүгээрээ л болно. Би ирэх сарын сүүлээр төрнө. Миний анхны хүү бар жилтэй гурав дахь хүүхдээ ахынх нь 13-ны жил дээр гаргаж байгаадаа баяртай байгаа
yamarch jild turnvv yamar xamaa bainaa xvmvvs ingeed managartaad muxar svsgendee itgeed baidagshd zunduu l bar jiltei emegteichvd erchvvd saixan amidraad l yawj bnshd iim t1 yum oruulhaa bolimoor yumaa unshisan chn ineed xvrchlee