Moderator: mgl_300

Танд хэрэгтэй зүйлс:
• Хөтөвч
• Сонирхолтой зурагтай ном
• Шагнал
• Ус нэвтрүүлдэггүй хүүхдийн турсик
1-р алхам
Юуны өмнө хүү эсвэл охин тань бэлэн болсон эсэхийг мэдэх хэрэгтэй. Ихэнх хүүхдүүд 2-3 насандаа өөрийгөө мэдэрч хянах чадвартай болдог. Зарим нь арай эрт ч байж болно. Хүүхэд тань өглөө сэрэхдээ живх нь хуурай байвал, өмдөндөө шээснийхээ дараа тавгүйцэж байвал өөрийгөө хянах чадвартай болж байгаагийн шинж юм.
2-р алхам
Эцэг эхчүүдийн бас нэг ойлгох чухал зүйл бол хүүхдээ хөтөвчин дээр суулгахын тулд хэзээ ч албадаж болохгүй. Мөн өмдөндөө шээснээс нь болж загнаж болохгүй. Иймэрхүү таагүй хандлага нь хүүхдийг биеээ барьсан, хөтөвчинд суух нь яг л шийтгэл мэт санагддаг болдог байна. Хэрвээ хүү тань ярилцаж ойлголцохоор том болсон бол өнөөдрөөс эхлээд живх хэрэглэхгүй гэдгийг хэлж хөтөвчөө танилцуулах хэрэгтэй.
3-р алхам
Хүүхэд хөтөвчин дээр тэвчээртэй сууна гэдэг бараг л боломжгүй зүйл. Тиймээс суулгасныхаа дараа зурагтай ном, сонирхолтой тоглоом үзүүлж болно. Мөн зөвхөн хөтөвчин дээр суух үед л гаргаж ирдэг янз бүрийн тоглоомтой жижигхэн цүнхтэй болвол сонирхолтой байх болно. Мөн тэдгээр тоглоомуудаа байн байн шинэчилж байвал зүгээр. Охин тань өөрөө тэвчээртэйгээр хөтөвчинд сууж сурах хүртэл энэ аргыг үргэлжлүүлээрэй.
4-р алхам
За тэгээд хөтөвчиндөө суугаад бие зассаных нь дараа магтаж урамшуулахаа хэзээ ч бүү мартаарай. Орой аавыг нь ажлаасаа ирэхээр нь хэлж магтуулаарай. Мөн жижигхэн шагнал өгч урамшуулж болно. Гэхдээ хөтөвчинд суусных нь төлөө шагнаж байгаа гэдгээ сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгвэл хүүхэд хөтөвчинд суух тун дуртай болно.
5-р алхам
Хөтөвчинд сууж бие зассаны дараа гарыг нь угааж заншаарай. Багаас нь ингэж хэвшүүлэх нь ариун цэврийн зөв хүмүүжилтэй болоход тун чухал байдаг гэж хүүхдийн сэтгэл зүйчид үздэг.
6-р алхам
Хүүхэд биеээ бүрэн хянаж чаддаг болтол нь эхний ээлжинд шөнө унтахад нь живх хийж байгаарай. Өдрийн цагт ус нэвтэрдэггүй турсик өмсүүлж болно. Буйднаа бас ус нэвтэрдэггүй бүтээлгээр бүтээвэл санамсаргүй тохиолдолоос сэргийлнэ.
Анхаарах зүйлс:
• Хүүхэд хөтөвчинд сууж сурах нь гэнэтийн явдал биш харин процесс гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ нь бяцхан үрийн тань болон таны хувьд ямар ч дарамтгүй байх ёстой. Хэрвээ үнэхээр сурч чадахгүй, дарамттай санагдаж эхэлвэл түр завсарлаад дахин эхэлж болно шүү дээ.
• Хүүхэд бүр өөрийн онцлогтой. Зарим нь өөрчлөлтийг хурдан хүлээж авдаг байхад зарим нь шантрамтгай байдаг. Тиймээс хүүхдээ сайн мэдэрч айдас, сандралд автуулахгүй байх нь тун чухал юм.