Moderator: mgl_300
Идээний таван амт эрүүл мэндэд тустай.
Халуун /халуун ногооны амт/, исгэлэн, гашуун, чихэрлэг, шорвог таван амт нь хүний зүрх, элэг, дэлүү, бөөр, уушги зэрэг таван цулыг тэтгэж хий, цусыг нөхөн төлжүүлдэг тул амьдралд зайлшгүй чухал хэрэгцээтэй.
Халуун амт
Цус хийн гүйдлийг идэвхжүүлж, хийн бөглөрөл, цусны бүлэгнэлийг арилгадаг. Гэвч энэ төрлийн амт нь сэдрээх чанартай тул хэтрүүлэн идвэл уушгины хийг хөөрүүлж, хошногоны сүвийг хосргодог тул шамбарам болон ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, өтгөн хатах, шээсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэвэл зохино.
Исгэлэн амт
Исгэлэн амтат идээ нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж, элэгний зарим төрлийн өвчнөөс сэргийлдэг. Гэвч исгэлэн амттаныг хэтрүүлэн идвэл хоол боловсруулах эрхтэн хямарч болзошгүй. Ялангуяа ходоодны хүчил ихэдсэн, үе мөчний буюу бөөрний дутагдалтай хүмүүс ийм амтанд хэт шунахын хэрэггүй.
Гашуун амт
Ийм төрлийн амттан нь хөөрлийг намжааж, шээс туух үйлчилгээ үзүүлдэг. Өтгөн хатдаг хүмүүс гашуун амттай зүйлийг бага хэрэглэвэл зохино. Хэтрүүлэн хэрэглэвэл зүрх дэлсэх дотор муухайрах зэрэг шинж илэрч болно.
Чихэрлэг амт
Чихэрлэг амттан нь хий, цусыг төлжүүлэх, мал булчинг тавируулах, хордлого тайлан зэрэг үйлчилгээтэй. Гэвч чихэрлэг амттаныг хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэн, хэт таргалж болзошгүй. Иймд тарган хүмүүс болон шижин өвчтэй хүмүүс чихэрлэг амттанд шунах хэрэггүй юм.
Шорвог амт
Шорвог амт нь биеийн цус хөлсөнд зайлшгүй шаардлагатай бодис. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулах,, цусны даралтны хэм алдагдан өвчин үүсгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.