

Бетховен дүлийрч эхэлжээ. Хөгжимчин хүн дүлий болсон нь бүх хүнд түүний төгсгөл ирсэн мэт бодогдож байлаа. Үнэндээ дүлий байж хөгжим тоглох нь ямар ч боломжгүй юм. Тэгтэл нэгэн өдөр сохор охинтой дайралджээ. Бетховен өөрөө өөрийгөө сонсож чадахгүй дүлий болсон учир тахир дутуу байхын зовлонг цус махандаа шингэтэл мэдэрч байв. Тэр үед цонхоор сарны гэрэл үзэсгэлэнтэйгээр гэрэлтэж, тэр гэрэл нууранд тусаж нуурыг илүү үзэсгэлэнтэй болгосон байв. Үзэсгэлэнт нуур, сарны гэрлийг харж чадахгүй охиныг бодоод сэтгэлд нь харамсал төржээ. Бетховен тэр охинд нуурны үзэсгэлэнт сайхан сарны туяаг тайлбарлаж өгөхийг хүсэв. Тиймээс төгөлдөр хуурынхаа ард сууж өөрөө ч мэдэлгүй гайхалтай аялгуу урсгалаа. Тэр хөгжим нь алдартай сарны сонат юм. Бусдын төлөөх үнэнч сэтгэлтэй байхад гайхамшиг бий болдог. Бетховен сохор охинд зориулсан сэтгэл боломжгүй зүйлийг боломжтой болгож чадсан юм.
Герман эмгэний бэлэг
Энэ явдал Солонгосын 6-25-ны эрх чөлөөний дайны дараахан гадаадад суралцаж байгаад эх орондоо буцан ирсэн нэгэн их сургуулийн багшид тохиолдсон юм. Түүнийг Германд 4 жил суралцаад нутаг буцах болоход хөлсөлж байсан байрны эзэн эмгэн түүнд сайтар боож багласан цаасан хайрцагтай зүйл өгөөд "Нутагтаа очоод задлаарай. Таны хувьд хамгийн нандин дурсамж үлдээх зүйл байгаа шүү" гэжээ. Нөгөө багш дотор нь юу байгаа бол гэсэн сониуч зандаа хөтлөгдөн онгоцонд оруутаа л нээж үзээд маш их гайхжээ. Учир нь эмгэн түүний хэдэн удаа өмсөөд л хаясан цоорхой оймсыг нь угааж, цэвэрхэн нөхөөд хийсэн байв. Оймстой нь хамт "Ээжийнхээ явуулсан оймсыг ийм амархан хаяж болно гэж үү? Сайхан амьдрахын нууц нь хэр зэрэг их мөнгө олж байна гэдэгт биш, хэр зэрэг хэмнэж байна вэ гэдэгт л байдаг гэж би боддог. Хайрлаж гамнаж, хадгалж нэмнэдэг хүн хийгээд улс гүрэн хөгждөг юм" гэсэн захидал байжээ. Өнөөх багш үүнээс ихийг ухаарч ойлгосон бөгөөд эх нутагтаа ирээд боломж л гарвал үүнийг жишээ болгон ярьдаг болжээ.
100 000 Долларын үнэтэй хамгаалалтын тор
1930 оны үед Сан Франциско хотын алдарт "Голден Гэйт" гүүрийг засаж байх үед усанд унаж осолдох явдал их гардаг байв. Ослын шалтгаан нь өндрөөс айсан айдас байлаа. Тэр үед засварын ажлыг хариуцаж байсан удирдах хүмүүс засварчдын амь насыг аюулгүй байлгаж, засварын ажлыг тайван урагшлуулахын тулд гүүрний доор тухайн үедээ 100 000 долларын үнэтэй том хэмжээний тор татжээ. Гайхалтай нь тэр торыг тавьснаас хойш засварчид доош унахаа больж, засварчдын ажлын хурд ч 20 хувиар нэмэгджээ. Тэр тор засварчдыг хийж байгаа ажилдаа бүх сэтгэл санаагаа зориулан тайван ажиллах боломж олгосон бөгөөд үхлийн тухай айдсыг үгүй болгож, доошоо унасан ч далайд унаж үхэхгүй гэсэн итгэлтэй болгосон юм. Аливаа ажлыг хийхдээ амьдралд гүйцэтгэх чухал үүргээс нь илүү нүдэнд харагдах сайн талыг бодох нь хялбар байдаг. Бид нар хамт сурдаг найз, хамтран ажилладаг хүмүүсийнхээ хүсэл бодлыг хүндэтгэж зовлонтой үед л нь тайтгаруулах халуун сэтгэлдээ алдахгүй байх хэрэгтэй юм шүү.