Moderator: mgl_300
Өмнөд Солонгост буулаа. Ханиад тахал гарсан шинж тэмдэг анзаарагдсангүй. Амны хаалт зүүсэн хүн ч үзэгдэхгүй юм. Эднийхэн ийм хариуцлагагүй улс уу, эсвэл ханиад манайх шиг ноцтой хэмжээнд хүрээгүй юм уу бүү мэд. Тосож авсан хүмүүсээсээ лавлав. Энд нэг их сүйд болохгүй л байгаа шүү дээ. Хааяа л зурагтаар ханиаднаас хэрхэн сэргийлэх тухай болон вакцин хийлгэх талаар зөвлөж байгаа харагддаг. Ханиад яахав ээ. Хойд Солонгостой дайтах шахсан нь л энд илүү анхаарал татаж байгаа гэж байна. Яагаад ханиаднаас айхгүй байна вэ гэхээр нэгд иргэд нь ариун цэврийн дэглэм сайн сахидаг. Сахидаг гэхээсээ илүү төр засгаас тийм байх нөхцөл боломжийг нь бүрдүүлээд өгчихдөг болохоор нэмж ухуулаад байх шаардлага бараг гардаггүй аж. Хоёрт ханиад гарсан сургаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг Эрүүл мэндийн салбар нь авчихдаг. Өөрөөр хэлбэл манайхан захиалчихаад хүлээж буй вакциныг өөрсдөө үйлдвэрлээд иргэдээ тарьчихсан гэнэ. Амны хаалтны хувьд бол зөвхөн ханиад хүрсэн хүмүүс л бусдад халдаахгүйн тулд зүүхийг эмч нар зөвлөдөг гэнэ.
СОЛОНГОС ХӨГЖСӨН НЬ ҮНЭН Ч ГЭЛЭЭ ДИВААЖИН БИШ
Дашрамд дуулгахад нэг хачирхалтай мэдээлэл сонсов. Солонгост олон жил ажиллаж буй монгол залуу ярьж байна. Эндээс худалдаж авах юм бараг олдохгүй шүү. Том дэлгүүрийн сайн бараа нь учиргүй үнэтэй. Тэгээд ч ихэнх нь аль хэдийнэ Монголд оччихсон, бараг эндхийн үнээр зарагдаж байгаа. Арай хямдхан нь болохоор Хятадад үйлдвэрлэсэн, эсвэл эндхийн хятадууд хийсэн хувцас байдаг юм. Манайхан ирэхээрээ Түндэмүн хавиас л бараа авч харагддаг. Арай хямд л даа. Хувь хүмүүсийн л хийсэн гутал хувцас голдуу тэнд худалдагддаг. Чанар нь Эрээнийхээс сайн шүү. Сөүлд хэд хэдэн жижиг үйлдвэр бий. Би ч хэсэг хугацаанд тэнд ажиллаж байсан. Ер нь монголчуудыг ажиллуулдаг. Үйлдвэр ч гэж дээ. Хятадаас бөөнөөр нь оруулж ирсэн бараануудын шошгыг хуулж аваад оронд нь "Солонгост үйлдвэрлэв" гэсэн шошго наах ч юм уу, оёдог л дамжлагын газар л даа. Тэгээд Монгол руу ачуулдаг. Бодвол манайхан солонгос бараа авлаа гэж хууртаад илүү үнээр авдаг биз гэлээ. Анхаармаар өөр нэг зүйлийг хэд хэдэн хүн хэллээ. Тэр нь монгол бүсгүйчүүд солонгос хүнтэй гэр бүл болох нь ихэсч буй тухай. Солонгосын хөдөөд залуус их ховордсон гэнэ. Ялангуяа залуу бүсгүйчүүд бүр ч цөөрсөн. Бүгд хот бараадаад явчихдаг болоод тэр. Манайд ч гэсэн хөдөө сум, баг эзгүйрч байгаатай төстэй л юм. Тэгээд хөдөө бага зэрэг газартаа будаа ногоо тарих ажилд хөгшчүүл л тунаж үлдэх болсон юм байна. Өмч хөрөнгөө өвлүүлэхээр авч үлдсэн ганц нэг хүүхдээ торгоохын тулд, бас тариа ногооныхоо ажлыг хийлгэхийн тулд монгол хүүхэн эхнэр болгох нэрээр авч өгдөг жишиг газар авч байгаа ажээ. Манай бүсгүйчүүд Солонгост л очиж байвал 'Тэнгэрийн умдаг атгах" юм шиг төсөөлж, хэнтэй ч хамаагүй гэрлэхийг зөвшөөрчихдөг. Очсон хойноо гэрээний хугацаа дуустал газрын мухарт, хөгшин солонгос эрийн өврийг бүлээцүүлж, эцэг, эхийг нь асрах, хоол цайг нь хийж суухаас аргагүй болдог юм байна. Тэсвэр нь барагдахдаа амиа хорлосон тохиолдол ч дуулдсан гэх. Эдийн засгийн хямралаас болоод ажлын байр хомсдож, хараар ажиллагсдыг баривчлах нь ихэссэн тухай яригдаж байна. Шөнийн цагаар голдуу цагдаа нар жижиг үйлдвэрийн ажилчдын байр руу дайрч орон баривчилдаг. Хувцсыг нь ч өмсүүлэлгүй шууд хоёр хоёроор нь гавлаж машинд ачаад шоронд хийчихдэг. Тэндээсээ нутаг руу нь ачуулдаг аж. Нэг удаагийн ийм баривчилгаагаар хоёр солонгос иргэнээ андууран баривчилж, ямар ч тайлбар сонсолгүй нүцгэн, шалдан хэвээр нь шоронд хийчихсэн гэнэ. Маргааш нь бөөн асуудал үүсч хүний эрх ноцтой зөрчсөн учир олон улсын хүний эрхийн байгууллагад шалгагдаж байгаа тухай телевизээр гарчээ.
БАР ОРНЫ ИРГЭДЭД АМРАХ ЗАВ ОЛДДОГГҮЙ
Солонгосын соёл ба хөгжлийг гайхан магтахын зэрэгцээ төр засгийн зүгээс хүний төлөө хэрхэн ажилладаг болохыг илүүтэй биширсээр Японы Фукоако хотод онгоцноос газардав. Хорь гаруйхан жилийн өмнө далай цэлэлзэж байсан гэх энэ газар орчин үеийн хот сүндэрлүүлсэн япончуудыг хүчирхэг гэхээс яахав. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших жар гаруйхан жилийн дотор "Азийн бар" болсон улс шүү дээ, Япон. Хамар дороо хар сахалтай махир сэлэм зүүсэн, муу сайн самурай нарыг манай армийн дайчид бут цохисон хэмээн биднийг цээжээ дэлдэн суух зуур улс орон ингэж хөгжиж, хүн ардаа хэрхэн хөл хөсөр, гар газар жаргааж болдог бодит жишээг харах бүрий халаглах, харамсах зэрэгцэнэ. Аль ч талаасаа орчин үеийн эрүүл хотын загвар хэмээн тооцогдож, Япондоо дөрөвт зэрэглэгддэг энэ хот нэг сая хоёр зуун мянган хүн амтай, яг л Улаанбаатар шиг. Бороотой өдрийг эс тооцвол цэв цэлмэг хөх тэнгэртэй, цэв цэвэрхэн, цэлгэр гудамжнуудтай юм. Ерөнхийдөө дэлхийн том хотуудад байдаг бүх дэд бүтэц, буудал, спортын ордон гээд бүгд л байна. Японы үндэсний бөх болох сумогийн ээлжит башё энэ хотод болдог уламжлалтай. Энд ирсэн зорилгын маань нэг нь сумогийн ордонд орж, нээлтийн ажиллагааг сонирхох, монгол сумочдоо хөгжөөн дэмжих байлаа. Билет нь олддог гэсэн ч нээлт, хаалт хоёрын хувьд ховор гэнэ. Хамгийн хямд билет нь манайхаар бол гучаад мянган төгрөг байдаг бололтой. Монголоос ирсэн гэдгээ хэлж, учирлаж байж дөнгөж гурван билет авлаа. Япон найз маань орж чадсангүй. Тэрээр энэ хотын уугуул япон хүн боловч сумогийн ордонд орж үзээгүй гэсэн. Тийм зав ч олддоггүй, телевизээр л хардаг гэж байсан юм. Хэдийгээр хамгийн арын шахам суудал олдсон ч гэлээ монгол сумочдоо гарах бүрийд төрийн далбаагаа намируулан, Монголоороо хашгирч хэрэндээ л дэмжсэндээ сэтгэл өег гарсан шүү. Бас болоогүй их аварга Дагвадорж, Харумофужи Бямбадорж хоёртойгоо уулзаж гар барин баяр хүргэсэн гээч. Дээд зиндаанд 10 монгол залуу зодоглож байгаа нь үнэхээр бахархалтай. Бид дөрвийг дуу нийлүүлэн хашгирахаар япончууд инээмсэглэн харж, зураг авч, зарим нь зэрэгцэн дэмжиж байлаа. Ордонд нэгэнт орсон хүн дурсгалын зүйл худалдаж авах, хоол хүнс идэх гээд бөөн бизнес явагдах юм. Гачлантай нь үнэ ханш нь дийлэхийн аргагүй юм билээ. Бид дөрвийн авсан зууш, муушхан бараг 300 доллар дөхсөн гээч. Дагвадоржийг дуурайлгаж хийсэн утасны жижигхээн оосор л гэхэд таван доллар юм. Ер нь ганц энд ч биш Японы хаа ч гэсэн амьдралын өртөг тун өндөр. Буудлын хамгийн хямд өрөө 120-200 доллар. Хүмүүсийнх нь цалин манай ижил төстэй мэргэжлийнхнээс 10-20 дахин илүү гээд бодохоор тэр биз ээ.
ЭНД Ч БАС ХАНИАДЫГ ТООЖ БАЙГАА НЬ МЭДРЭГДСЭНГҮЙ
Хөл хорио тогтоосон, аарц маарц тараасан юм огт анзаарагдсангүй. Амны хаалт зүүсэн хүн мөн л үзэгдсэнгүй. Гэхдээ хүмүүс ханиадны тухай мэдэж байнаа. Вакцин хийлгэсэн байхад санаа зоволтгүй гэцгээнэ. Харин олны хөлийн газар бүрт гар ариутгах шингэн бүхий гоожуур байрлуулчихаж. Япончууд том жижиггүй өдөрт 2-3 удаа усанд орж, эрүүл мэнддээ байнга анхаарал тавьдаг болохоор хөл хориод, гараа савандаж угаахыг заагаад байх шаардлагагүй бололтой. Шаардлагатай вакциныг нь аваад зарласан байхад өөрсдөө очоод хийлгэчихнэ. За тэгээд хот нь утаагүй, цэвэрхэн, хоол хүнс нь эрүүл ахуйн шаардлага хангасан, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нь олон, байнга нээлттэй гээд төрийн зүгээс гүйцэтгэх үүргээ сайн биелүүлдэг болохоор иргэдэд санаа зовох зүйл бага. Хотын хаана ч гэсэн байшин гэрээ барих боломжтой. Өөрөөр хэлбэл тэр газар бүрт нь халуун хүйтэн ус, цэвэрлэх байгууламж, цахилгаан, зам, тээвэр нь хүрэлцээтэй байдаг. Тэрийг нь төр хийгээд өгдөг гэсэн үг л дээ. Ямар азтай хүмүүс вэ гэж атаархахаар. Асуудлын гол нь иргэд нь азтайдаа биш юм аа. Мэдээж иргэд нь ажилсаг (ажил хийхгүй бол амьдрал нь зогсохоор юм билээ) байж таарна. Гагцхүү тэр ажилсаг чанараа гаргаж ахуй амьдралаа дээшлүүлэх боломж, санаачилга бүрийг нь төр засаг нь хөхүүлэн дэмжиж, шаардлагатай гэвэл хүүгүй зээл олгож чаддагт л төрийн түшээдийнх нь ухааны цар чиглэдэгт л хамаг учир байна. Жишээ нь бидний зочилсон айл хотын бүр захад, тэнгисийн эрэг дээр, бараг ууланд байсан. Гэхдээ л орчин үеийн техник хэрэгсэл бүгд ажиллаж, бие засах өрөөндөө суурь нь халдаг, дороосоо ус цацаж угаадаг "Тото" фирмийн угаалтуур, шүршүүр иж бүрнээр нь суурилуулчихсан байх жишээтэй. Манайд бол зөвхөн сайд, дарга нарт л ингэж төвхнөх боломж бий. Том компанийн захирлуудыг дурдаж болох л доо. Гэхдээ л тэдний ихэнх нь сайд дарга байсан эсвэл тэдний хамтрагч байдаг нь нууц биш болсон биз дээ. Уг нь олсон мөнгө, авсан зээл тусламжаа зөв хуваарилж, шударгаар зарцуулдагсан бол хоёр сая гаруйхан хүнийг энэ зэрэгтэй байлгах хэмжээнд хүрсэн тооцоо гардаг юм билээ.
БУЯНТ-УХААД БУУМАГЦ ЦЭЭЖ ХОРСГОН УГААР ХАНХАЛНА
Хэдхэн жилийн өмнө гаднаас ирээд Буянт-Ухаад буумагц нэг их урт амьсгал аваад цээж тэнийж, сэтгэл баясдаг байсан. Тэр цаг өнгөрч дээ хөөрхий. Битүү утаан дундаас зах нь сүүмэлзэх нийслэлээ хараад яаж ийшээ орж, хэрхэн амьсгална даа гэхээс дотор давчдана. Болдогсон бол нэг жилийн төсвөө бүгдийг нь хотын утааг арилгахад чиглүүлээд үзэхсэн. Гахайн ханиад гарсан учир хөл хорио тогтоож, аарц, чацаргана тараахаасч яахав. Ханиад хүндрэхэд хамгийн их нөлөөлж буй агаарын бохирдлоо арилгаж чадахгүйгээс хойш. Төрийн урагшгүй бодлогын харгайгаар ийм болгочихоод мэдээгүй царайлан сүржигнэж, ханиадыг дарж чадсангүй хэмээн Ламбааг загнаад ч яах юм билээ. Харин амны хаалтны хувьд бодууштай л юм шиг санагдсан шүү. Угаасаа хүчилтөрөгч дутагдаж, бүтэн амьсгалж чадахгүй байгаа хүмүүст нийлэг эдээр хийсэн агаар нэвтэрдэггүй маск зүүлгэн улам дутагдуулах нь буруу ч байж мэднэ. Тэрний оронд ханиад тусан хүндрэх магадлалтай жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд хорт утааны баг зүүлгэвэл илүүтэй хамгаалж магадгүй. Ханиад ерөнхийдөө дарагдаж байна гэх тайвшрал гарч буй бололтой. Эрдэмтэн судлаачид болохоор бүр эсрэгээр нөгөө вирус төрөл арилжин хоруу чанар нь нэмэгдсэн хэлбэрээр дахиж болзошгүйг анхааруулсаар байна. Хавар дахин дэгдэж болзошгүй гэсэн сэрэмжлүүлэг буй заа. Одоохондоо вакцинаас өөр найдвартай хамгаалалт үгүйг ДЭМБ зөвлөсөн гэсэн. Манайд ирээгүй л байдаг. Өндөржүүлсэн байдал зарласан хугацаандаа нүүрс, хог түлэн гал түлэхийг зогсоож, айл бүрт цахилгаан халаагуур тарааж өгөөд, цахилгааны үнийг нөлөөлдөггүй юм гэхэд хямдруулчихвал хотын утаа багасах л байх даа гэж хүртэл бодох юм. Болдоггүй л юм байлгүй дээ.