
Африкийн бүсээс ДАШТ-д оролцох 6 багийн 5 нь тодорлоо. Зохион байгуулагч орны хувьд ӨАБНУ ДАШТ-д шууд оролцох бол бусад 5 баг нь сонгон шалгаруулах 3 шатыг давсны эцэст эрхээ авах байлаа.
3-р шатны сонгон шалгаруулалтанд үлдсэн багууд 5 хэсэгт хуваагдан тоглосон бөгөөд сүүлийн тоглолтноос өмнө Гана, Зааны Ясан Эрэг улсууд ДАШТ-ын эрхээ аваад байв. Харин өнгөрсөн шөнө Камерун болон Нигерийн багууд хэсэгтээ тэргүүлснээр ДАШТ-ын эрхээ авлаа.
Сүүлийн тойрогт Камерун Вебо, Это`О нарын гоолоор Марокког хожсон бол Габон Тогод хожигджээ. Хэрэв Камерун хожигдох юм уу тэнцээд, Габон хожсон бол Габон ДАШТ-ийн эрх авах байсан юм. Гэвч яг үүний эсрэгээр болсон.
Харин Нигерийн баг тун азтайгаар ДАШТ-д оролцох болж байна. Сүүлийн тоглолтын өмнө B хэсгийг Тунисийн баг 11 оноотойгоор тэргүүл байсан бол Нигерийн баг 9 оноотой байв. Тунис Мозамбиктай, Нигери Кенитэй учраа таараад байлаа. Тунис чансаа доогуур Мозамбикийг хожиход ДАШТ-ийн эрх авах байсан. Гэвч тэд Мозамбикийг хожиж чадсангүй, 0:1-ээр хожигдсон байна. Энэ завшааныг Нигери алдсангүй, Кенийг хүнд тоглолтын эцэст 3:2-оор хожиж, ДАШТ-д оролцох эрхтэй болов. Нигерийн довтлогч Обафеми Мартинс 83 дахь минутанд хожлын гоол хийжээ.
Энэ хэсгийн тоглолт болохоос өмнө Бразилийн агуу хөлбөмбөгчин Пеле Нигерийг ДАШТ-д оролцох болно гэж таамагласан бөгөөд олон нийт Пелегийн ээлжит буруу таамаглал гэж байсан нь талаар болов.
С хэсэгт Египет-Алжирийн хооронд шийдвэрлэх тоглолт боллоо. Алжир Египетээс 3 онооны давуутай хэсгээ тэргүүлж байсан төдийгүй 0:1-ээр хожигдоход ч хэсэгтээ тэргүүлэн хэвээр үлдэх байв. Алжир энэ даалгавраа биелүүлэх тун дөхсөн ч 90+5 минутанд Эмад Мотеаб гоол хийснээр Египет 2:0-ээр хожлоо. Ингэснээр 2 баг 2-уул адилхан 13 оноотой болсны дээр гоолын зөрүү ч мөн адил +5 болсноор ирэх Лхагва гаригт дундын талбайд буюу Суданд шийдвэрлэх нэмэлт тоглолт хийх боллоо