Гахайн ханиадыг давж гарахад хамтдаа!
Сүүлийн үед дэлхий даяар газар авч буй “Гахайн ханиад” буюу “N1H1” халдварт өвчин Монгол Улсад ч хурдацтай тархаж байна. Энэ талаарх сургийг сонсоход гадаадад сурч боловсорч, хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн санаа зовж байдаг.
Солонгос дахь Монгол Оюутны Холбоо/СМОХ/ БНСУ-д сурч боловсорч, мөн ажил эрхлэн аж төрж буй Монголын оюутан залуучуудын дунд өөрсдийн эх орондоо гарч буй энэхүү халдварт өвчнийг даван туулахад өчүүхэн ч гэсэн хувь нэмэрээ оруулах зорилгоор нэгэн аянг санаачлан зохион байгуулж байна.
Аяны зорилго:
“Гахайн ханиад” буюу “N1H1”-ыг даван туулахад нэмэр болох өвлийн дулаан хувцас цуглуулах, үүнийг монголын холбогдох нийгмийн халамжийн газар, байгууллагуудад хүргүүлэхэд оршино.
Аянд хамрагдахын тулд Та яах хэрэгтэй вэ?
1. Өөрийнхөө өмсөхөө больсон дулаан хувцасаа цэвэрлэж монгол руу явуулахад бэлэн болгох/ноосон цамц, зузаан өмд, хавар намрын болон өвлийн пальто, куртка, ороолт г.м./
2. Өөрийн сургуулийн найз нөхөд, эсхүл бүс нутагт танидаг мэддэг хүмүүсээрээ нэгдэж өөрсдийн хувцасуудаа Сөүл хот руу илгээх/бус нутаг бүрээр сургуулиудын оюутны зөвлөл, эсхүл монгол хоолны газар, карго зэрэг байгууллагууд дэмжинэ гэж найдаж байна/
СМОХ Сөүлд цугларсан хувцасуудыг Монгол руу илгээж Монгол дахь “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо”/ MAGIKO/-оор дамжуулан холбогдох нийгмийн халамжийн газруудад хүргүүлнэ. Энэхүү аянг дэмжих, хамтран зохион байгуулах сонирхолтой иргэн, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай Солонгос дахь Монгол Оюутны Холбоо/СМОХ/ хамтран ажиллахад бэлэн байна.
Холбогдох хаяг:
016- 775-7576,010-4444-2259, 010-4963-9678/өдөр бүр 16 цагаас хойш/