УЙДАХУЙН  ШҮЛЭГ


                                   Оршил үг
Агаар орчлонгийн хүйтэн дээвэрт жихүүн одод гялалзаад
Амьтны сэтгэлд тус бүр эзэн сахиус нь заларна
Арьяабалын тарнийг бясалган,даяаны газар суухад
Үнэн сэтгэлийн өнгө цацарч,дэлхийн амьтдыг зугаацуулмуй.
                                  Эхлэхүй
Нялхасын наадамд мунхран суугаад,өөрийн сэтгэлийг баясгах
Илбийн байшин,өнгөлөг эмс,баримтлах зүйлсгүй хоосон орчлон
Хойчийн хэрэг үл тасрах,ертөнцийн гянданд цугаараа хоригдож
Хорвоогийн цэнгэлийг эр эмгүй,ил цагаанаар үйлдэн оршмой.

 

Үйлийн үрийг эс санан,нүглийн хүүдийг шамдан дүүргэж
Үеийн танил бүсгүйгээ зүрхний шүтээн хэмээн нандигнаж
Туйлдаж ядарсан энэхэн дэлхий шоргоолжны үүр шиг санагдаж
Тугалга цутгасан шиг хүндрэх хүмүүн тэдний биес нь хөөрхий

 

Мах цуснаас бүтсэн хүний биед тачаан бахардаж
Магад түүний өлмийн шороог элсэн чихэр шиг хутган ууж
Зааны мах,тугалын ясыг эмийн ургамал лугаа найруулан зохиогоод
Завсаргүй салхи,орон зайн агаарыг зүүдний төдий ч үл шинжлэнэ

 

Худал хуурмаг замд хэн хүнгүй автан,гунигаа данхтай хар цайнд юүлэн ууж
Хулгайч эмэгтэйн үзэсгэлэнт царайг тэнгэр шүтээн гэж андуурна
Ер бусын үзэсгэлэн,агшин зуурын гилбэлэгээ,тэнгэрлиг дагинас
Ерөөлийн хадаг шиг дэлгэх ариухан сэтгэлд минь дээдлэгдэнэ.

 

Алдаж онохын тавилан заяа,гэмийн хундага мартагдаж
Асарлах тэнгэрийн зуурхан гэгээ шаргал диваажинд заларна
Тарни мэт үгсийн санд зугаацан наадагч найрагчийн
Тааваараа бичсэн жаргалтай бадгууд ерийн хүмүүнд зүүд адил

 

Үнэрийн анхилуун цацран түгэх эмсийн сүрчигэнд мансуурах шиг
Үнэт эрдэнийн чулуу шиг нандин сэтгэлээ чамд зориулав.