Арваннэгдүгээр сарын 5-8-нд Грекийн Салоники хотноо самбо бөхийн ДАШТ болж, 35 орны 300 гаруй тамирчин хүч үзлээ. Тус тэмцээнд оролцсон манай бөхчүүдээс 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар алтан медаль хүртэв. Тэрбээр 2005 онд Казахстаны Астанад болсон ДАШТ-д мөн түрүүлж байсан билээ. Түүнчлэн 90 кг-д барилдсан Б.Ариун-Эрдэнэ, -100 кг-д хүч үзсэн Э.Энхбат нар медалийн төлөө барилдаж ялагдаад, шагналт V байрт шалгарчээ. Тэмцээний эхний өдөр болсон 10 жингийн зургаад нь оросууд түрүүлсний дотор эмэгтэйчүүдийн +80 кг-д аваргалсан Ирина Родина арав дахиа дэлхийн аварга болсон байна. Дашрамд сонирхуулахад өнгөрөгч пүрэв гаригт FIAS-ийн конгрессоор тус байгууллагын ерөнхийлөгчийн сонгууль болоход ОХУ-ын Думийн гишүүн, гавъяат дасгалжуулагч Василий Шестаков сонгогдов. Түүнтэй Украины Александр Наухатько өрсөлдсөн ч Шестаков 53:1-ээр илт давуу ялалт байгууллаа. FIAS-ын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Санкт-Петербургийн самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Андрей Клямко, FIAS-ын өмнөх тэргүүн, АНУ-ын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Давид Рудман, ерөнхий нарийн бичгийн даргаар ОХУ-ын Николай Ленц нар ажиллахаар болов. Тивүүдийн холбооны ерөнхийлөгчид (Европ-Сергей Елисеев, Ази-Фазлиддин Пулатов, Пан-Америк-Жек Коган, Африк-Далил Скалли) FIAS-ын дэд ерөнхийлөгчийн албанд шууд томилогдсон байна