Ирэх оны 1-р сард “Ванкувер-2010” өвлийн олимпийн 21-р наадам болох билээ. Өвлийн цагаан олимпод орон орны тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Тэгвэл манай тамирчид ч Ванкуверийг зорих эрхээ авахын тулд дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцож байна. Энэ сарын 5-8-ны өдрүүдэд Канадын Монреаль хотноо шорт-трекийн Дэлхийн цомын 2009-2010 оны улиралын гурав дахь тэмцээн болж, манай улсаас хоёр тамирчин оролцлоо. “Ванкувер-2010” өвлийн олимпийн оноо олгох тус тэмцээнд олон орны 77 тамирчид өрсөлдсөн юм. Дэлхийн цомын эхний өдөр 1500 м-ийн зайн уралдаан болсон бөгөөд найм дахь гараанд 2:41, 107 минутын амжилт үзүүлэн 4-рт хурдалсан Батсуурийн Базарсад 64-рт орсон бол 13 дахь гараанд 2:40,839 минутаар сүүл мушгисан Гантөмөрийн Мөнхдорж 76-рт жагссан байна. Түүнчлэн 500, 1000 м-ийн зайнд мөн л манай хоёр тамирчин 73-76рт бичигдлээ. Дэлхийн цомын дараагийн тэмцээн энэ сарын 12-15нд АНУ-ын Маркеттэд болох юм.