Бичлэгийн тоо 5,522
![]() |
![]() |
![]() |
Т.Бум-Эрдэнэ | |
2009 оны 09 сарын 08 | |
Нэгэнт цагтаа амжиж байгаагаа мэдэж байгаа болохоор би тайван байлаа. Уг нь бол би цаг ямагт л цагтайгаа уралдаж, яаран сандран явдагсан. Энэ удаа тэгсэнгүй. Тасалбараа урьдчилан авсан байсан тул одоо надад галт тэрэг ирж зорчигчидоо суулгахыг хүлээх л үлдлээ.
Өчигдөр даргаасаа ээлжит томилолтоо аваад өнөөдөр говийн нэгэн аймгийн даргын ажил байдлыг сурвалжилахаар явах гэж байгаа минь энэ. Бас л их сайн дарга юм байх. Дарга нар ч дээ мэдэхгүй. За тэр ч яахав очиж байтал сайн муу нь ялгарах биз. Харин хаа очиж төмөр зам дагуу байрлах нь тэр аймгийг зориход түлхэц болж байв. Машинаар хөдөө явах шиг там байдаггүйг сүүлийн хэдэн жил амсахаараа л нэг болж байна. “Сэтгүүлчийн анги төгсөөд овоо хэдэн жил болж байгаа ч хөдөө гадаа томилолтоор явдаг энэ түвшингээсээ салаагүй л байна. Нөхөр хүүхэд гэх татлаа түтлээ байхгүйгээс гадна хэн нэгэн томчуулд зусардаж чаддаггүй зан маань тэдэнд их олз болж байх шиг. Тэгээд ч бичсэн материал маань овоо болоод байгаа нь л сэтгэлийг минь сэргээх юм даа” гэж бодож суутал саарал өнгөтэй хуучивтар зүтгүүр хүүхдийн тоглоом шиг олон ногоон вагоныг арайхийн чирэх мэт уухьчин могой адил аажуухан гулсасаар ирж зогслоо.
Би тасалгаат вагонд суух тул орох гэж нэг их алалдаад чихэлдээд байсангүй цувран орцгоов. Тэгээд цуваа өлгөж, цүнхээ сандал доороо хийгээд эргэн тойрноо ажиж суухдаа гэнэтхэн “Нээрээ ямар хүмүүстэй ордог бол” гэсэн эмэгтэй хүний сониуч гэхээсээ илүү түгшүүрт бодол надад орж ирэв. Урд зүг рүү цувах ганзагын наймаачид гэдэг сайнтай, муутай. Олсон хэдийгээ зөв ч үрчихэж чаддаггүй согтуу хөлчүү юм таарахвий гэж хэрэндээ жаахан зовсхийн суув. Тэгтэл “Аан чи тэгж бодож байна уу” гэсэн шиг дуу шуу болсон хоёр залуу орж ирсэнээ ээрч мууран байж надтай танилцлаа. Тэдний нүдэнд олзуурхалын оч гялсхийж, нэг нь бүр - Одоо өөр нэг бүсгүй ороод ирвэл ч бид мөн зугаатай явах байхдаа гэж гараа үрчин байж хэлэх нь бүр таалагдаагүй тул нэг их царай өгөхгүй санаатай асуусан болгонд нь хэг ёг гэсэн маягтай хариулсан болоод сууж байв. Би дотроо “Үгүй юу гэсэн үг вэ. Бүр санаа амар юм болох нь ээ. Эд нар ер нь яагаад өөрсдийгөө надаас юм асуух эрхтэй гэж бодоод байгаа юм болоо” гэж бодоод бүр уур ч хүрэх шиг. Галт тэрэг хөдөлж байхад шахуу дөрөв дэхь хүн орж ирлээ. Тэр хүнийг хараад би хэрдхийн цочив. Тэр хоёр ч гэсэн эвгүйцсэн байх. Хар шил зүүж, маск зүүсэн тэрээр орж ирээд бидэнтэй толгой дохин мэндлээд суусан нь миний өөдөөс харж таарав. Хэдийгээр би түүнийг анзаарахгүйг хичээж уншиж буй сонингоо нүүрэндээ наах шахам барихдаа айдсанд цочирдсон зүрхээ тайтгаруулах гэж оролдох хэрнээ эмэгтэй хүний саваагүй зан юм уу бас ч гэж сонирхол татаад ч байх шиг. Энэ миний мэргэжилтэй ч холбоотой байсан байж болох юм. Түүний гар, нүүр, хүзүү гээд надад харагдах биеийн хэсэг болгонд түлэнхийний цагаан сорвигүй газар алга. Түүний амны гэхээсээ илүү нүүрний гэмээр хэмжээнээсээ том маск, дээр үеийн томоо гэгчийн нарны шил зэрэг нь ерөөсөө л түүний нүүрээ далдлах гэсний илрэл байлаа. Хоёр ганзагчин залуус ч гэсэн биеэ барив бололтой дуугаа хураацгаасан тул манай тасалгаа нэг хэсэгтээ л чимээгүй болцгоов. Хажуу тасалгаанд хэдэн хүүхнүүд яваа бололтой үе үе тас тас хөхрөлдөцгөөнө. Тэдний ярианы өнгө нь бас наймаачин хүүхнүүд бололтой. Энэ гурвын дэргэд байснаас тэд нар дээр очвол надад дээр юм шиг санагдавч тэдний ярьж байгаа ярианд би хань болж үнэхээр чадахгүй. Элдэв төрлийн наймаа, авцаа өгцөөний тухай яриа надад үнэндээ таалагддаггүй юм. Гэхдээ ганзагын наймааны хүнд хүчир ажил хийж, аж амьдралаа залгуулж байгаа бүсгүйчүүлээ би муугаар бодож чаддаггүй юм. Тэгтэл өнөө хоёр залуу маань тэгж ингэж цувсаар хүүхнүүд дээр очиж ёстой л нэг ижил нь ижлээрээ гэдэг шиг дуу нь чангаран уусан оров. Тэдгээр хүүхнүүдэд ч гэсэн таатай байгаа бололтой. Гэтэл масктай хүн гэнэт - Надаас болоод л энэ улс дайжаад байнаа даа янз нь гэлээ. Гэхдээ түүний дууны өнгөнд эмзэглэсэн шинж байгаагүй юм. - Үгүй байлгүй дээ. Таньдаг улс нь явсан юм байлгүй гэж шал хэрэггүй хэр нь тэднийг хаацайлав. Тэгээд өөрийгөө анзаартал би түүнд бүтэн өгүүлбэр хэлсэн байлаа. Түрүүчийн хоёрт бол ингээгүй юм. Удалгүй үйлчлэгч цай оруулж ирэв. Халуун байхуу ч бас хааяа уухад сайхан шүү. Нөгөө хүн нүүрээ гаргахаас жаахан эвгүйцээд байгаа бололтой цайгаа уухгүй юм. Өөдөөс нь хараад сууж байгаа болохоор түүнийг харахгүй байх нөхцөл алга. Цаг нар яагаа ч үгүй байхад гэнэтхэн буруу хараад хэвтээд өгөлтэй биш. Ууж байсан цайгаа орхиод гараад явчихалтай биш. Тэгтэл - Хэрвээ эвгүйрхэхгүй бол би маскаа авчих уу? гэнэ - Тэг тэг та санаа зоволтгүй гэж хэлэх зуураа “Нээрээ аймаар юм гараад ирвэл яанаа. Ямар ч байсан орилж л болохгүй юм шүү” гэж бодов. Тэрээр маскаа авахад цай барьж байсан гар минь өөрийн эрхгүй салганан цайгаа ширээн дээр арай хийж тавьлаа. - За тэр хэлээгүй юу гээд маскаа зүүх гэхэд нь би өөрийнхөө байж байгаагаас санаа зовж - Үгүй, зүгээр зүгээр, та битгий санаа зов гээд нэг л мэдэхэд масктай гарыг нь хорих төдийгөөр барьсан байв. Түүнийг эвгүй байдалд оруулсандаа л тэр байх. Би түүнийг харахгүйг хичээв ч үе үе хулгайн нүдээр харсаар сууна. Хөөрхий тэр үнэхээр аймаар болжээ. Нүүр нь тэр аяаараа түлэгдээд, бодвол энэ тэндээс л олж ирсэн арьсаар л нөхөөс тавьсан бололтой цагаан эрээн юм. Ам хамар нь таталдан эдгэжээ. Нэг талын хөмсөг, сормуус нь цагаан. Сормуус нь цагаан болохоор цаад нүд нь тийм ч сайн харагдахгүй юм. Харин нөгөө тал нь овоо түлэгдээгүй тул эрүүл харагдана. Тэр эрүүл нүдийг хэзээ ч билээ харсан ч юм шиг. Харах харахдаа бүр эрт цагийн юм шиг санагдахад “За за энэ ажилд орсоноос хойш олон хүнтэй уулзаж байсан болохоор юм л бол харсан хүн шиг санагдаад байх болсон” гэж өөрийгөө хүчлэн тогтоов. Тэгсэн ч гэсэн тэр нүд нэг л сонин. Яг л хуучны шарх янгинах шиг. Тэрээр халуун цай уух гэж нилээн тэвдэж байгаа бололтойг хараад - Та зүгээр үү? гэтэл - Зүгээрээ зүгээр. Баярлалаа гэнэ. Одоо түүнийг харвал нилээд залуу хүн бололтой. Миний үе ч байж мэднэ. Яг энэ мөчид “сурвалжлах гэж яваа даргаас гадна энд нэг сайхан материал яваа юм биш байгаа” гэсэн мэргэжлийн өвчин хөдлөөд ирэв. “За байз яаж шуухан яриа өдөх вэ байз. Зүс царай нь ийм болохоор гунигтай л юм яригдах байхдаа. Уг нь залуучуудтай ярилцахад нэг их хэцүү биш л байдагсан” гэж бодож суутал тэр хүн эгээ л миний дотор орчихсон мэт - Өөрөө надаас юм л асуух гээд байнаа даа гэх нь тэр. Бодлоо уншуулчихсандаа бантсан би - Үгүй ээ үгүй юу л даа, яг үнэндээ бол . . . гэж ээрэн түгдчиж байснаа - За тийм дээ. Таныг яаж яваад ийм гамшигт өртчихсөн юм бол гэх гээд л гэхэд - Аа энэ үү? гэж гар хурууныхаа түлэнхийг зааснаа гэнэт өөрийгөө санав бололтой том маскаа зүүгээд, шилээ ширээн дээрээс авахад нь - Та шилээ битгий зүү л дээ. Ядаж нүдийг чинь хараад ярилцая гээд хэлчихлээ. - Надад яриад сүйд болох ч юу байхав дээ гээд чинийхээ омгийг чимхэнгээ - Аягүй бол өөрт чинь дэндүү уйтгартай санагдах биз. Харин би “Зургаагийнхан”-ны тухай ярьж өгье. Яагаад гэвэл би тэдний дунд байх үедээ л “Амьдрал гэдэг эгэл жирийн хирнээ зогсолтгүйгээр үргэлжилж байдгийн шалтгаан нь ерөөс хүний сэтгэл зүрхэнд нь, өөрт нь байдаг юм байна даа” гэж ойлгосон юм гэж яриагаа нэгэн хэмээр үргэлжлүүлэхэд би өөрийн эрхгүй тэр хүний ярианд уусан татагдаж байгаагаа мэдэрч байлаа. Түүний яриан дундаа чихнийхээ омгийг чимхэх нь надад “Юу билээ” гэж бодогдсоор. Хажуу талын тасалгаанд хүүхнүүд болон манай өрөөний хоёр залуусын дуу чангаран инээлдэнэ. Манайх танайх хэмээн шуугилдахыг бодоход хөзөр л тоглож байгаа бололтой. Бидний яриа ч эхлэх шинжтэй болсон тул миний биеэ барих багасаж, авч яваа аяны хөнгөн зуушаа гаргаж тавих зуураа дуу хураагчаа сэмхэн залгахаа мартсангүй. Хувцасаа хөнгөлөн тухлах тэрээр дөнгөж эмнэлэгээс гарсан болов уу гэмээр харагдана. - Таныг ингэхэд хэн гэдэг вэ? гэтэл - За даа заавал нэр ус гээд яахав дээ. Ер нь хүн хүнээрээ харьцаж үзье л дээ гэх нь нэрээ хэлэхгүй байх шалтгаан түүнд байгаа бололтой. “За яахав тийм байдаг байж. Нээрээ нэр усаа мэдэхгүй байх нь нэг бодлын сонирхолтой байж мэдэх юм” гэж бодлоо. Яагаад ч юм би харилцан ярилцах санаачлагаа үл мэдэгээр алдаж байгаагаа тэр үед мэдсэнгүй. Энэ бол миний мэрэгжлийн хүнд байж болох зүйл биш л дээ. Үе үе түүний эрүүл харцтай тулгарахад яагаад ч юм тэр нүд удаан тогтохгүйгээр өөр тйиш сатааран алга болно. Би л эрүүл нүдийг хараад байгаа болохоос уг нь хоёр нүд нь зэрэг л хөдөлж байсан байх л даа. Цагаан хөмсөг сормуустай нүд ижил дасал болоогүй болоод тэр үү түүнийг нь нэг их сайн анзаарахгүй байсан хэрэг. Хэн маань бэлэн болсон хэдий ч тулгамдсан уу эсвэл хэтэрхий хиймэл байсан уу мэдэхгүй яриа эхлэхгүй хэсэг удав. Би л тэр хүнээс ямар нэгэн юм сонсохыг хүссэн учир яриаг эхлүүлж чадахгүй бол миний л муугийнх болох тул - За яриад байгаарай гэж ихэд хөгжилтэй царайлан инээх гэж оролдов. Гэвч энэ маань нэг л олигтой болоогүйг би мэдэж байв. Яагаад гэвэл тийм өөрийгөө хүчилсэн хиймэл царай надад зохидоггүй юм шиг байгаа юм. Гэтэл нэр нь үл мэдэгдэгч маань - Яагаад зөвхөн би ярих ёстой билээ. Ийм түлэнхий болохоор тэр үү? гэх нь тэр. Яг үнэндээ хэдийгээр тийм байсан ч гэсэн хүнийг яаж тэгж хэлж болох вэ дээ. - Үгүй л дээ. . .Гэхдээ . . . Юу. . . Нөгөө зургаагийнхан. . . гэж намайг үгээ зууруулахад - За за тоглосон юм. Би ч гэсэн өөрийг чинь эвгүй үгээр дайрчих шиг боллоо гэснээ цааш нь - Би гэдэг хүн сая эмнэлэгээс, үнэндээ бол нүдний тасгаас гараад явж байгаа минь энэ. Галд шатсаны улмаас олон ч эрхтэн маань гэмтсэний нэг нь миний өрөөсөн нүд. Нүдний торлог гээч нь гэмтсэн юм байх. Тэгээд юм үзэх маань муудсаар харахгүй болчихсон юм. Тэгээд л түүнийгээ эмчлүүлсэн хэрэг. - Тэгээд эмчлэгдсэн үү? - Миний аз болоход маш сайн болсон. Энэ олон эрхтэнүүдийн дотроос хамгийн чухал нь нүд юм байна лээ л дээ. Юм харахгүй болно гэдэг хорвоо ертөнц хөмөрчихтэй л адил юм даа. Үүнийг тийм байдалд орсон хүн л сайн мэдэрч ойлгох байх. Ялангуяа харж байсан хүн гэнэт хараагүй болох. Би тийм байдалд орсон хүмүүсийн дунд л хэдэн долоо хоночихоод явж байгаа юм л даа. Тийм учраас л тэдний тухай өөрт чинь ярьдаг юм билүү гэж бодсон хэрэг - Уг нь би таны тухай л . . . - Ойлгож байнаа. Би яахав галд шатсан, үхэх шахсан гээд уйтгартай бас гунигтай яриа яригдах болно. Харин амьдрал гэдэг өөрөө хүмүүсийн сэтгэлээр хөглөгдөж байдаг нэгэн бодлын амьгүй таримал эд юм байна даа гэдгийг би тэдний дунд байхдаа ойлгосон гэх үү дээ. Зургаагийнхан бол жинхэнэ амьдралд тэмүүлэгсэд. Тийм л хүмүүс амьдралыг утга учиртай, амьтай болгодог байх. Гэхдээ тэд өөрсдөө түүнийгээ мэддэг эсэхийг би мэдэхгүй юм гэлээ. Миний анхны зорилго өөр байсан ч гэсэн би өөрийн эрхгүй тэр хүний ярианд уусан, үлгэр сонсох гэж буй хүүхэд шиг болсон байв. “Яагаад энэ хүн тэр зургаагийнханы тухай тэгж их чухалчилаад байгаа юм бол” гэсэн жижигхэн аазгай хөдөлж - За тэгвэл тэр мундаг хүмүүсийн тухай сонсоход би бэлэн байна шүү гэлээ. Энэ удаа харин их аятайхан болов . . . Их хотын нүргээнт их гудамжнаас нэг их холгүй ч гэлээ тэрүүхэндээ буйдхан газарт таван давхар саарал байшин нүүгэлтэн орших бөгөөд түүний том модон хаалганы нугас хуурайшиж аргасан хоолойгоор хүч мэдэн дуугарах адил чихэнд чийртэй нь аргагүй чийгтнах авч олны дуу чимээнд үл анзаарагдана. Гагцхүү үйлтэйгээрээ хаалганы модон самбар л орж гарах хүмүүсийн аясаар нааш цааш саван өөрийнхөө элэгдэж хуучирсан модон хүрээг хайр найргүй балбана. Уг саарал байшинд учраа алдтал жаргаж цэнгэсэн хүн цуглах нь үгүй. Учир юунд вэ гэвэл энэ бол улсын төв эмнэлэг. Доороосоо эхний хоёр давхар нь нилээд их хөл хөдөлгөөнтэй байх агаад түүнээс дээшлээд ирэхээр зөвхөн хэвтэн эмчлүүлэгч нар байх тул хүний хөл татарч, чимээ шуугиан намсана. Давхаруудад зүрхний, эрүү нүүрний, бөөрний гэх мэт өвчнийхөө ангилалаар тасгууд байх бөгөөд гуравдугаар давхарын нэгэн жигүүрт байрлах тасгийг нүдний тасаг гэнэ. Тасгийн өвчтөнүүд эрэгтэй эмэгтэй болон өвчнийхөө хүнд хөнгөнөөр ангилагдан хэд хэдээрээ тасалгаанд хуваагдан хэвтдэгийг өөрөө мэдэх байлгүй дээ. Үүнийг палад гэх орос үгээр нэрлэх боловч бид ийн нэрлэж хэрэглэсээр монгол үгсийн санд орчихож дээ. За тэгээд найман паладтай энэ тасгийн мухраасаа гурав дахь хаалган дээр нэгэн бүдэг бадагхан харагдах пайзыг сайн харвал тэнд ”палад-6” гэж харагдана. Угаас эмнэлэг юм болохоор тэр үү хаалга цонх хана туурга гээд бүгд цагаан өнгөтэй. Бодвол цэвэр цэмцгэр харагдуулах гэсэн нь тэр байх. Хэдийгээр асрагч нар ээлж болгондоо арчиж цэвэрлэх авч цагийн аясаар цагаан будагны өнгө хүртэл бүүдийдэг нь жам. Жилийн жилд будаг нэмэхдээ хаалганы дугаарыг хальт мультхан будсаар уг пайзыг харагдахтай үгүйтэй болгочихсон нь тэр. Гэхдээ өвчтөн болон эмч сувилагч гээд энд байгсад хэдэн хаалганыхаа дугаарыг албан ёсны бичиг цаасан дээр л тэмдэглэх үү болохоос үнэндээ бол тэдгээр пайз нэг их хэрэгтэй эд биш л дээ. Хэрэгтэй бол тэд аль ч палад руу бараг зөндөө хөтлөгдөөд шахуу очиж чадна. Үхэр мал ч гэсэн дээ ус бэлчээр, хашаа саравч руугаа нэгэн жимээр явчихдагтай агаар нэг юм л даа. Нүдний зургаа дугаар палад буюу бидний мэдэх өнөөх хаалганы цаана олон жил болсоноос пүрш нь сунасан зургаан ор, эвгүйхэн татвал уначихаж мэдэх зургаан цагаан шүүгээг ор болгоны завсар тавьсан харагдана. Зарим нэг нь догонцдог бололтой дөрвөлжин эвхсэн цаас юмханаар хөл доор нь ивээс хийсэн нь эв дүй муутайхан харагдах боловч дээр нь тавьсан цай хоолыг цалгиулаад байхгүй тул үүргээ гүйцэтгэж байна л гэсэн үг. Би гэмтлийн эмнэлэгийн түлэнхийн тасгаас энэ нүдний тасагт, тэр тусмаа энэ зургаа дугаар паладанд ирж хэвтсэн юм. Намайг ороход хоёр ханаар нь гурав гурван ор байсан бөгөөд нэг талын гурван орон дээр харахад надаас дүү хүмүүс, харин нөгөө талын гурван орны хоёр дээр нь хоёр өвгөн үлдсэн ганц ор нь минийх болох нь тодорхой байлаа. Тэд намайг анх харуут яг л та нар шиг хирд хийсэн бөгөөд тэр нь надад мөн л сонин биш байсан юм. Би ч бас тэднийг хараад тийм ч аятайхан байгаагүй. Учир юунд вэ гэвэл тэд бүгд өрөөсөн нүдээ боосон байсан юм. Би өөрөө адилхан зовлонтой хэдий ч бүх хүн өрөөсөн нүдээрээ намайг харах ч бас тийм ч сайхан зүйл биш л дээ. За тэгээд хичнээн эвгүй байсан ч энэ ертөнцийн зовлон нэгтүүд хэзээд бие биенээ ойлгодгийн адилаар бидний цэрвээ ч гэсэн төд удалгүй гарч, бидний нэг хэсэгхэн зуурын ч болтугай амьдрал эхэлсэн юм даа гэж тэрээр үгээ тасалсанаа цайнаасаа оочлон бодлоо цэгцэлж байгаа шинжтэй хэсэг дуугаа хураах хооронд миний тэвчээр барагдах шахан эгээтэй л “Тэгээд цааш нь л даа” гэж дуу алдсангүй. Тэрээр хамгийн хэрэггүй яриагаа ч гэсэн үнэ хүргэж чаддаг нэгэн бололтой. Ямар чиг л байсан намайг бүр шимтүүлж орхисон юм. Миний өөдөөс харан суугаа энэ эрээн алаг хүн надад хэн нэгэнтэй адилхан юм шиг санагдавч тэр их шарх сорвины ард байгаа түүнд би нэр өгч чадахгүй л байлаа. . . Тэрээр цааш нь, Миний хэвтэх ёстой талын захын орон дээр нилээд өндөр ёхигор хөх өвгөн хэвтэнэ. Нэрээ Пэлжээ гэж их л цовоо танилцуулсан тэр өвгөн залуудаа эр хар махтай, хурдан шалмаг хөдөлгөөнтэй байсан байж болохоор. Ахмад дайчин тэрээр Байтаг богд, Алтай таван богд, алс баруун хязгаарт Гоминданы болон Оспаны хилийн хулгайч нартай өөрийнх нь ярьсанаар бол ёстой л нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсан тэрээр нилээн яриасаг нэгэн ажээ. Гэнэт нэг өглөө л баруун нүд нь бүрэлзээд холын юм харахаа байсан тул түүнийгээ эмчлүүлэх гэж ирсэн эр.
Дунд талын ор нь минийх байж таарав. Нөгөө захын орон дээр нилээд махлаг хөдөлгөөн удаан, үгээ зөөж ярьдаг гонзгой улаан хүн хэвтэнэ. Нэр Чойнхор. Тэр угаас үсгүй халзан. Гэхдээ бүр гялгар халзан. Халзангаас гадна түүний толгойны хачин этгээд шоовон хэлбэр нь бусдын сонирхолыг татахгүй байхын аргагүй. Ялангуяа Пэлжээ гуай энэ паладанд орж ирсэн өдрөө түүнийг харж дуу алдсан гэдэг. Одоо ч гэсэн өглөө болгон Чойнхор гуайн толгойг харж ганц нүдэнд нь чөтгөрт гижигдүүлсэн мэт хүн шоолохын ад гийсэн гэрэл цовхчидог нь хэвээрээ. Чойнхор хаа нэг арц хүж уугиулж, асрагч сувилагч нарт загнуулах боловч засрана гэж үгүй. Амандаа юм гуншин гараа магнайдаа авч харагдах нь олонтоо. Гэвч тэрийгээ хүнээс их нууна. Арга ч үгүй юм байх. Тэрээр хоёр нүдэнд нь цагаан унасан учир юмс үзэгдэхээсээ бүрэлзэх нь их тул түүнийгээ авхуулах гэж иржээ. Нөгөө талын гурван орны эхнийх дээр өндөр туранхай залуу хэвтэнэ. Нэр нь Соронзон. Хорвоогийн хамгийн азгүй залуу гэвэл Соронзонг хэлэхэд нэг их зөрөхгүй. Модны үйлдвэрт ажилладаг тэрээр, тэр их үртэс зоргодосон дунд шөнө өдрийн аль ч ээлжинд нойртой нойргүй зүтгэж явахдаа хааяа нэг гарт нь өргөс орохоос өөрөөр гэмтэж яваагүй юм. Харин тэр хоёр долоо хоногийн өмнө ажлынхаа хамт олонтой зугаалж явахдаа цехийнхээ хэдэн хүүхнийг голын тохойд усанд орж байхыг бургасан дотроос харж суутал гэнэт нэг хүүхэн нь - Хүүе ээ яанаа Тэнд нэг хүн биднийг хараад байна шүү дээ. Хэн бэ тэр одоо? гэж хашгиран хамгийн боломжтойгоор нь хоёр гараараа нүцгэн цээжээ дарсан аж. Бусад газраа чухам яасныг бүү мэд. Тэр нь ч надад юуны хамаа байхав гэж жуумганасанаа - Гэтэл Соронзон хүү ичсэн үү, цочсон уу нуугдаж байсан бургасан дотроосоо гарах гэж ухасхийхдээ нэг муу доёгор мөчирт өрөөсөн нүдээ хатгачих нь тэр. Үнэхээрийн харамсамаар бөгөөд эмнэлэгт хэвтсэн шалтгаан нь энэ. Мод зүсэж, хөрөөдөж юм хийдэг түүнээс байгалийн мод хариугаа аваа юу даа гэмээр. Гэхдээ би тэгж хэлээгүй л дээ. Тэгвэл тэр залуу хүнийг маш муухайнаар доромжилсон болохыг би мэдэлгүй яахав. Дунд талын орон дээр нэг хүн хэвтэнэ. Бас л залуухан хүн аж. Юм л бол нүүрээ гараа байн байн угаах түүнийг Пэлжээ гуай - Угаавч уг нь хар гэж үнэн юм даа гэж шоолох нь элбэг. Үсээ байдгаар нь самнах Харнүдэн хэмээх сонин нэртэй түүнийг бусад нь дамшиглаад л тэгж нэрлэсэн юм байх гэсэн чинь үнэн гэнээ. Даана ч бурхан түүнийг зурж суухдаа түрхэн зуур дугхийсэн юм байлгүй нэг нүд нь хазгай төржээ. Гэхдээ Харнүдэн өөрөө бол сэтгэлийн хөг чангатай, яриа хөөрөө элбэг, ямагт өөдрөг байдагтаа тэр үү хөгжилтэй сэргэлэн нэгэн. Тэр хэрээрээ бусдыг хөгжил баясал руу хөтлөн дагуулагч мэт надад хааяа санагддаг байсан юм. Тэрээр энэ тасагт гоо сайхны мэс засал хийлгэж, нүдээ тэгшлүүлэн жинхэнэ “Харнүдэн” болохоор иржээ. Бусдыгаа бодвол эрүүл гэсэн үг л дээ. Хамгийн захынх буюу зургаа дахь орон дээр нилээд бахим биетэй зузаавтар бор залуу хэвтэнэ. Бас л өрөөсөн нүд нь боолттой. Би түрүүн хэлсэндээ энэ палад битгий хэл энэ тасгийнхан ихэнхи нь өрөөсөн нүд нь ямар нэгэн юмаар дараатай байдаг нь бусад тасгийнханыг бодвол жаахан эвгүй. Хонгилоор нь зөрж явахад мөргөлдчих гээд ер нь л эвгүй шүү гэснээ хадуурсан яриагаа засаж - За тэгээд нөгөө залуугийн нэр бол Шоовой л доо. “Анх ирсэн шөнөө бодвол их зөөлрөөд байгаа юм” гэж хоёр өвгөн нэгэн зайндаа надад шивнэсэн юм. Түүний амнаас “хуц” гэдэг үг сална гэж үгүй. Харахад ширүүн дориун дүртэй Шоовойд энэ үг нь зохиод ч байх шиг. Учир юу гэвээс энэ нь түүний амны уншлага болсон үг. Тэрээр асуух, хариулах, дэмжих, үгүйсгэх, тэр бүү хэл уулга алдахдаа хүртэл дээрхи үгийг ая данзийг нь тааруулан хэлэх нь гайхалтай. Анх энэ паладанд Харнүдэн орж ирээд хэдэн тийш харж байснаа - Сайн байцгаана уу? Намайг Харнүдэн гэдэг гэж нүдээ солибуулан байж хэлэхэд Шоовой - Хуцваа гэж дуу алдсан гэдэг. Энэ нь хачин нүдтэй тэр этгээдийг тоглож байна гэж ойлгосон хэрэг. Эдгээр хүмүүс дээр намайг нэмээд биднийг зургаагийнхан гэнэ. За тэгээд эмнэлэгт хэвтэгсэд эхлээд өвчин шаналалдаа тэр үү баахан дуу муутайхан байснаа бие нь илаарших тусам дуу шуу орж, маазарч марсайлдах нь ихэсдэг нь жам. Хумс хуруугаараа оролдож, үг хэлээ билүүдэх нь уйдагсдын зан шүү дээ. Тэр дундаа зургаагийнхан бол бүр зартай. Ер нь хүний бүх л эрхтэн эмзэг ч гэлээ түүний дотор нүд гэдэг юмс үзэгдлийг харах гэдэг утгаараа сэтгэлд шууд нөлөөлдөг эмзэг эрхтэн тул үүгээр өвчлөгсөд айхтар сэтгэлээр унах талтай ч нэгэнт нүүрлээд ирсэн зовлонг хүн давж л гарах учиртай. Цугаараа л гадаад ертөнц рүү нэг нүдээрээ харах бид харин дотоод сэтгэлийн гүн рүүгээ нөгөө нүдээрээ харж, бодол болон хэвтдэг гэхэд болно. Зургаагийнхан эрчүүд юм болохоор хөгшин залуу гэлтгүй хүүхэн шуухан ярьж, түүндээ хөгжин марсайтал инээлдэнэ. Бас бие биенээрээ даажигнан тоглоно. Нэг өдөр уйдсан хоёр өвгөн юухан хээхэн ярьж хэвтэв. Мэдээж би болоод бусад нь чагнаж байгаа. Гэтэл Чойнхор - Пэлжээ чи чинь Гоминданыхантай байлдаж явлаа гэв үү? - Өө тийм. Тэр үед ч хэцүү байсан цаг даа. Өөрөө ч зах зухаас нь сонсоо байлгүй дээ гэхэд Харнүдэн нүдээ эргэлдүүлэн - Та цэрэг байсан уу? Дарга байсан уу? - Цэрэг ч байлаа, дарга ч явлаа гэж ганц нүдээ зальтай ч юм шиг эргэлдүүлэн инээмсэглэв. - Та хүн алсан уу? - Тэгэхгүй тэгээд тэднийг яах юм болж байна гэж ихэд баатарлаг царайлах нь даана ч нэг бардам. - Та хэдэн хүн алсан бэ? - Өө тамтаггүй олон. Тоймоо алдсан. Бараг тав зургаан зуу хүрээ биз. Би чинь пулмётчин байсан болохоор өвс хяргаж байгаа юм шиг л хядна шүү дээ гэхэд миний инээд хүрч л суулаа. Баримт юманд бол тэдгээр хилийн хулгайч нар нийтдээ таван зуу хүрсэн эсэх нь тодорхой биш. Мань хүний яриагаар бол Пэлжээ гуай ганцаараа л хядчихсан бололтой. Тэгтэл Чойнхор - Тэгвэл чиний нүгэл чинь нүдээрээ гарч байгаа болоод л энд ирж дээ гэж гараа залбирах байдал үзүүлэн том ламын дүрд хувирахад үгээр ялимгүй ялагдсан Пэлжээ жаахан бодолхийлсэнээ - За би ч яахав. Эх орноо хамгаалсан. Угтаан бол хүн алсан гээд нүгэл нүдээрээ гарч байгаа юм байж. Харин чи чинь яасан болоод энд яваа юм? Чиний юүг нүдээрээ гарч байна гэж ойлгох вэ? гэтэл угаас дуу чимээ ихтэй байсан палад доргих шиг болов. Хахаж цацатлаа инээсэн Шоовой нулимсаа арчингаа - Хуцсаан ёстой гэж дуу алдав. Соронзон хэтэрхий их инээсэндээ нүднийхээ оёдолыг хөндөв бололтой нүдээ дарж - Ёо ёо. Боль боль үхэх нь гэж суув. Би ч бас зүгээр байсангүй муухай нүүрээ татагнуулан инээсэнсэн. Тэгж инээж суухдаа сүүлийн хэдэн сар ингэж инээснээ санаагүй. Хүн ямар нэгэн гэрэл гэгээг гаднаас биш зөвхөн өөрөөсөө л олж чадах юм байна даа гэж би тэр үед бодож байлаа. Маданд орсон Чойнхор гуай хүртэл ээрч мууран инээж байсан юм. Магадгүй хүн шоолсон нь тиймхэн байж болох ч энэ бол цагаахан инээд байлаа гэж тэрээр нэг хэсэг тэднийгээ бодов бололтой замын хажуугаар жирэлзэн өнгөрөх торон хайсны шонгуудыг харж явсанаа цааш нь - Гэтэл гаднаас сувилагч жижигхэн тэргэнцэртэй эм тариагаа түрсээр орж ирээд - Юун их дуу шуу вэ? та нар чинь. Танайхан нээрээ арай дэндүү юмаа. Бусдыгаа бодоход яадаг юм гэж уурссан хэдий ч хахаж цацан инээх биднийг хараад ааш нь зөөлрөв бололтой - За тариандаа гэлээ. Подхийсэн хөөрхөн махтай хирнээ богинохон цагаан халаадыг жадайлгасхийн өмссөн нь түүнд сүрхий зохисон харагдана. Албаар эсэх нь мэдэгдэхгүй ч энгэрийнхээ товчийг мулталсан тул хоёр хөх нь булталзаж өрөөнд байгаа өвчтөнүүдийн үлдсэн ганц нүдийг өөрийн эрхгүй татна. Хоёр нүд зэрэг хөдөлдөгийн гайгаар өвчтэй нүд нь эрүүл нүдээ даган хөдөлж хөндүүрлэн зовоох тул үл ялиг дуу алдах нь элбэгшинэ. Сувилагч тэргэнцэрийнхээ хаа нэгтэйгээс ямар нэгэн юм авах гэж гэдэлзэж годолзох нь ихсэх тусам тэдний нүд төдий чинээ хөндүүрлэнэ. Тэгтэл Харнүдэн тариулах гэж өмдөө доошлуулах зуураа - Миний бөгсийг харах гээд л яараад байна уу? гэхэд сувилагч - Хүнд үзүүлчих юмтай бол ч бас яахав гээд хонгоных нь махыг сайн гэгч нь чимхэж байгаад нилээд ширүүхэн тарьж орхив. Харнүдэн ярвайн байж бөгсөө үрчинэ. Бодвол өвдөж байгаа бололтой. - Яасан? үхэх нь үү? Чам шиг эрийн акуркаар эгч нь арай дутаагүй байхаа гэсээр гарч одлоо. Тэгтэл араас нь Соронзон ухасхийн гарав. Харин Чойнхор тэндээс - Хүүхээ чи илүү үглээд бай. Тэгэхээр ингэдэг юм гэж Харнүдэнд сургав. Пэлжээ - Та нар залуу улс байж энэ зэргийн хүүхний учрыг олчихож чадахгүй. Жаахан залуухан байсан бол ч . . . гээд уруулаа шилэмдэхэд Харнүдэн - Одоо хөгшдөөд байх юү байсан юм. Үзээд алдаач гээд инээвхийлэн ганц нүдээ алаглуулахад - Хн! Энэ хүүхэн ч тарган цатгалан амьтан харагдана. Аягүй бол пологтож үхэх байлгүй гэхэд паладаар нэг инээд. Шоовой тэндээс - Хуцаад байгаа ч ээ та нар. Нүд өвдөөд үхэх гэж байхад хамаг юм таталдуулаад гэж нүдээ даран орон дээрээ өнхөрсөн хэр нь инээд алдсаар. Соронзон маань орж ирээгүй л байлаа. Өрөөний залуусын ярьсанаар бол Соронзон тэр сувилагч хүүхэнд талтай юм байх. Бие хаагаар ч, хэл амаар ч хэнээс ч илүү мэт санагдах тэр сувилагч бүсгүй, Соронзон хэмээх донж доройхон өрөөсөн нүдтэй энэ залууг хэзээ ч тоохгүй байхаа даа гэж би боддог байв. Гэвч Соронзонгийн уйгагүй хичээн чармайлт нь нэр шигээ хүнийг өөртөө татах увидастай юу, тэр бүсгүйн хайрын товч тийм ойрхон байсан уу ямартай ч гэсэн тэр хоёр маань энд тэнд цугтаа зогсож харагдах нь ихсэх болсон юм. Магадгүй тэд маань цаашдаа нхань ижил болохыг ч үгүйсгэхгүй. Ийнхүү бид хэдийн зарим нь нүдтэй болж баясаж баярлаж, зарим нэг маань нүднээсээ салж гуниглан гансарч өдөр хоногийг өнгөрөөж байсан ч гэсэн тэдний хэн нь ч над шиг “энэ хорвоог орхичих юмсан” гэсэн бодолтой байгаагүй юм. Би хүн харахын аргагүй амьтан болсон болохоор амьд явах утгагүй мэт санагдан сэтгэлээр унаж байсан хэдий ч тэдний дунд байж гансрах үед гансрах хэдий ч бас инээх үед нь инээж, хорвоод нар байдгийг дахин мэдэрч, эрхгүй сэтгэл минь хүний орчлонд хорогдох болсон доо гэхэд түүний нүдэнд сэтгэл ханамжийн гэрэл гэгээ хаа нэгтэйгээс ирэх шиг санагдав. Түүний энэ нүдийг би хамгийн их мэдэх ёстой хэрнээ сэрж мэдрэхгүй байгаагаа мэдсээр байлаа. Би өөрийнхөө ой тойнд байгаа бүх нүдийг хамгийн ойрхоноос нь эхлэн шүүж эхэллээ. Тэрээр цааш нь,
- Хүний орчлон юм болохоор заавал нэг сонин хачин зантай хүн хаа нэгтэй заавал байх юм даа. Бид хэдийгээр өвчтөн ч гэсэн хэрэндээ бас цэвэр цэмцгэр суух гэж ээлж ээлжээр жижүүр хийх юм болов. Жижүүрсээд байх юм байхгүй л дээ. Хэн нэгнээс эргэлт ирвэл түүнийг нь зургаан аяганд хувааж хийдэг ажил л даа. Нэг өдөр Харнүдэнгийн ээлж тааран хоолоо тарааж явтал хонгилд хачин жонгиносон дуугаар инээх сонсогдов. Соронзон түүнийг сонсоод
- За нөгөө “Илүү” чинь ирж явна гэв. “Илүү” хэмээх хочтой энэ хүнийг тэр таван давхар саарал байшингийнхан андахгүй. Чухам аль тасагт хэвтдэг болохыг нүднийхэн, тэр тусмаа зургаагийнхан бол бүр мэдэхгүй. Түүний орсгой шүд, ёнхигор царай, нүхэлчих нь үү гэмээр шүлэнгтсэн хэрнээ шооч харц, учиргүй нарийхан хүзүү, урт ирүү гээд түүнд заяасан болгон цаанаа нэг эвгүй. Сэмхэн сэмхэн явах тэрээр хаалга аажуухан онгойлгоод эхлээд ирүү нь, тэгээд хамар нь, нүд нь гээд бүх эрхтэн нь тусдаа юм шиг цуварч орж ирэхийг хараад жихүүцэхгүй хүн ховор. Хичнээн жихүүцсэн ч гэлээ хажиглаад байж болдоггүй хачин хүн байв. Миний нүүр царайнаас болдог уу яадгав намайг юм хэлэхээр тэгэс ингэс гээд гараад явчихна. Манай хэд Илүү танаас л нэг жийрхэх юм даа л гэнэ. Тэгэхээр би ямархан амьтан болсоноо гадарлаад л байдаг юм гэж санаа алсанаа - Тэр өдөр харин сэмхэн орж ирсэнгүй. Хонгилоор нэг дуу шуу болсоор орж ирээд - За цөөхөн нүдэтнүүдээр юу байна даа? хэмээн орилов - Хуцаад байгаарай гэж Шоовой дургүйцэхэд тэрээр жин жин инээж - Яасан хөндүүр газрыг чинь чичиж орхив уу? гэж хоржоонтой инээснээ - Аанхаа! эргэлт ирээд л . . . булагнаад л . . . гэж үгээ сунжруулсанаа - Би мэдсэн юмаа хи хи хи гэж зэвүүн инээхэд Чойнхор - Чи ер нь ямар өвчнөөр хэвтсэн хүүхэд вэ? Эр эм нь ч мэдэгдэхгүй, эрүүл өвчтэй нь ч ялгагдахгүй, орохгүй гарахгүй газар ч байхгүй нэг хачин сүг сүүдэр шиг л хүн явах юм гэх нь ихэд эгдүүцэж буй бололтой - Яасан лам гуай? Дүүгээ нэг л илүү үзээд байна уу? Таныг бас сэмхэн юм хум үзээд, ном уншаад байдаг тухай энэ эмнэлэгээр л нэг ярих юм. Хүн мунхаруулаад байгаа хүнийг гадуур бас хайгаад л байдаг сурагтай хи хи хи гэх нь хэн хүний голд хүйтэн зураа татуулна. Тэгсэнээ - Нээрээ! Шоовой та хоёр нэрээ сольчихвол зүгээр юм биш үү хи хи хи гэж Чойнхор өвгөний толгойн хэлбэрийг дайруулан хэлэхэд Шоовой ухасхийн босоод Илүүг бариад авах тэр мөчид би дундуур нь орж амжсан юм. Хор шартай Шоовой түүнийг дэлсээд авахаас буцахгүй . Түний өрөөсөн нүд нь хилэгнэн дүрэлзэж, хамар нь сарталзан байв. Харин Илүү - Хи хи хи ахыгаа зодох нь уу? Хуультай л байхдаа гэж жонгинох нь цаанаа нэг зэвүүн. Би хүртэл тэсэлгүй - Чи хүний толгойг солих гээд байгаа бол би ч гэсэн чамтай энэ царайгаа сольчихмоор л байна. Өвчтөний амгалан тайванг алдуулаад яваа хүнд ч гэсэн хууль үйлчилдэг байх шүү. Орж ирсэн хэрэг чинь бүтсэн бол гарч болох уу?Аль эсвэл бид хэн нэгнийг дуудах ёстой юу? гэтэл ёстой ганц ч үг дуугаралгүй гарсан даа. Би тэр хүнийг тэгтэл их муу хүн гэж мэдэхгүй ч гэсэн ерөөс тэрийг харах тоолонд надад олигтой сэтгэгдэл төрж байгаагүй юм. Түүнийг гарсанаас хойш манайхны инээж наргиж байсан тэр сайхан агшин нэг хэсэгтээ л үгүй болж, нам гүм болчихож билээ. Хаа явсан газраа хар санаа, хий хор тарааж явдаг ганц нэг хүн байх л юм. Гэхдээ тэд ховор л доо. Тиймдээ ч хорвоо ийм сайхан байдаг байх гээд тэр нэг хэсэг дуугаа хураан суулаа. Түүнийг харж суухдаа “Уг нь энэ хүний доторхыг л мэдрэх юмсан. Даана ч дүйвүүлээд өөр юм яриад байх юм” гэж бодох агшинд тэр хүн үнэхээр нууцлаг нэгэн юм шиг санагдаад болохгүй байлаа. Тэгтэл тэр гэнэтхэн
- Яасан? Би хүссэнийг чинь ярьж өгөхгүй л байнаа даа гэж хүний бодол уншдагаа батлах мэт надад хэллээ. - Яагаад та тэгж бодоо вэ? - Би өөрийг чинь сонинд ажилладагийг мэднэ л дээ. Эмнэлэгээр нилээд хэдэн сар явчихсан би сонин л уншиж өдрийг өнгөрөөдөг юм гэхэд нээрээ би оны сүүлчээр “Оны ган үзэгтний” шагнал авч зурагтайгаа гарсанаа санав. - Өө та намайг мэддэг юм уу? гэхэд - Мэдэх гэхэд хаашаа юм. Харин чиний бичсэнийг бол уншдагаа уншдаг. - Тэгээд танд ямар санагддаг вэ? - Яахав. Томчуулын тухай бол дажгүй л гаргаж ирдэг юм. Гэхдээ . . . гэж үгээ таслахад миний дотор нэг “Цааш нь юу гэх бол?” гэсэн аазгайн хорхой гозолзож - Гэхдээ юу гэж? - Томчууд баячуудын амьдрал сонин хүндээ сонин байдаг байх. Нийтэд бол тийм биш гэж боддог юм. Харин доогуур жирийн хүмүүсийн дунд сайн анзаарах юм бол амьдралын нарийн ширийн хийгээд хошин шог ч юм зөндөө шүү дээ гээд үгээ таслахад “Энэ хүн маань надад заах нь ээ” гэж бодогдож суув. Гэтэл тэр учиргүй инээвхийлэв. - Инээснийг асуу гэдэг дээ гэхэд - Чи одоо л гэхэд сайн чагнавал маш гоё инээдмийн зохиол нөгөө тасалгаанаас сонсогдож байна шүү дээ гэлээ. Би чих тавин чагнаваас нөгөө хүүхнүүд болон хоёр залуугийн яриа сонсогдоно. - Чамд хүний доодох байна уу? - Байна - Тэгвэл гарга. - Болох юм уу? - Болноо болно. Одоо ер нь ганц юмаа тултал нь хийнэ шүү гэнэ. Гэтэл нөгөө талын хүүхэн - Хүүе яанаа би барилаа гэхэд нэг залуу үгээ сунжруулан - Барих ч яахав барина. Тэгээд чангарч байна уу? - Чангарч байна гэх мэтчилэн ярих нь мэдээж хөзөр тоглож байгаа нь илт. Гэхдээ хальт сонсовол үнэхээр инээдтэй байсан ч учиргүй инээх нь бас эвгүй байсан тул би яаж ч чадсангүй. Тэгтэл нөгөө хүн
- Зарим хүний гадаад байдал нь дотоод ертөнцтэйгөө байнга зөрчилдөж байдаг гэхэд би чухам юу гэснийг нь сайн ухаараагүй тул түүний өөдөөс харвал - Юу гэмээр юм дээ. Дотоод сэтгэл нь хүсээд байгаа хэр нь өөрийнх нь биеэ авч явах гадаад байдал нь түүнийгээ гаргах боломж олгоддоггүй гэх юм уу даа. Тэрнээсээ болоод амьдралдаа алдаж, хамгийн чухал юм нь холын холд явчих тохиолдол байх юм даа гээд надад их чухал юм хэлээд намайг ойлгосон эсэхийг мэдэх гэсэн аятай нэг их сүрхий харсанаа - Тийм зан их багад суусан байдаг шиг байгаа юм. Түүнээс хожим бий болсон бол түүнээс салахад их амар байх л даа. Тэгээд ч хүн ер нь бага байхдаа ямархан хүүхэд байснаа эргэн санахад буруудахгүй харин ч бүр таатай мэдрэмж төрүүлж болох юм гэж тэрүүхэн агшинд юманд хөөгдөх мэт үл ойлгогдох юм үргэлжлүүлэн хэлэв. Яагаад гэвэл би хажуу өрөөнийхний ярьж байсан хүртэл ойлгоод сүүлийн хэсгийг хараахан ойлгоогүй байсан юм. Тэр агшинд бидний сууж явсан галт тэрэг ээрэм талын дунд орших Чойр өртөөн дээр ирж байв. Тэрээр буух шинжтэй болж юмаа цэгцлэн өндийхөд - Өө та энд буух байсан юм уу? гэж асуух даа ярианых нь сүүлчийн хэсгийг ойлгоогүйгээ нууж чадсангүй. Тэгтэл тэрээр - Чамд юм бодоход зөндөө цаг бий. За сайн яваарай. Ажилд чинь амжилт хүсье гээд эрүүл харагдах нүдээрээ тэр гэхийн тэмдэггүй гунигтайхан харсанаа цааш эргэн нүднийхээ шилийг зүүгээд, хачин их санаа алдах нь надад сонсогдов. Тэр хүнийг гараад явсаны дараа би өөрийн эрхгүй зорчигчидын тавцан байх эсрэг талын цонхон дээр очлоо. Яагаад ч юм “Харалгүй явуулчих юм биш байгаа даа” гэсэн бодол миний дотор харваж, олон хүмүүсийн дундуур тэр сонин хүнийг хайсаар байлаа. Түүний тэр тунарсан харц, аядуухан хоолой надад сонсогдсоор байв. Тэгтэл ч удалгүй галт тэрэг хөдөлж, тоосон дунд торойх бяцхан сууринг би харсаар үлдэв. Буцаж өрөөндөө ороод сууж байхдаа би яг л хий хоосон дунд гав ганцаар үлдэх шиг санагдан нэг л эвгүй. Миний хамаг бүхнийг саяын хүн аваад буучих шиг. Би энэ хүний ярианаас олигтойхон материал болчих юм сонсож чадаагүй юм. Өөрийнх нь шимтээд байгаа тэр “зургаагийнхан” ч надад тэгтлээ сонин байгаагүй нь бодвол өөрийнх нь хэлсэнээр би тийм байдалд ороогүй болохоор тэр байх. Гэхдээ л миний сэтгэл дотор алс тэртээд ихэмсэг хээнцэрхэн хэрнээ гэнэн томоогүйгээр үлдэж хоцорсон охин нас минь олон жилийн хөндүүр шарх сэдрэх мэт амилж ирлээ. Үлдэж хоцорсон ч юу байхав дээ одоог хүртэл намайг цовдолчихоод байгаа зүйл л дээ. Харин яагаад нгэснийг би мэдсэнгүй. . . Өөрийгөө би сайн аав ээжийн буянд сайхан орчинд өсөж хүмүүжсэн азтай охин гэж боддог юм. Би учиргүй хөөрхөн биш ч гэлээ царайлаг охин байсан юм. Сурлагадаа сайн, сагс волейболын секцэнд явдаг. Бүр сургуулийнхаа шигшээд явдагийн хувьд нуруугаараа ч, ур чадвараараа ч гологдохооргүй байсан байх. За тэгээд хүүхдүүдийн дунд нилээн нэр хүнд бүхий хүүхдүүд намайг хүрээлдэг байлаа. Би ч тэднийг нэг их ийм тийм гэж ялгаад байхгүй. Сурлага спортоороо сайчууд ч, жаахан довилуун зантай хулигаан нэртэй хүүхдүүд ч гэсэн надтай нийлдэг байсан юм. Манай хот орос монголын хамтарсан үйлдвэр бараадсан шинэхэн хот. Тэгээд ч тэр үү орос айлгүй байр ховор. Хүүхэд л юм болсон хойно орос монголгүй л холилдон тоглосоор орос хэлэнд ч гайгүй. Бас ч үгүй нилээд олон орос найз охидуудтай. Ийм л нэг цэвэрч хээнцэрдүү ихэмсэгхэн хэрнээ их нийтэч охин байв. Банди нар хэдийгээр ээрч хоргоогоод байхгүй ч тэдний хэн нь ч гэсэн надтай үерхэхийг хүсэж байгаа нь харцнаасаа л мэдэгддэг байв. Тэгэх тусам тэднийг тоохгүй бардам нэгэн явдагсан. Тэгтэл тэр жил хотоос нэг хүү шилжиж ирлээ. Хот хотдоо бүр төвийн сургуулиас ирсэн байлаа. Ирсэн дариуд нь ч яахав дээ нэг их тоосонгүй. Шинэ хүүхдийг харахгүй байна гэж юу байхав. Бусад хүүхдийн адил харж, тэдэнтэйгээ түүний талаар ярилцана. Хөвгүүд болсон хойно шинэ хүүхдийг гоочилдог л байсан байх. Хааяа зодолдлоо барилаа гэж сонсогддог л байлаа. Нэг хоёр сарын дараагаар байдал өөрөөр эргэж эхэллээ. Тэр хүү сурлагаараа сургуульд толгой цохиж эхлэв. Түүнийг магтахгүй багш гэж үгүй болов. Тэрэнд энэнд гоц биш ч гэлээ түүнд чадахгүй спорт гэж байхгүй байлаа. Юу ч тоглосон хачин эвсэлтэй, ялангуяа багийн тоглоомонд гоцлон тоглогч биш холбогч найруулагч шинжтэйгээр санаачлагыг гартаа авч тоглох нь гайхамшигтай. Зөвхөн тоглоомонд ч биш энгийн үедээ ч гэсэн тийм байсан. Сүүлдээ түүнийг хүрээлдэг хүүхдүүд маш олон болсоор байв. Тэр яг л соронзон мэт хүүхдүүдийг өөртөө ойртуулдаг байлаа. Түүний хэлсэн үгийг эсэргүүцдэг хүүхэд манай ангид битгий хэл сургуульд байхгүй болж эхэлсэн юм. Завсарлагаанаар тэр хэзээний л хэн нэгэнтэй ярьж хөхөрч, хэн нэгнийг инээлгэн чинийхээ омгийг чимхэн зогсох бөгөөд түүнтэй уулзсан бүхэн баяр хөөтэйгөөр салдаг байлаа. Харин тэр яагаад ч юм надтай л дуугардаггүй байсан юм. Бусад хүүхдүүд надтай урьдынх шигээ л харьцаж байсан болохоор би түүнтэй тэгтлээ нэг их ойртох гэж тэмүүлдэггүй байж. Гэхдээ надад түүний байгаа байдал, яриа хөөрөө, алхаа гишгээ тэр ч бүү хэл хувцаслалт нь хүртэл нэг л сэтгэлд дотно санагдаж, өөрөөр хэлвэл тэр надад таалагдаж эхлэв. Хүнийг таална гэдэг надад өөрт ч гэсэн сонин байхыг бодоход би урд ингэж байгаагүйн шинж байх. Гэхдээ чихээ зулгаахаас бусад нь шүү. Өдөртөө хэдэн мянган удаа тааралдаж байгаа болохоор харц тулах үе зөндөө ч дуугарна гэж үгүй. Гэхдээ би түүнтэй хааяа харц тулгарахдаа тийм гэхийн аргагүй халуун дулаан нөлөөлөл гэхээр хаашаа юм, нэг л тийм сөрж зогсож боломгүй юм олж хардаг байв. Хэрвээ намайг яг л тэр харцаараа харж байгаад юу ч гэж хэлсэн би зөвшөөрчихмөөр тийм л харцаар хардаг байсан юм. Бүр юуг ч гэсэн шүү. Худалч хүнд ховсдох гэхээр хаашаа ч юм дээ. Гэсэн хэдий ч бид хоорондоо дуугардаггүй хэвээрээ л байлаа. Энэ байдал маань бусад хүүхдүүдэд ч гэсэн анзаарагдсан байх. “Энэ надтай дуугарахгүй байхад би яршиг л байна шүү дээ” гэж би боддог байсан ч хэн ч над руу авираад хүрэхгүй мэт ганган хээнцэр, эрхэмсэг чанарыг минь тэр хүү ховсдон сорсоор байсан юм. Сүүлдээ би гэрт, гадаа хаа ч гэсэн түүний тухай бодол болон харцаараа эрхийлдэг болсон юмдаг. Ядаж байхад түүнийг шагшин гайхсан яриа анги, сургууль даяар охдидуудын амнаас ам дамжин надад сонсогдоно. Магадгүй тэдгээр охид ч гэсэн над шиг ховсдуулан дурласан байж болох юм. Хөвгүүд ч гэсэндээ түүнгүйгээр юм хийхээ больж, тэр ирэхгүй л бол заал авч тоглохоо ч байсан гэвэл ямарав. Нэг удаа манай анги щейфийн холбоотой байдаг орос сургуулийн нэг ангитайгаа хамтарсан үдэшлэг зохиолоо. Тэр ангид манай байрны миний найз Ольга хэмээх хөөрхөн охин байдаг юм. Тэр ангидаа байтугай сургуульдаа хөөрхөнд орно. Өөрөө ч түүнийгээ мэднэ. Би ч өөрөө орос хэлэнд муугүйг хэлэх үү ний нуугүй хэлэхэд “тэр үдэшлэгэн дээр л би тэр хүүд юу чаддагаа үзүүлчих болов уу” гэж санагдаад байв. Тэгээд дотроо жаахан догдлоод л найз Ольгатайгаа ярьсан шиг суув. Намайг хүлээж догдолж байгааг мэдсэн юм шиг тэр нилээн хоцорч ирэв. Их л удсан санагддаг юм. Магадгүй би хүлээгээд байсан болохоор тэр байх. Тэгтэл тэр орж ирсэн цагаасаа эхлэн санаачлагыг гартаа авч бүхнийг байлдан дагуулав. Оросоор чөтгөрийн юм шиг цэвэрхэн ярих түүнд мэдэхгүй зүйл, ярихгүй сэдэв байхгүй бололтой. Барууны болон оросын эстрадын дуучдын тухай болон тэдний концертуудыг он оноор нь ярьж байлаа. Тэр ч байтугай зарим нэгийг нь банзан гитар дээр тоглон дуулахад орос хүүхдүүд болон багш нар нь хүртэл даган дуулж, бүжиж байв. Намайг байнга магтдаг манай орос хэлний багш хүртэл - Энэ хүүхдийн хажууд би бараг өөрөөсөө иччихлээ гэж байлаа. Тэр бүр Оросын түүхийг хүртэл ярьж тэдэнтэй маргалдан мэтгэлцэж байсан даа. Хөгжим эгшиглэх болгонд тэр Ольгаг урьж эргэлдэнхэн бүжих нь ёстой л үлгэрийн гэмээр. Миний дотор бачимдан байж ядаж байсыг бодоход би атаархаж байсан байх. Хамгийн сүүлд тэр оросоор оросын явган шогуудаас ярьсан нь зүгээр тасраад явчихав уу л гэлтэй болсон доо. Тэр орой хоёр анги урьд нь байгаагүйгээр хөгжилдөн байсаар тарцгааж билээ. Тэрнээс хойш Ольга манайхаар орж ирэх нь ихсэж, түүний тухай л ярьдаг бөгөөд танилцуулж ойртуулж өгөхийг надаас хүсдэг болсонсон. Тэр тийм л хүү байсан юм. Тэрээр манай ангид, манай хотод яг зургаахан сар болоод л хотруугаа буцаад шилжээд явчихаж билээ. Маргааш явлаа гэхийг нь сонсоод манай ангийнхан бүгд уйлсан. Хөвгүүд ч гэсэн уйлсан байх. Харин би ангидаа уйлаагүй. Гэртээ ирээд харин ч нэг нэрж өгсөндөө. Өрөөндөө суугаад л байсан хэдэн цаг болсон юм бүү мэд. Тэгтэл ээж хаалга тогшоод - Чамтай нэг хүү уулзъя гээд байна гэхээр нь манайхаар хүүдүүд ирж л байдаг юм чинь “Хүн ч нэг аятайхан уйлуулчихгүй” бололтой юм бодсон шиг гараад ирсэн чинь нөгөө хүү чинь зогсож байдаг байгаа. Тэрхэн зуур надад ичиж зовохоосоо илүү “Би ийм ч байдалтай түүнд харагдах гэж” гэсэн ихэмсэг бодол төрсөн. Би тийм л зантай охин байж. Тэгтэл тэр нөгөө л сонин харцаараа харж, сэтгэлд дотно намуухан дуугаараа - Уучлаарай би чамтай өдий болтол олигтой ч ярилцаж чадахгүй байсаар өдий хүрчихлээ. Хожимдсон ч гэсэн би чамд нэг юм хэлэх гэсэн юм гэхэд миний дотор нэг нөхөр орчихоод л өнөө муу зүрхийг минь хумиж атгаад хэдэн хавиргыг минь ээлж дараалан балбаж байгаа юм шиг л боллоо. Гэсэн ч би биеэ барьж - Өдий болтол юм яриагүй юм чинь одоо юм хэлэх хэрэг байгаа юмуу гэж хэлчихээд хичнээн их харамссан гээч. Тэгээд “Ингээд л дуугай яваад өгчих болов уу” гэж бодохоос “Худлаа худлаа тоглосон юм. Тэгээд хэлээч” гэчихмээр байж билээ. Тэгтэл - Магадгүй чамд утгагүй сонсогдож болох юм. Хэдийгээр би хэнтэй гэсэн учраа олж, хэнд ч гэсэн өөрийгөө ойлгуулж чаддаг ч чамд л энэ үгээ хэлж чадахгүй байсаар буцах болчихлоо. Гэхдээ хэлэхгүй байж бас чадахгүй нь ээ. Магадгүй хэтэрхий хувиа бодсон чанар ч байж болох юм гэж хэсэг байзансанаа - Би чамт хайртай гэлээ. Хүлээж цөхсөн юм тарчилгаж тарчилгаж ирэхэд баясаж баярлахын зэрэгцээгээр асар их уцаар төрүүлдэг байх. Би хичнээн баяртай, азтай жраглтай байсан ч гэлээ - Чи өдий болтол хэлээгүй. Хэлэх нь байтугай дуугардаг ч үгүй байсан байж одоо наадахыг чинь сонсоод намайг яана гэж бодоов гэж хэлэнгүүт баярласан гомдсоны аль нь болох нь ялгагдахгүй цээжнээс нэг юм огшин нүдний аяга дүүрээд ирэнгүүт биеэ хүчлэн барьж, өөрийгөө жаахан тайтгаруулаад - Чи яагаад тэгээд надтай юу ч ярьдаггүй байсан юм бэ? гэж гомдол маань гайхширал, тунирхалын аль нь болох нь мэдэгдэхгүй амнаас гарахад - Би чамайг өөрөөсөө хүртэл хармалдаг байсан юмаа гэлээ. Энэ хариулт надад хорвоогийн хамгийн тэнэг хариулт сонсогдсон ч сайхан санагдсаныг нуугаад яахав. Тэрээр цааш нь - Би чамайг харсан тэр өдрөөс эхлээд би өөрийгөө хэр өчүүхэн болохыг мэдсэн юм. Чи миний хувьд ямархан өндөрт байснаа мэддэггүй байх. Би чамтай ярьчихвал, хайртай гэдгээ хэлчихвэл бүх юм дуусчих гээд байх шиг санагддаг байсан юм. Анх би чамайг сургуулийн гадаа харсан юм шүү дээ. Чамайг хэддүгээр ангийг мэдэхгүй хэрнээ “Бурхан минь намайг энэ охины ангид оруулж өгөөч” гуйж билээ. Харин хожим бодоход тэгж гуйдаг л буруудсан байх. Тэгээгүй өөр ангид орсон бол би цаг үргэлж чамайг харж, чиний сайханд өөрийгөө босох сөгөөгүй болтлоо дарахгүй ч байх байсан ч юм билүү гэх нь тэр. Түүний яриаг сонсох тусам би уяран нугарч байгаагаа мэдэрч юутай ч юм тэрсэлдэн байсан хэдий ч өөрийгөө барьсаар - За за одоо чи явдаа. Чамд сайн сайхныг хүсье гээд эргэтэл тэр надад - Баяртай гээд нэг жижигхэн төмөр зүүлт өглөө. - Юу юм бэ? - Дурсгал. Хэрвээ хэрэггүй бол хаячихаарай гээд нэг их тунарсан зөөлөн харцаар харж байснаа доошоогоо гүйчихлээ. Би эгээтэй л хойноос нь гүйсэнгүй шатан дээр суун туссаар үлдсэнсэн. Зүрхэн хэлбэртэй тэр зүүлтийг гартаа атгасан чигтээ би уйлсаар уйлсаар . . . Түүнийг манай ангид ирсэнээс хойшхи зургаан сарын хугацаанд би бүр тарчилж гүйцэж байсан юм байна даа гэж одоо хааяа боддог юм. Тэр зүүлтийг авч үлдсэнээрээ би буруутсан ч байж болох юм. Би л илчлээгүй болохоос үнэндээ бол тэр миний анхны хайр байсан юм. Түүнийг явсанаас бараг хоёр хоногийн хойно зүүлтэн дээрхи маш жижигхэн бичгийг уншихад “Холын холд” гэсэн байлаа. Заримдаа би түүний тухай зүгээр л зүүдэлсэн ч юм шиг санагддаг. Осолдохгүй тэр зүүлт байгаа болохоор өнгөрсөн бүхэн үнэн бодогдоно. Түүнийг явсанаас хойш анги, сургууль тэр байтугай манай хот хүртэл нэг л эль хуль, эзэнгүй, утгагүй. Хаа ч явсан түүний орон зай үгүйлэгдэнэ. Яаж би сургуулиа төгссөнөө ч нэг их санадаггүй. Надаас гадна олон охид тиймэрхүү байсан гэхэд би эргэлздэггүй ч ганцхан надад л тэр зүрхэн хэлбэртэй зүүлт байсан юм даа. Сургуулиа төгсөөд гадаадад хуваарь авах боломжтой байсан ч би авсангүй. Хотруу их сургуулийн хуваарь авлаа. Бодвол би түүнийг л харах, магадгүй түүнтэй л уулзах гэсэн хүсэл байсан байх. Мөн ч гэнэн байгаа юм шүү. Гэхдээ би түүнийг олоогүй ээ. Магадгүй тэр “Холын холд” явсан байсан байх. Оюутны таван жил инээж шуугисаар өнгөрсөн. Спортоор хичээллэдэг байсны буянд би нуруу туруу өсгөлүүн, мөн л сургуулийнхаа шигшээд тоглоно. Оюутан залуучуудынхаа дунд мөн л нэр хүндтэй, ганган хээнцэр гээд миний үндсэн чанарууд хэвээрээ л байлаа. Ганцхан хайр сэтгэлийн асуудал дээр л би нэг дутагдалтай байв. Ний нуугүй бодоход олон ч залуучууд ирсэн дээ над дээр. Яагаад ч юм би тэднийг насан багын тэр хүүтэй л харьцуулан, түүний хаана нь ч хүрэхгүй тэднийг өөртөө үлдээж чадаагүй дээ. Оролдоогүй биш оролдсон. Гэхдээ л чадаагүй. Түүнээс хойш арван хоёр жил өнгөрчээ. Хүнтэй суусангүй. Суух байтугай хайртай ч болсонгүй. Заримдаа би өөрийгөө өвчтэй юм болов уу ч гэж боддог юм. Тэртээ тэрэнгүй надаас зөрөөд өнгөрсөн тэр тавиланг би яагаад өдий болтол үгүйлэн суудаг юм бол. Сониноос нөгөө зүүлт маань одоо хүртэл байдаг даа. Хөөрхий төмөр юм болохоор муудаад, зүүх гэхээр хаашаа ч юм. Зүүхгүй гэхээр зүүлтийг ч, зүрхээ догдлуулсан тэр үеэ ч өрөвдөөд байдаг юм даа. Тэгээд өдий болтол намайг өөрийн мэдрэлгүй болгон ховсдох мэт мэлмэрэх тэр нүдийг хайсаар өдий хүрлээ. Үгүй ээ ингэхэд саяын хүний нүд яагаад тийм танил мэт санагдаваа. Ярианых нь сүүлийн хэсгийг би ойлгоогүй. Ер нь тэр нүдний тасгийнханы тухай надад ярьж цаг барахын хэрэг юу байсан юм бол. Буух нь будал нв дөхчихөөд тэр үү нэг л авцалдахгүй юм яриад байсан. Бага нас ч гэх шиг, холын холд ч гэх шиг . . . Байз байз! үгүй ээ энэ чинь нээрээ. . . Бурхан минь, Арай үгүй байгаа даа |

ТАНЫ АЯЛАХ ЗАМ ТАНЬ ДАРДАН, ЗОРЬСОН ҮЙЛС ТАНЬ БҮТЭМЖТЭЙ САЙХАН АЯЛААРАЙ