Тэнгэрийн тамгатай миний эх орон

Зуны өглөөний цэцэгс нь шүүдрийн усан тамгатай
Зузаан дулаан хөрс нь есөн эрдэнийн тамгатай
Зураг сайхан байгальдаа амьтан бүгдийн тамгатай
Зуун зууны түүx нь нууц товчоон тамгатай...

Дээдэс мэргэн өвгөдийн амиараа сольсон орон
Дээлтэй ард бидний хамгийн хайртай гүрэн
Зургаан үсэгтэй нэр нь бүтэн хэвээр манддаг юм
Завилаад суусан дүр нь тэнгэрийн тамгатай харагддаг юм...

Мөнх-Эрдэнэ,
Тэнгэрлэг ЭХ ОРОН минь уралдаанд ирсэн бүтээлээс

Тэнгэрийн тамгатай миний эх орон

Монголын хөх тэнгэр ижийн минь нэрийг мэддэг юм
Морь унасан бүсгүй гэж хурийн дусал өгдөг юм
Өлзий билгийг самарч сүүгээ нэгэнтээ өргөхөд
Өндөр тэнгэр баярлаад үүр цайлгаж хардаг юм

Юугаар ч баян дэлхий ижийн минь дүрийг үздэг юм
Ядуу нэгэн бүсгүй гэж өгөөмөр сэтгэл өгдөг юм
Ганц цэцгийг нь тастлаа гэж намайг зандарч зэмлэхэд
Ганган дэлбээгээ дэлгэж хавар болж баярладаг юм

Миний ээжийн зовлонг бурхан мэддэг болохоор
Маанийн зургаан үсгийг тарни болгож өгсийм
Өүлэн ээжийн ухааныг өвлөж авсан болохоор
Өөрийн сайхан нутагт нь тэнгэрийн тамгаа дарсийм.

Миний сайхан нутгийн юм бүгд нь тамгатай
Морин туурайнд шидэгдсэн чулууд нь хүртэл тамгатай
Энгэрээ бүрхээд халиурсан өвс цэцгүүд нь тамгатай
Тэнгэрээ хадаад гялалзсан одод болгон тамгатай

Сэтгэл сэргэм дуугаа аялаад нисдэг шувуудтай
Сэрмүүн сайхан талдаа хөрвөөж төрдөг адуутай
Дэлхийг хотолзуулж баясдаг монголын сайхан орны
Дэндүү сайхан наадмыг хайрлан дурлаж төрсийм

Тэвчээрт тэмээд нь буйлалдсан монголын шаргал говь
Тэнхээт хүлэг нь давхилдсан дорнодын их тал
Тийм сайхан шүлэг төрдөг ардын их оюун
Тэнгэрийн тамгатай орныг бахархан хайж төрсийм

Зуны өглөөний цэцэгс нь шүүдрийн усан тамгатай
Зузаан дулаан хөрс нь есөн эрдэнийн тамгатай
Зураг сайхан байгальдаа амьтан бүгдийн тамгатай
Зуун зууны түүx нь нууц товчоон тамгатай

Бууж нүүдэг дэлхийдээ дөрвөн цагийн тамгатай
Буурал сартай тэнгэртээ долоон бурхан тамгатай
Буцаад нисэх шувууд нь нуураа орхидог тамгатай
Буман эрдэнийн сүрэгт нь чоно ордог тамгатай

Азарга азарга адуундаа боржигин овгийн тамгатай
Айл айлийн гадаа зэл татсан тамгатай
Цэлгэр талдаа завилсан эсгий цагаан тамгатай
Цэнгэг агаарт дэгдсэн аргалын утаан тамгатай .

Өвс чулуутай хөрс нь миний унасан шороо
Өөрийн гэсэн нэрээ сийлж бичсэн газар
Дахин төрсөн ч хэвээрээ миний ганцхан өлгий
Далан насыг давсан ч залуухан байдаг нутаг

Дээдэс мэргэн өвгөдийн амиараа сольсон орон
Дээлтэй ард бидний хамгийн хайртай гүрэн
Зургаан үсэгтэй нэр нь бүтэн хэвээр манддаг юм
Завилаад суусан дүр нь тэнгэрийн тамгатай харагддаг юм

Усан болор нуурандаа загас жараахайн тамгатай
Уул талын дээгүүр давхиа зээрэн тамгатай
Олон эрчүүд ноцолдон морио уургалдаг тамгатай
Овоонд гарсан улсууд гурав тойрдог тамгатай

Шинэ сайхан бүхнээ ерөөж мялаах тамгатай
Шүтэн дээдлэх хойморт нь зул бадмалсан тамгатай
Учран золгосон хоёр хөөрөг солилцдог тамгатай
Уулын оройд гарахад чулууг нь хөндөхгүй тамгатай .

Дээдсийн асаасан галаа тахиж явдаг тамгатай
Дэнжийн сайхан цэцэгсийг адгуус нь ч хайрлах тамгатай
Миний сайхан нутгийн юм бүгд нь тамгатай
Морин туурайнд шидэгдсэн чулууд нь хүртэл тамгатай

Мөнх тэнгэрээ ширтэн улиж байдаг тамгатай
Монгол нэрдээ залбиран сөхөрч байдаг тамгатай
Тийм сайхан ард түмэн тэр чигээрээ тамгатай
Тэнгэрийн тамгатай эх орноо, би хайрлах тамгатай

Сүсэгт тэнгэрээс заяатай хөх толбон тамгатай
Сүлдэт монгол улсынхаа иргэн болсон тамгатай
Эхээс заяасан сэтгэлдээ би, монгол гэсэн тамгатай
Энэ л сайхан биендээ би, эх орон гэсэн тамгатай !

Мөнх-Эрдэнэ
profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ