Солонгосын дайн нь Өмнөд ба Хойд Солонгосын хооронд 1950 оны 6 сарын 25-наас 1953 оны 7 сарын 27-ны хооронд болсон дайн юм. Хоёр Солонгосын аль аль нь нийт Солонгосыг өөрийн удирдлага доор нэгтгэх зорилготой байв. Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Хойд Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байв. Энэ дайн Хүйтэн дайны үеийн хамгийн том дайн байлаа.
Түүхэн угтвар
Солонгос нь 1910-1945 оны хооронд Японы эрхшээлд байв[17]. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр хийгдсэн АНУ ба ЗХУ-ын гэрээгээр Солонгосын хойгийг 38-р өргөргөөр хоёр хуваах асуудлыг тохиролцсон[18] бөгөөд уг гэрээний дагуу ЗХУ-ын арми 8-р сарын 10-нд уг өргөрөгөөс хойш нутагт, хэдэн долоо хоногийн дараа буюу 1945 оны 9-р сарын 9-нд АНУ-ын арми 38-р өргөргөөс өмнөх нутагт хяналтаа тогтоов. Хоёр тал хяналтын нутаг дээрхи олзлогдсон япон цэргүүдийг тус бүрдээ хүлээн авахаар тохиролцсон байна.
Ийнхүү Солонгос нь Зөвлөлтийн мэдлийн хойд, Америкийн мэдлийн өмнөд гэсэн хоёр хэсэг болон хуваагдав. 1945 оны 12-р сард АНУ ба ЗХУ нь Солонгосыг түр хугацаагаар удирдах гэрээ байгуулав. Энэ үеэс Өмнөдөд АНУ-ын цэргийн хяналтыг эсэргүүцэх хөдөлгөөн эхэллээ. Учир нь Америкууд Японы түрэмгийлэлийн үеийн засаг захиргааны нэгж, удирдлагуудын ихэнхийг хэвээр авч үлдсэн ба, солонгос хүмүүсийн байгуулсан аливаа эвсэл, хөдөлгөөныг хориглоод байв. 1946 оны 9 сард эхэлсэн төмөр замчдын эсэргүүцэл эрчимжин өмнөдийн ихэнх хотод үймээн дэгдэн, хэдэн арван цагдаагийн ажилтан, японы газрын эзэд амь үрэгдэв. Солонгос дахь АНУ-ын цэргийн удирдлага дайны байдал тогтоон, солонгосын иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэжээ.[19]. Өмнөдөд коммунист үзэл баримтлалыг дэмжиж эхлэв. АНУ Солонгост бүх нийтийн сонгуулиар шинэ засгийн газар байгуулах санаачлага гаргасан байна. Өмнөдийн хүн ам хойд нутгийнхаас хоёр дахин илүү тул бүх нийтийн сонгуулиар коммунист Ким Ир Сен олонхийн санал авч чадахгүйг мэдэж байлаа. Өмнөд нутагт АНУ-д боловсрол эзэмшсэн, коммунизмыг эсэргүүцэгч Ли Сын Ман шинэ засгийн газрыг тэргүүлэх болов[20]. Энэ засгийн газар нь албан ёсоор нийт солонгосын засгийн газар байсан байна. Харин хойд нутагт Зєвлєлтийн дэмжлэгтэйгээр коммунист үзэл суртал улам бэхжин, Ким Ир Сенээр толгойлуулсан коммунист засгийн газар 1947 оны зун байгуулагдав[21]. Энэ коммунист засгийн газар нь ууланд партизанчлан, АНУ-ын дэмжлэгтэй засгийн газрын эсрэг дайнд бэлтгэж эхэлжээ. Шинээр байгуулагдсан хоёр засгийн газар аль аль нь нийт солонгосыг өөрийн удирдлагад нэгтгэх зорилготой байлаа.
1949 онд ЗХУ ба АНУ нь өөрсдийн мэдлийн бүсээс анги нэтгэлүүдээ бүрэн гаргасан ба Кимын удирдсан коммунист засгийн газар өмнөдийг цэргийн хүчээр нэгтгэхийг санаархаж эхэлсэн боловч Сталин энэ дайнд АНУ-ыг оролцож болзошгүй гэж болгоомжилж байв. 1950 оны 1 сард АНУ, Номхон далай дахь АНУ-ын хамгаалалтын бүсийг Алеутийн арал, Япон, Филиппин гээд, Солонгосын хойгийн хамгаалалтыг НҮБ хариуцах ёстой гэж мэдэгдлээ[22]. Энэ үеэс хойд солонгосын арми Хятадын чөлөөлөх армид 1930-д оноос хойш байлдаж байсан солонгос цэргүүдээр хүчээ зузаатган, зөвлөлтийн зэвсгээр зэвсэглэж эхлэв. 1950 оны 3 ба 4 сард Ким Москвад Сталинтай уулзаж, дайн эхлүүлэх зөвшөөрөл авчээ[20][23]. 1950 оны 3 сард Хойдууд Зөвлөлтүүдэд 9 тонн алт, 40 тонн мөнгө, 15,000 тонн фосфор, газрын ховор элементийн баяжмалыг худалдаж авсан зэр зэсгийн төлбөрт шилжүүлсэн байна[24]
[Засварлах] Дайны эхлэл
1950 оны 6-р сарын 25-ы өдөр Хойд Солонгосын арми нь их бууны галын дэмжлэгтэйгээр 38-р өргөргийг 6 дивиз, 150 Т-34 танкийн хүчээр давснаар дайн эхэлжээ. Хойд Солонгосын тал "урвагч Ли Сын Ман итгэл эвдэн хил давж, цөмрөн ирсний хариуд цохилт өгч байна" гэж мэдэгджээ[25]. Хойд Солонгосын арми нь 415,000 хүний бие бүрэлдэхүүнтэй, 150 Т-34 танк, 40 орчим сөнөөгч, 70 бөмбөгдөгч, 10 тагнуулын онгоцтой байв[25]. Өмнөдийн арми амьд хүчний хувьд 150,000 цэрэгтэй байсан нь хувцас хангамж, зэвсэг муутай (Японы Квантуны Армиас үлдсэн хөнгөн зэвсэг, дүрэмт хувцсаар нийт бие бүрэлдхүүний ердөө 1/3 нь хангагдсан), техникийн парк гэхэд мөн л Японы армиас үлдсэн, АНУ-ын тусламжаар орж ирсэн 40 гаруй танк, хуягт машин, сургалт дадлагын 14 нисэх онгоцтой байсан хийгээд дайн эхлэх үед өмнөдийн нутаг дээр гадаадын цэргийн томоохон нэгтгэл байгаагүй ажээ. Хамгийн ойрхон нь Японы ойролцоо байсан Америкийн цэргийн ангиуд байжээ[25].
Дайны эхний өдрүүдэд Хойд Солонгосын арми маш амжилттай урагшлаж, 6-р сарын 28 гэхэд Сөүл хотыг эзлэв. Хойдууд НҮБ-ын удирдлага доор гадаадын цэргийн хүч ирж амжихаас өмнө Солонгосын хойгийг нэгтгэж амжина гэж итгэж байсан байна. Уг оны 8 сарын дунд үе гэхэд хойгийн 90%-ийг Хойдууд эзэлж, зөвхөн Бусан хот орчим өмнөдүүдийн мэдэлд үлджээ.
Хойд Солонгосчууд Өмнөд рүү дайрсан нь АНУ болон өрнөдийн бусад орнуудын хувьд гэнэтийн зүйл болов. Учир нь дайн эхлэхээс хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Төрийн департаментаас Конгресст тавьсан илтгэлдээ хоёр Солонгосын хооронд дайн гарах магадлал тун бага гэж мэдэгдэж байсан юм.
АНУ нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссантай холбоотойгоор армийнхаа бие бүрэлдэхүүнийг цөөлж, дайн дэгдсэн бүс нутагт хангалттай цэргийн хүчгүй болсон байв. Японд байрлаж байсан Дуглас МакАртур генералаар удирдуулсан нэгтгэл нь бүс нутагтаа хамгийн том нь байлаа. Дайны эхэнд ерөнхийлөгч Трумен Өмнөд Солонгосын армийг зэвсэг, техникээр хангах, цэргийн нисэх хүчнээр хамгаалуулан Америкийн иргэдийг Солонгосоос гаргах үүргийг Макартурт өгснөөр дэмжлэгээ хязгаарлав. Хэдийгээр Америкийн цэргийнхэн Хойд Солонгосын эсрэг цэргийн нисэх хүчнийг идэвхтэй ашиглахыг санал болгож байсан ч Трумэн зөвшөөрөөгүй бөгөөд харин Долдугаар флотод Тайваныг хамгаалах тушаал өгснөөр Хятадын коммунистууд болон гоминданыхны хоорондын тэмцэлд хөндлөнгөөс үл оролцох бодлогыг эцэс болгов.
Солонгосын дайн эхэлсэн өдөр НYБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан бөгөөд Зөвлөлтийн төлөөлөгч хуралдаанд суухаас татгалзаж, Югославын төлөөлөгч түдгэлзсэн санал өгсөн тул АНУ-ын санал болгосон тогтоолыг хүлээн авчээ. Энэ явдал нь ЗХУ-д маш том сургамж өгсөн юм. Хэрэв энэхүү тогтоол дээр байнгын гишүүн болох ЗХУ хориг тавьсан бол НYБ-ын цэрэг Өмнөд Солонгост цэрэг оруулж чадахгүй байх байсан гэдэг.
НYБ-ын тогтоолын дагуу АНУ нь Өмнөд Солонгост туслуулахаар цэргээ явуулж, өрнөдийн орнууд зэвсэг, хүн хүчээр тусламж үзүүлж эхлэв. Гадаадын цэргийнхэн оролцсон анхны томоохон тулалдаан 7 сарын 5-нд Осаны орчим болсон байна. Үүнд АНУ-ын 24-р дивиз оролцов. Өмнөд ба АНУ-ын тал асар их хохирол амсан Тэжон хүртэл ухарсан ба дивизийн захирагч, хошууч генерал Виллиам Ф.Диин олзлогдов. Энэ ажиллагааны явцад Америкын тал 32 мянган цэрэг, офицер, 220 их буу, миномет, 20 танк, 540 пулемёт, 1300 автомашинаа алдав. Үүний дараа Нактонган голын орчим болсон тулалдаанд Америкийн явган цэргийн 25-р дивиз болон хуягт танкийн дивиз ихээхэн хэмжээний хохирол амссанаас гадна баруун урд чиглэлд нь Хойд Солонгосын явган цэргийн 6-р дивиз, мотоциклийн 1-р ангиуд нь Өмнөд Солонгосын ухарч байсан нэгтгэлүүдийг бут ниргэж, Солонгосын баруун өмнөд болон, өмнөд бүс нутгийг бүхэлд нь эзлэн, Масан хотод ойртосноор Америкийн тэнгисийн явган цэргийн 1-р дивиз Бусан хот руу ухрахаас өөр аргагүй болов.
8 сарын дунд үед Өмнөд Солонгос ба АНУ-ын 8-р арми Солонгосын хойгийн зүүн өмнөд хэсэг болох Бусан хот орчимд бүслэгдэн, нийт хойгийн дөнгөж 10%-тай тэнцэх, 100-120 км гүнтэй, 120 км-ийн урттай Бусаны мөргөцгийг л хянаж байлаа.
Энэ хооронд АНУ цэргийн хүчээ зузаатгасан ба 8 сарын сүүлээр гэхэд 500 танктай, цэргийн бие бүрэлдэхүүний тоогоор хойд солонгосынхоос 180,000 аар илүү болж, сөрөг давшилтанд орлоо[25].
[Засварлах] Агаарын тулалдаан
Солонгосын дайн нь цэрэг дайны тэр дундаа нисэх хүчний түүхэнд анх удаа тийрэлтэт онгоцуудын хооронд тулалдаан болсноороо онцлог юм. Анхлан өмнөд эвслийн зүгээс P-51, F4U, A-1 зэрэг поршент хөдөлгүүрт онгоц ашиглаж байлаа. Үүний эсрэг Хойд Солонгос, Хятадын тал нь Як-9, Ла-9 загварын сөнөөгч, Ил-2, Ил-10, Ту-2, Пе-2 маягийн дайрагч, бөмбөгдөгч онгоцтой байв. Гэвч удалгүй Өмнөдийн эвсэл нь агаарт ноёрхохын тулд F-80,F9F, F2H зэрэг тийрэлтэт хөдөлгүүр бүхий онгоцуудыг татан ирүүлэв.
Дайны эхэнд Өмнөдийн эвслийн тийрэлтэт онгоцууд нь Хойд Солонгос, Хятадын поршент хөдөлгүүртэй онгоцуудаас илт давуурхаж, агаарт ноёлж байсан ч Зөвлөлтийн тал хамгийн сүүлийн үеийн МиГ-15 сөнөөгч онгоцыг Хойд Солонгос, Хятадын талд өгснөөр байдал дээрдэв.
Yvний хариуд америкчууд «МиГ-15»-ийн эсрэг тусгайлан зохион бvтээсэн F-84, F-86 угтан сөнөөгч онгоцыг Солонгос руу илгээсний дараа зөвлөлтийн сөнөөгчдийн хаанчлал дуусч, хоёр тал агаарт харилцан тэнцвэртэй болсон байна. Агаарын тулалдаанд туршлага илүү өмнөд эвслийн нисэгч нар ялах нь их байлаа. Агаарт ноёлж чадахгүй байгаагийн улмаас газрын байлдааны ажиллагаанд муугаар нөлөөлөх болсон нь Хойд Солонгос, Хятадын таних тэмдэгтэй нисэх онгоц, мөн тэдний дүрэмт хувцас, бичиг баримттай зөвлөлтийн туршлагатай нисгэгчдийг тулалдаанд оруулахад хүрэв. Америкийн тал нь 78–н F-86 сөнөөгчөө алдаж 792 МиГ, 108 бусад онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг ч 335 удаагийн ялалт нь л баримтаар нотлогддог. {Энэ нь нэг талаар туршлага муутай Солонгос, Хятадын нисэгч нарын жолоодсон онгоцыг оруулан тооцсонтой холбоотой бололтой} Зөвлөлтийн талаас 335 МиГ сөнөөгчөө алдаж 1300 онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг.
Солонгосын дайны явцад Америкийн агаарын цэргийн хүчин нь гол төлөв шатаагч бөмбөг ашигласан ихээхэн хэмжээний бөмбөгдөлт явуулж байжээ. Дайн нь гурван жил гаруй үргэлжилсэн ч америкчууд Вьетнамын дайны 13 жилийн дотор хаяснаас илүү хэмжээний напалмын бөмбөгийг Хойд Солонгосын нутагт хаясан байдаг.
[Засварлах] Холбоотнуудын сөрөг давшилт
1950 оны 9 сарын 15-нд холбоотнууд сөрөг давшилтаа эхлэв. Холбоотнууд Өмнөд Солонгосын 5, Америкийн 5 дивиз, Их Британий бригад болон 500 танк, 1,634 их буу миномет, 1,120 онгоц, 230 байлдааны хөлөг онгоц ашиглан сөрөг давшилтанд орсон бол тэдний эсрэг Хойд Солонгосын армийн 40,000 цэрэг, 40 танк, 811 их буу сөрөн зогсож байв. Ийнхүү эхний өдрийн давшилтаар өмнө талаасаа баттай хамгаалалттай болсноор мөн сарын 16-ны өдөр "Хромит" гэж нэрлэсэн ажиллагаагааг эхлүүлэв. Энэ ажиллагааны үеэр холбоотнууд Сөүл орчимд орших Инчон хотод 70,000 бие бүрэлдэхүүнтэй десант буулгалаа. Уг десантад АНУ-ын тэнгисийн явган цэргийн 1-р дивиз, явган цэргийн 7-р дивиз, Их Британий армийн тусгай отряд, Өмнөд Солонгосын нэгтэл багтаж байв.
Десант нь буусан өдөртөө Инчоныг эзлэн, Сөүлийн зүг давшилтаа үргэлжлүүлжээ. Харин өмнөд чиглэлд Тэгүгийн бүсээс Өмнөд Солонгосын хоёр нэгтгэл, америкийн явган цэргийн 7 дивиз, их бууны 36 дивизионы хүчээр сөрөг давшилтанд орсон бөгөөд энэхүү хоёр бүлэглэл нь 9-р сарын 27-нд Есан нэртэй газар нэгдэн Хойд Солонгосын армийн 1-р бүлэглэлийг бүслэв. Холбоотнууд Сөүлийг 9 сарын 25-нд эзлэж[26][27], 10 сарын 8-ны өдөр 38-р өргөрөгт хүрэв.
Хоёр улсын хуучин хилийн орчим болсон хэд хэдэн удаагийн цуврал тулалдааны дараагаар 10 сарын 11-ний өдөр Холбоотнууд Пхеньяны зүг давшилтанд орсон бөгөөд дэмжлэг болгож, 10 сарын 19-ны өдөр Пхеньянаас хойш 40 км-т 5,000 хүнтэй агаарын десант буулган, тэр өдөртөө Хойд Солонгосын нийслэлийг эзлэн авав. Хойд Солонгосын 135,000 цэрэг олзлогдов.
[Засварлах] Хятадын арми
БНХАУ нь 38-р өргөргийг солонгосын бус цэргийн хүч давсан тохиолдолд дайнд орно гэж мэдэгдэж байсан ч АНУ үүнийг нь "НYБ-ыг сүрдүүлэх гэсэн оролдлого" гэж үзэж байв. Гэвч 1950 оны 10 сарын 8-нд Америкийн цэргийн нэгтгэлүүд Хойд Солонгосын хилийг давахад Мао Зэдун Хятадын армийг Ялузянь голын эрэгт ойртон, гатлахад бэлэн байх тушаал өгөв. Мао Сталинд "Хэрэв АНУ Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлвэл, удалгүй Хятадад дайн зарлана гэдэгт бэлэн байхаас өөр аргагүй" гэж хэлж байв. Тэрээр Зөвлөлтүүдээс дэмжлэг авахын тулд ерөнхий сайд Жоу Эньлайг Москва руу явуулаад, хариу хүлээн дайнд орох өдрийг 10 сарын 13-аас 19-ний өдөр болгон хойшлуулав.
Гэвч ЗХУ нь агаарын болон тэнгисийн цэргийн дэмжлэгээр туслахаас татгалзсан төдийгүй өөрийн сөнөөгч МиГ-15-ыг фронтын шугаманд 100 км-ээс илүү ойртохыг нь хориглож зөвхөн Хойд Солонгос, Хятадын нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг бэлтгэх, ар талын агаарын хамгаалалтыг хариуцах, зэр зэвсэг, галт хэрэгсэл нийлүүлэхээс хэтэрсэнгүй . Энэ нь Сталины хувьд "Уулан дээрээс 2 барсын хоорондхи зодооныг тайван ажиглаж, аятай тохиол хүлээх сармагчины хаан" Мао-ЗеДуны бодлогоос болгоомжилсноос үүдэлтэй байлаа.
[Засварлах] Өвлийн сөрөг давшилт
Байдал тун ээдрээтэй болж ирсэн тул Хятадын тал Зөвлөлтийн хариуг хүлээлгүй 1950 оны 10 сарын 25-ны өдөр Пэн Дэхуй генералаар удирдуулсан 270,000 хүнтэй армиа Ялузян голыг гатлан дайнд орох тушаал өгчээ. Гэнэтийн дайралтын хүчээр Хятадын арми Өмнөдийн эвсэл буюу НYБ-ын цэргийн хүчний хамгаалалтыг устгасан ч өөрсдөө уулархаг нутаг руу ухарсан байна. Энэ тулааны явцад Хятадын тал 10,000 хүнээ алдсан бол Өмнөд Солонгос 6,000, АНУ 2,000 мянган хүнээ алджээ. НYБ-ын цэрэг ихээхэн хохирол амссан ч Ялузян голыг чиглэсэн дайралтаа үргэлжлүүлсээр байв.
1950 оны 11 сарын сүүлээр Хятадын тал хоёр дахь давшилтаа эхлэв. Америкийн цэргийг Ханган ба Пхеньяны хоорондахь сайтар бэхлэгдсэн хамгаалалтаас нь холдуулахын тулд Пэн Дэхуй өөрийн нэгтгэлүүддээ эмх замбараагүй ухарч байгаа байдал үзүүлэхийг тушаав. Генерал МакАртур үүнд хууртан 11 сарын 24-ний өдөр өөрийн дивизүүдээ Хятадын бэлдсэн занга руу явуулж ноцтой алдаа гаргав. Yр дүнд нь 420,000 хүнтэй Хятадын арми НYБ-ын цэргийг баруун талаас нь тойрч бүслээд Америкийн 8-р дивизийн эзлэж байсан байрлалд хүчтэй цохилт өгөв. Зүүн чиглэлд 11 сарын 26 - 12 сарын 13-ны хооронд Чхосиний усан сангийн орчим болсон тулаанаар америкийн явган цэргийн 3,000 хүнтэй корпус бут ниргүүллээ. Харин америкийн тэнгисийн явган цэргийнхэн өмнө зүгт ухарсан ч гэлээ Хятадын давшилтыг амжилттай эсэргүүцэн, тэдний зургаан дивизийг устгажээ[28]. Энэ ухралт Америкийн цэргийн түүхэн дэх хамгийн хол ухралт гэж тооцогддог байна[29].
НYБ-ын хүчин Хуннам хот хүртэл ухарч, бэхлэлтийн шугам байгуулаад 1950 оны 12-р сард хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлүүлжээ. Энэ ажиллагааны явцад 105,000 цэрэг, 98,000 Хойд Солонгосын энгийн иргэдийг Өмнөд Солонгос руу хөлөг онгоцоор тээвэрлэн хүргэсэн байна[26][30].
1951 оны 1 сарын 4-ий өдөр Хойд Солонгос, Хятадын хамтарсан Умардын эвслийнхэн Сөүл хотыг эзлэв. Тулааны явцад алагдсан генерал Уокерийн оронд албан тушаалыг нь авсан дэслэгч генерал М.Рижуэй Америкийн армийн сэтгэл санааг өргөх, ёс суртахууныг бэхжүүлэх арга хэмжээ авч "Чонын ав", "Аянга", "Бүслэлт" зэрэг сөрөг дайралт явуулсан ч олигтой үр дүнд хүрч чадсангүй. Өмнөдийн эвслийнхэн 1951 оны 2 сарын 21-нд эхлүүлсэн ажиллагаагаар Хятадын армийг хойд зүгт нэлээд ухраав. Yүний дараа 3 сарын 7-нд "Цөлмөгч" ажиллагааг эхлүүллээ. Энэ ажиллагааны хүрээнд фронтын төв хэсэгт хоёр чиглэлээр цохилт өгсөн нь амжилттай болж 3 сарын дундуур эвслийнхэн Ханган голын гатлан Сөүлийг дахин эзэллээ. Сөүл хот дайнд нэрвэгдэн балгас болж, хүн ам нь 1.5 саяас 200,000 хүртэл багасав[27]. 4 сарын 22-нд Умардын эвслийнхэн сөрөг давшилтанд орж, фронтын баруун хэсэгт гол, төв болон зүүн чиглэлд хоёр туслах цохилт хийн, Өмнөдийн эвслийн хамгаалалтыг сэтлэн Америкийн анги нэгтгэлүүдийг хоорондоо холбоогүй жижиг бүлэглэлүүд болгон бутаргаад, Сөүлийн чиглэлд давшив. Давшилтын гол чиглэлд Имжинган голын орчим байрлаж байсан Их Британийн 29-р бригад өртөж, тулалдааны явцад бие бүрэлдэхүүнийхээ 25%-ийг алдан ухарсан байна. 1951 оны 4 сарын 22-29 хооронд болсон энэ дайралтаар Өмнөдийн эвслийн 20,000 орчим хүн шархадаж, олзлогджээ.
1951 оны 4 сарын 11-нд Трумэний тушаалаар генерал Макартурыг цэргийн удирдлагаас авч, оронд нь дэслэгч Генерал Ван Флитийг томилов. 1951 оны 5 сарын 16-нд Умардын эвсэл ээлжит давшилтаа эхэлсэн ч Өмнөдийн эвсэл амжилттай хамгаалж, тэр сарынхаа 21-нд сөрөг давшилтанд орон, 38-р өргөрөг хүрсэн ба байлдааны ажиллагааг цааш үргэлжүүлэлгүй зогсоосон байна.
[Засварлах] Мухардал
1951 оны 6 сард дайны эрч дээд цэгтээ хүрэв. Хоёр тал ихээхэн хохирол амссан ч тус бүрд нь байлдах чадвар сайтай сая гаруй хүнтэй арми байв. 1951 оны 10 сард АНУ-ын армийнхан цөмийн бөмбөг хэрэглэн цохилт өгөх боломжийг судалж эхлэв. Цөмийн бөмбөг бүхий бөмбөгдөгч B-29 онгоцыг Японы Окинава арлаас хөөргөхөөр төлөвлөж байсан байна. Гэвч "цөмийн бөмбөгөөр цохилт өгөхүйц ихээхэн хэмжээний дайсны цэргийн бөөгнөрөл байхгүй" байсан тул уг ажиллагааг зогсоов[31][32][33][34][35].
Энэ үеэс хойш дайны явцад эрс өөрчлөлт гараагүй бөгөөд талууд хэлэлцээр хийж эхлэв. Хэдий хэлэлцээр явагдаж байсан ч байлдааны ажиллагаа зогссонгүй. Тухайлбал, 1951 оны 8 сарын 31-ээс 12 сарын 12-ны хооронд Өмнөдийн эвслийнхэн давшилтын ажиллагаа явуулж Америкийн тал 22,000, Өмнөд Солонгосын тал 38,000 хүнээ, 11 сарын сүүлээр Умардын эвсэл сөрөг дайралтанд орж 100,000 гаруй хүнээ алдаж байв.
Америкийн шинээр сонгогдсон ерєнхийлєгч Дуайт Эйзенхауэр дайныг зогсоохын тулд авч болох арга хэмжээг хайхын тулд 1953 онд Солонгост ирж байдалтай газар дээр нь танилцжээ. Гэвч сөргөлдөгч талуудын энхийн хэлэлцээр дорвитой урагшласангүй. 1953 онд Сталиныг нас барсны дараа байдал эрс өөрчлөгдлөө. Зөвлөлтийн шинэ удирдлага Солонгосын дайныг зогсоох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав. Зөвлөлтөөс дэмжлэггүй болсон Хятадын тал олзны хүмүүсийг суллан явуулахыг зөвшөөрч, 1953 оны 4 сарын 20-ноос эхлэн талууд цэргийн олзлогдогсдоо солилцож эхэлсэн байна.
5 сард Хятадын арми энэ дайны сүүлчийн давших ажиллагааг Кымсоны орчим явуулснаас хойш, дайн намжих тийшээ хандаж 1953 оны 7 сарын 27-ны өдөр гал зогсоох тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан байна. Гэвч уг гэрээнд Өмнөд Солонгос гарын үсэг зурахаас татгалзсан[36] тул Өмнөдийн эвслийн өмнөөс Америкийн генерал Кларк гарын үсэг зурсан юм.
Гэрээнд гарын үсэг зурах үед фронтын шугам 38-р өргөргийн орчимд байсан тул фронтын шугамаар "Зэвсэггүй бүс" байгуулав. Энэ бүсийг одоо умард талаас нь Хойд Солонгосын арми, өмнөд талаас нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан хүч хамгаалж байдаг байна.
Гал зогсоох хэлэлцээр явагдсан солонгосын хуучин нийслэл Кэсон нь дайнаас өмнө Өмнөд Солонгосын мэдэлд байсан ч одоо БНАСАУ-ын тусгай эрхтэй хот болсон байна. Дайныг эцэслэсэн энхийн хэлэлцээр өнөөдрийг хүртэл Хойд ба Өмнөд Солонгосын талуудын хооронд хийгдээгүй байгаа болно.
[Засварлах] Цэргийн гэмт хэрэг
Солонгосын дайн үеэр талууд хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байсныг олон тооны баримт харуулдаг. Тухайлбал, Хойд Солонгос, Хятадын армийн илтгэлд олзны хүмүүсийг тамлаж, цаазлах, шархтай цэргүүдийг буудаж алах явдал гарч байгаа талаар нэг бус удаа дурдагдаж байсан.
Америкийн цэргүүдэд фронтын шугам дээрх байрлалд нь дөхөж ирсэн хэнийг ч болов, энгийн хувцастай байсан ч буудан алах тушаал өгсөн байна. Хэдий Хойд Солонгосын тал нь энгийн хувцастай тагнуул илгээх нь байсан ч, гол төлөв энгийн иргэд алагддаг байжээ[37][38].
Хойд Солонгосын армийнхан булаан эзэлсэн хот, суурин газраа энгийн номхон иргэдийг хомроглон цаазалдаг байсан байна. Ялангуяа Өмнөдийн давшилт эхэсний дараа энэ нь улам ихэссэн байна[39].
Өмнөд Солонгост олон арван мянган хүнийг коммунист үзэлтэй гэж буруутган мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэргүйгээр цаазаар авсан байна[40]. Өмнөдийн эвслийнхэн тарваган тахал, булчин задраах тахал зэрэг өвчний нянгаар халдварлагдсан шавьж бүхий бөмбөг шидэх зэргээр Умардын эвслийнхний эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэж байв.
Тухайн үед эсрэг талынхаа энгийн номхон иргэдийг санаатай болон санаандгүйгээр алахыг хориглосон гэрээ, хэлэлцээр байгаагүй бөгөөд энэ дайны дараа буюу 1977 онд дайны үеэр энгийн иргэдийн эсрэг хийсэн гэмт хэргийн талаарх нэмэлт протоколыг баталсан байдаг юм.
Дайны уршгаар Өмнөд Солонгосын сая орчим, Хойд Солонгосын сая гаруй хүн, нийтдээ 2,500,000 гаруй солонгос хүн алагдсан байна. Хоёр улсын үйлдвэрлэл, дэд бүтцийн 80% гаруй нь бүрэн устаж, орон сууцны фондын 50%, засаг захиргааны барилга байгууламжийн гуравны хоёр нь бүрэн устжээ.
АНУ нь энэ дайнд 54,246 хүнээ алджээ. Энэ нь Вьетнамын дайны хохирлоос бага байгаа ч, Вьетнамын дайн нь 13 жил, харин Солонгосын дайн 3 жил үргэлжилсэн. Америкууд Дэлхийн 2-р дайн, Вьетнамын дайны сэдвээр их ярьдаг ч Солонгосын дайны талаар бараг дурддаггүй тул Америкт энэ дайныг "Мартагдсан дайн" гэж нэрлэдэг.
БНМАУ хэдийгээр энэ дайнд оролцоогүй боловч улс төр-үзэл суртлын холбоотон улс болохын хувьд дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д тусалж байсны нэгэн адил БНАСАУ-д туслах хөдөлгөөн өрнөн, багагүй хэмжээний эд материалын тусламж, цэргийн агт морь бэлэглэж, дайнд өнчирсөн Хойд Солонгосын хүүхдүүдийг хүлээж авч эмчилж асарч, сургууль, цэцэрлэгт хүмүүжүүлж байлаа. 1950 онд БНАСАУ-д манай ЭСЯ нээгдэж элчингээр Ж.Самбуу гуай дипломат ажилтнуудын хамтаар томилогдож, дайны үед монголчууд тэнд ажиллаж байсан юм. Нэгэн удаа Америкийн онгоцноос хаясан бөмбөг ойрхон унаж, дэлбэрэлтийн долгионд анх удаа монгол хүн өртсөн гэдэг. Азаар хүний амь үрэгдээгүй байна.