Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
БНСУ-аас ирүүлдэг ажлын квот дуусчээ |
(2009-10-08) |
Монголчууд сүүлийн жилүүдэд ажил, амьдралаа дээшлүүлэх гэж БНСУ-ыг зорих нь олширсон. Өнгөрсөн жилд л гэхэд 1184 хүн тус улс руу гэрээт ажилчнаар явжээ. Энэ талаар “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Билэгсайханаас хэдэн зүйлийг тодрууллаа. -Та сая БНСУ-д очиж гэрээт ажилчдын амьдрал, байдалтай танилцаад ирсэн. Байдал ямаршуу байна вэ? -Эдийн засгийн хямрал тэнд байгаа монголчуудад маш хүндээр тусч байгаа нь харагдсан. Томоохон үйлдвэрийн захирлуудтай уулзаж, ажилгүй болсон иргэдийг ажлаар хангах, дараа дараагийн явах иргэддээ зориулсан ажлын байрны талаар санал солилцоод ирлээ. Гадаадад ажиллах хүч илгээх ажил он дуустал түр завсарлаад байгаа. Учир нь квот буюу бидэнд илгээдэг ажлын санал дууссан. Бүртгэлтэй 700 гаруй иргэнийг илгээгээд өөр хүн явуулахгүй гэсэн үг л дээ. Солонгосын тал нэн түрүүнд өөрийн орны иргэдийг ажлаар хангасны дараа гадаадаас ажиллах хүч авна гэж бидэнд мэдэгдсэн. -Тэнд ажиллаж байгаа монголчуудад танай байгууллагын зүгээс хэрхэн анхаарал тавьдаг вэ? -Хоёр улсын сайд нарын хийсэн гэрээний дагуу бид монголчуудынхаа эрх ашгийг хамгаалдаг. Гэсэн хэдий ч тэнд 30000 гаруй хүн ажиллаж байгаа. Бүгдийг нь нэг бүрчлэн анхаарна гэвэл бидний зүгээс хүч хүрэлцэхгүй. БНСУ-д суугаа Монголын ЭСЯ-ны хөдөлмөр, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд бидэнтэй хамтарч ажилладаг. -Монголчуудад тулгарч буй ямар бэрхшээл байна? -Хэлний тал дээр тэдэнд багагүй хүндрэл гардаг. Мөн ажлаа сайн хийж чадахгүй, мэдэхгүй улмаас нэг ажлаас нөгөө рүү шилждэг гээд зовлон бий. -Танайхаас нийт хэдэн удаа бүртгэл явуулж, иргэдийг зуучлаад байна? - Солонгосын талаас таван удаа бүртгэл явуулсан. 2008 оны арванхоёрдугаар сард явуулсан бүртгэлийг манай тал дангаараа хариуцсан. Бид мягмар гариг болгон БНСУ руу ажиллах хүч илгээж байгаа. -Яг хэчнээн хүн тус улс руу явав? -2007 оноос энэ жилийг хүртэл нийт 5331 хүнийг зуучиллаа. -Тэнд ажиллаж байгаа иргэдийн дундаж цалин хямралаас өмнөх жилийнхтэй харьцуулахад хэд болоод байна вэ? - Нэг цагийн ажлын хөлс нь 4110 вон, дундаж цалин нь 900.000 вон байдаг. Гэрээ хийхдээ тухайн хүнд ажлын ямар санал ирсэн байна, түүнээс шалтгаалаад цалин нь өөр өөр. Мөн нэмэлт цагаар ажиллах, сайн ажиллавал урамшуулал олгодог гээд зохих хэмжээгээр цалин нь нэмэгддэг. |