
![]() Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал нар мэргэжлийн сумо бөхийн макүүчи буюу дээд зиндаанд 24 удаа таарч барилдсанаас Асашёорюү 13 дахь удаагаа давсан бөгөөд үүнээс башёд тэргүүлэхийн төлөө нэмэлт барилдаанд тэд таван удаа хүч үзсэнээс Асашёорюү дөрөв дэх удаа давж буй нь энэ юм. Ийнхүү талын монголоос төрсөн сумо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаад 24 удаа түрүү авч, нутаг нэгт олноо баярлуулаад зогсохгүй 1974-1984 онд сумогийн дэвжээг эзэгнэж байсан Японы их аварга Китаноумигийн түүхэн амжилтыг давтаж, хамгийн олон удаа түрүүлсэн бөхчүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. Аки башёд зодоглосон манай бусад бөхчүүдийн тухайд озэки Харумафүжи сүүлийн өдрийн барилдаанд озэки Котоошюд уватэнагэ мэхээр өвдөг шороодож, есөн даваа, зурган унаатайгаар башёг өндөрлүүлсэн. Маэгаширагийн гуравт эрэмбэлэгдэн барилдсан Какүрюү М.Ананд 11 даваа, дөрвөн унаатай, харин зүүн жигүүрийн маэгаширагийн хоёрт бичигдсэн Шотэнро Д.Нямсүрэн хоёр даваатай башёг дуусгаж байгаа бол баруун жигүүрийн маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням болон Моконами Г.Базарсад нар тус бүр таван даваатайгаар аки башёг үдлээ. Харин баруун жигүүрийн маэгаширагийн дөрөвт бичигдсэн Токитэнкү А.Хүчитбаатар сүүлийн өдрийн барилдаанд Ёшиказэг давснаар тавин хувийн амжилтаа биелүүлсэн юм. Маэгаширагийн зургаад бичигдсэн Асасэкирюү Б.Дашнямын тухайд башёгийн эцсийн барилдаанд Футэног ёрикири мэхээр давж, зургаан даваатай болсноор башёг дуусгалаа. С.ШҮР |