Moderator: mgl_300
Хүн бүхэнд хувийн амьдралд нь нэг саад бэрхшээл заавал байх юмаа. Энэ удаад би дотроо онгойтол зовлонгоо бичмээр санагдлаа. Найз нөхөд ээж аавдаа хэлж болохгүй юм, бас муу ч сайн ч нэр төрөө бодоод.
Би нөхрөөсөө салах гээд сууж байна. Яг бүрмөсөн шийдчихээгүй л байна л даа. Гэхдээ салаад тусдаа баймаар санагдаад байна. Бид хоёр одоо 28-тай, 2 хүүхдийн эцэг эх, анх үерхнээс хойш нэг гэрт ороод 8 жил болж байна.
Эхлээд би нөхрийнхөө сайн талуудыг хэлье л дээ. Гэр бүлдээ халамжтай, үр хүүхдэдээ их анхаарал тавина. Юм л олдвол бид гуравт л гэнэ. Ийш тийшээ явбал санаж үхнэ. Гэрээ ингэж тохижуулна, тэгэж хийнэ, хүүхдээ том болохоор нь ингэнэ тэгэнэ, дахиад хоёр хүүхэдтэй болно гээд. Хааяа гэр орноо цэвэрлэчихнэ,хүүхдүүдийнхээ хиртэй хувцсыг угаачихна, хоолоо байнга хийнэ /өөрөө хоол хийх их дуртай л даа/. Намайг их хайрлана, байнга тэвэрч үнсэнэ, илнэ таална. Хаа очиж бид 2 сексийн тал дээр ямар ч асуудалгүй.
Харин манай нөхөр харын өвчтэй. Өөрөө бол хүссэн үедээ шоудна гадуур гарна явна хононо, би юу ч гэхгүй. Өглөө орж ирэхэд нь хаачаад ирэв гэхээр тэрнийд эднийд хоносон гэнэ. Найзуудыг нь бүгдийг нь ар гэртэй нь мэддэг болохоор шалгахад үнэн л байна. Хаа очиж харин хүүхэн шуухантай орооцолдохгүй юмаа. Харин намайг ганц найзынхаа төрсөн өдөрт очоод зүгээр л хоол идчээд ирье гэхэд л бөөн хэрүүл зодоон хийнэ. Тэгэж явмаар байгаа юм бол надаас салаад яв гэнэ. Би ямар нэг байдлаар нөхрөө араар нь тавьж өөр хүн амьтантай уулзаж муулзаж гүйсэн ядаж ганц л тохиолдол байсан бол яая гэхэв. Ингэж хардах нь үндэслэлтэй гэхсэн.Гэтэл хамгийн инээдтэй нь надад үнэндээ тэгэж илүү харж билүү долоож явах хүсэл ч алга, шалтаг ч алга. Би өөрийгөө тийм супер биш ч гэсэн сайн эхнэр л гэж боддог. Өдий хүртэл би нөхрөө юугаар ч дутааж байгаагүй /мөнгө, хувцас, хоол унд, үр хүүхэд, халамж хайр, бүр сексээр ч гэсэн/. Анх суусан цагаас хойш голдуу би л мөнгө олдог байсан. Би бусад хүүхнүүд шиг нөхрөөсөө ийм тийм юм авч өг гэж нэхэж, орой бүр биш юмаа гэхэд 2 долоо хоногт нэг удаа ажлаасаа оройтоод найз нөхөдтэйгээ гадуур гардаг ч үгүй. Надад 2-3 сард эсвэл бүр 6 сард ганц удаа л үнэхээр гадуур гарах шалтаг гарч ирнэ. Найз маань гадаадад сургуульд явна гаргаж өгөх ч юмуу, дотны 4-хөн найзын маань хэн нэгний төрсөн өдөр болох ч юмуу, эсвэл ёолк болох ч юмуу. Тэгэхэд л намайг гаргахгүй гэнэ дээ. Хаашаа юм бэ, дүүрчихсэн завхай хүүхэн авч суучаад үнэхээр зовж байгаа амьтан юмуу хаашаа юм.
Бас хоёрдугаар муу тал нь аймаар уур хилэнтэй. Бүр аймшигтай. Хэрвээ ганц л юм сэтгэлд нь таалагдахгүй бол барьж авч зодох нь энүүхэнд. Жишээ нь хоолоо идэцгээх гээд зүв зүгээр сууж байснаа нэг юм сэтгэлд нь хүрэхгүй бол халбагаа шидээд л орилоод босоод ирнэ. Хоёр хүүхэд маань бүлтэгнээд л би яахаа мэдэхгүй болчихно. Тэгээд л аймаар чангаар муухай муухай орилж хашгирч хүн загнаад л, хүүхдүүдээ цохиж аваад л, уйлуулаад л. Одоо манай хоёр хүүхэд бүүр аймхай нүдээ цавчлаад байдаг болчихсон байна лээ. Тэгчихээд өөрөө тийм аймшигтай ааш гаргаж хүүхдүүдийнхээ нүдэнд мангас шиг харагдаж байгаагаа ойлгодоггүй юмуу хаашаа юм, чанга орилохоор 2 нялх амьтан айгаад миний ардуур орчихсон чинь, чи энэ 2 хүүхдийг ийм болгож өөрийнхөө талд оруулж хүмүүжүүлсэн байна ч гэх шиг.
Би энэ хоёр занг нь үнэхээр тэвчиж чадахгүй байна. Энэ харын өвчнөөс нь болж би ямар ч найз нөхөдгүй, амьдралын баяр баясгалангүй болчихоод байна. Орой ажлаа тараад 5 минут ч оройтож болохгүй. 6 цагаас 5-хан минут л өнгөрөхөд чи одоо болтол ажлаасаа гараагүй байгаа юмуу гээд л залгаад эхэлнэ. Дэлгүүр орох, ийш тийшээ юм хөөцөлдөөд явах зэрэгт байнга утасдаж шалгана хаана яг хэнтэй юу хийж явна гэж. Хааяа манай ажлын хүүхнүүд хамт нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэе, эсвэл ажлаараа салхинд гаръя, урлагийн үзлэг энээ тэрээ гээд нэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болдог доо. Би бол ёстой тийм юманд явнаа гонжийн жоо. Манай нөхөр яг л явуулж харагдаач. Би зөвхөн өглөө 9 цагт ажилдаа очоод орой 6 цагт ирсэн байх ёстой. Өөр хаашаа ч хэзээ ч явж болохгүй. Их ховор тохиолдолд хагас юмуу бүтэн сайнд ажил дээрээс очоод бичиг баримт авах тохиолдол гарвал ёстой нүд нь орой дээрээ гарна. Чи яахаараа амралтын өдөр ажил дээрээ очих ёстой юм бэ яг яах гэж байгаан, хэнтэй яах гэж байгаан гээд л эрүү шүүлт тулгаж эхэлнэ дээ. Бас гай болж ямар нэгэн эрэгтэй хүн миний утас руу залгачихвал ёстой гай. Тийм болохоор тийм тохиолдол аль болох гаргахгүй байсан нь дээр. Би эрэгтэй хүнд нэрийн хуудсаа өгдөггүй, ажлын шаардлагаар эрэгтэй хүнтэй уулзах болвол эмэгтэй хүнтэй уулзсан болгож хэлдэг /Жишээ нь, материал өгөх гээд ямар нэг газар очиход хүлээн авч шалгадаг байцаагч нь эрэгтэй хүн байвал, орой нь нөхрийгөө асуухаар нь эмэгтэй хүн болгож хэлдэг. Энэ бол наад захын жишээ шүү/ Миний бүх утас месеж бүх юмыг шалгана. Одоо намайг яхуу хаягаа өг, мэйлийг чинь шалгах дутуу байгаа гээд л байгаа. Би шалгаа шалга гэдэг юм.
Хамгийн солиотой тэгээд бүр салах дээрээ тултлаа дургүй хүргээд байгаа юм бол, тэр энэ бүхнийгээ тайлбарлахдаа “Чи бол яаж ч магадгүй, би өдий зэрэгтэй хянаж цагдаж байж чамайг ингэж өдий зэрэгтэй явуулж байна, тэгээгүй байсан бол чи өдийд банзал болчихсон байгаа, энэ хоёр хүүхдийг хорлочихсон байгаа” гээд байдаг гээч. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Сүүлдээ бүр эрүүл эсэхэд нь эргэлзэх болсон. Би тэгээд өөрт нь энэ хардалтын зовлонг нь мэдрүүлье гэж бодоод өөрийг нь хардахаар “Чи солиотой юмуу, наад мэдрэлийн гажигаа үзүүл мүзүүл” гэнэ. Тэгээд л өөрөө бол хүссэн бүх юмандаа явна, заримдаа хонуутаар. Ёолк моолк, үсний найр, хурим, цолны найр, бүх найзуудынхаа төрсөн өдөр, загасчлах, салхинд гарах, бүр зүгээр л уух гэх мэтээр долоо хоногт 2 эсвэл 1 удаа заавал явна. Намайг уурлахаар худлаа инээж ханиаж байгаад эвтэйхэн аргалаад л гараад явчихна.
Би ийм л хүнээс салдаг юм билүү гэж бодоод сууж байна. Хамгийн сүүлийн хэрүүл дээр манай хүний хэлсэн үгийг жишээ болгоод хэлэхэд “Чи хүний төрсөн өдөрт очиж яаг яах гэж байгаан, тэр хоолыг чинь 30 минутанд иддэг юм за юу, чи тэрнээс удаан юугаа хийх гээд байгаан, надаас салж байж л найзынхаа төрсөн өдөрт яваарай” гэх мэт.