Moderator: mgl_300

Үнсэлтийн эерэг талын тухай та ер нь бодож байсан уу. Энэ хорвоод сонирхолтой маш олон зүйл байдаг. Харин үнсэлт нь тийм ч хачин жигтэй биш мэт санагдах байх. Тэгвэл зарим эрдэмтэд, үнсэлдэх нь бүр өвөг дээдсийн үеэс уламжлагдан үлдсэн рефлекс хэмээн "ичингүйрэн" тайлбарладаг.
Тэгэхээр бид ухамсаргүй, утга учиргүй, биологийн хэрэгцээ шаардлагаар л энэ үйлдлийг хийдэг болж байна уу.
Юутай ч, насанд хүрсэн хүний өдөр тутмын амьдралын салшгүй нэг үйлдэл нь үнсэлт.
- Удаанаар үнсэлдэх үедээ хүмүүс хоорондоо биеийн дархлааг сэргээдэг бактерийг солилцдог.
- Үнсэлтийн үед хүний нүүрний есөн булчин идэвхтэй ажиллагаанд ордог учир арьсны үрчлээ, өнгө, галбирт эерэг нөлөөтэй.
- Үнсэлт нь стрессийг хамгийн богино хугацаанд тайлж сэтгэл санааг өөдрөг болгодог.
- Хэрвээ "зөв" үнсэлдвэл зүрх судас, амьсгал хүний бие эрхтнүүдэд эерэг нөлөөтэй.
"Зөв" үнсэлдэх гэдэг нь юуг хэлээд байна вэ гэвэл, юуны түрүүнд амны хөндийн ариун цэврийг дээд зэргээр сахисан байх. Үүний тулд шүдээ угаах, амны хөндийг цэвэр байлгах зорилгоор гаа, бохь хэрэглэх.
Хүн бүр адилгүй байдгийн адил үнсэлт ч өөр өөр байдаг юм.
Хэрвээ хайрт чинь "туршлага" муутай эв хавгүй, сайхан мэдрэмж төрүүлэхээргүй үнсээд байвал түүнд цаг тухайд нь хэлэх хэрэгтэй. Ингэж залруулах нь аль алинд нь тустай. Үүнээс эвгүйрхэн, нэрэлхэх хэрэггүй юм.
Үнэсэлт нь тун эмзэг үйлдэл учир тухайн хүний сэтгэл зүй, зан авир, дотоод сэтгэлийн талаар их мэдээллийг өгдөг. Тухайлбал,
Үнсэлдэх үедээ толгойгоо баруун тийш хазайлгах зуршилтай хүн нь маш нарийн мэдрэмжтэй, дурламтгай нэгэн байх нь. Яагаад гэвэл, баруун талын тархины хэсэг нь хүний сэтгэл хөдлөл, эмоцийг удирдаж байдаг аж. Ийм үнсэлтийг хамгийн зөв байрлалтай үнсэлт хэмээн үздэг.
Харин зүүн тал руугаа толгойгоо хазайлган үнсэлддэг хүмүүс нь дотуур тамиртай, тооцоотой зан чанартай байх гэнэ. Энэ үед хосуудын хамар нь шүргэлцдэг бөгөөд ийм үнсэлтийг илүү ухаалаг, чамбай зан чанартай хүмүүс хийдэг гэж сэтгэл зүйчид тодорхойлжээ.
Хамгийн гол нь зөв буруу хэмээн эмзэглээд байлгүй аль болох олон үнсэлдэж, түүнээс таашаал авах нь юунаас ч илүү чухал.
Үнсэлтээс зөвхөн таашаал аваад зогсохгүй. Ямар ч хэлбэрийн үнсэлтээр хайртай хосуудын, анд нөхдийн, эцэг эхийн, үр хүүхдээ эрхлүүлэх гээд бүгд сэтгэлийн дулааныг нэг нэгдээ илгээж байдаг.
Судалгаагаар, хамгийн их үнсэлддэг хүмүүс нь голландчууд гэнэ. Харин хамгийн хүчтэй, эмоцитой үнсэлддэг нь францчууд. Тиймээс ч "франц үнсэлт" гэсэн нэр томъёо гарчээ. За бас, хамгийн даруухан үнсэлддэг ард түмэн бол япончууд. Ер нь наран улсын хүмүүсийн үнсэлдэх нь тун ховор. Тиймээс япончуудын хувьд "цай уух " уламжлалт ёсны адил "үнсэлт"-ийн тусгай ёс дэг гэж байдаг аж.
"Япон үнсэлт"
Япончуудын ёс заншлаар бол үнсэлдэх гэж буй хоёр хос өөд өөдөөсөө харан алхмын зайд номхон зогсоно. Дараа нь хоёулаа зэрэг нуруугаа үүрэн тонгойж, тас жимийсэн уруулаа нэг нэгэндээ хүргэх төдийд буцаад хэвийн байдалд орох буюу цэх зогсоно. Энэ үед бие болон царайндаа ямар ч сэтгэл хөдлөл үзүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, үнсэлтийн дараа хоёр хос юу ч болоогүй мэт царай үзүүлэх ёстой аж. Үнсэлтийн энэ ёслол нь хөндлөнгөөс харахад инээдтэй мэт байвч нөгөө талаасаа сонирхолтой байж болох юм.
"Франц үнсэлт"
"Франц үнсэлт" нь дэлхий дахинаа маш өргөн тархсан. Мэдээж францчууд өөрсдөө үүнийг "франц үнсэлт" гэж хэзээ ч нэрлэдэггүй, харин ийм үнсэлтийг тэд "сэтгэлийн үнсэлт" хэмээн нэрлэдэг юм.
Энэ бол хамгийн ойр, хамгийн секси үнсэлт. "Франц үнсэлтийн" цөөн хэдэн аргачлалыг дурьдвал,
Үнсэлдэж байх үедээ маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хэрвээ таны хайрт үнсэлдэх дургүй бол хүчлэх хэрэггүй. Хэрэв та түүнд таатай байгаа эсэхийг мэдэхгүй байгаа бол түүнтэй чөлөөтэй ярилц. Асуу. Та хэлтэй биз дээ.
Хэлтэй гэснээс "франц үнсэлт" гээд буйн гол онцлог нь үнсэлтэнд зөвхөн уруул төдийгүй хэл маш идэвхтэй оролцдог. Өөрөөр хэлбэл францчууд үнсэлдэх үедээ хэлээрээ тоглох дуртай. Тиймээс ч хэл оролцоогүй үнсэлтийг "франц үнсэлт" гэж тооцдоггүй юм байна. Гэхдээ, хэлээ ам руу нь гүн хийхийг сайн үнсэлт гэж ойлгож болохгүй юм. Ингэвэл энэ нь хэзээ ч "франц үнсэлт" биш бөгөөд сэтгэл зүй болон бие организмын тун таагүй үр дагаврыг үүсгэж болзошгүй юм шүү.
Ер нь үнсэлдэхдээ хоёр зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Юу гэвэл, тухайн нөхцөл байдлыг маш сайн мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Нөгөө талаар хайртынхаа хүсэл, сонирхлыг зөв хүлээн авч, түүнд аль болох нийцүүлэх хэрэгтэй.