
Өнгөрсөн жилийн яг энэ өдөр Монгол улс түүхэндээ анх удаа олимпийн аваргатай болсон. 44 жил монголчуудын хүсэн хүлээсэн олимпийн аварга гэдэг эрхэм хүндтэй цолыг жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Найдангийн Түвшинбаяр эх орондоо авч ирсэн юм.
Энэ өдөр баярлаагүй монгол хүн гэж байгаагүй.
Яг л өөрсдөө авчихсан мэт баярлаж бие биедээ баяр хүргэн олимпийн алтан медалиа угаан хаа сайгүй оргилуун дарс буудуулж, ёслолын буудлага хийж, төв талбайд цугласан олондоо төр засгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлэн баярласан сэтгэлээ хуваалцсан. Үнэндээ энэ өдөр эв түнжин муутай байсан хоёр томоохон нам хүртэл эвлэлдэн нэгдэж ёстой нөгөө “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдгийг нэгэн дуугаар баталж өгсөн юм. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа буудлагаар олимпийн мөнгөн медаль хүртэж медалийн салхийг хагалсан. О.Гүндэгмаагийн мөнгөн медаль үнэхээр булган сүүлтэй байж чадсан бөгөөд түүний араас олимпийн хоёр аварга, нэг мөнгөн медалтан төрөн гарсан юм. Монголчууд Бээжингийн олимпиос хоёр алт, хоёр мөнгөн медалийг ихэрлүүлэн авч чадсан. Харин Бээжингийн олимпийн дараа Параолимп болж мөн энэ олимпиос байт харваагаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав олимпийн аваргын алтан медалийг эх орондоо авчирснаар Бээжингийн олимпиос манай улс гурван аваргатай болсон. Үнэхээр түүхэнд тэмдэглэгдэх чухал үйл явдал монголчуудад Бээжингийн олимпиос тохиосон юм.
Олимпийн анхны аваргынхаа алтан медалийн төлөөх барилдааныг энэ өдөр эргэн санахад сонин байх болов уу. Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Японы алдарт бөх, олимпийн аварга Кейжи Сузукитай таарч түүнийг цэвэр ялсан. Энэ ньТүвшээгийн алтан медалийн төлөөх замыг шулуун, дардан болгож өгсөн гэж хэлж болно. Дараагийн тойрогтоо Казахстаны бөхтэй таарч мөн түүнийг оноогоор ялж чадсан. Харин алтан медалийн төлөөх барилдааныг дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд интернетээр, зурагт радиогоор үзэж байсан юм. Тэр байтугай Монгол улсын Ерөнхийлөгч, нийслэлийн удирдлагууд олимпийн аваргын төлөөх түүний барилдааныг ард түмэнтэйгээ хамт сууж амьсгаа даран үзсэн. Монголчууд Түвшээг барилдахад хамт барилдаж байсан юм. Тэрбээр алтан медаль буюу олимпийн аваргын төлөө Азербайджаны бөх Мовлуд Миралиевтай барилдсан бөгөөд түүнийг барилдаан дуусахаас 1.50 минутын өмнө вазори үнэлгээ авч оноогоор ялснаар Бээжингийн зуны олимпийн аварга гэх эрхэм хүндтэй шагналын эзэн нь болж чадсан. Түүний олимпийн аваргын төлөөх барилдааныг үзэж дуусаад Монгол улсын Ерөнхийлөгч тэр орой нь зарлиг гаргаж Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын Хөдөлмөрийн баатар хэмээх хоёр цолыг түүнд зэрэг олгосноо ард түмэндээ дуулгасан. Тэрбээр олимпийн аварга болдог өдрөө мөн ийн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин гэдэг цолыг хүртсэн юм. Түвшинбаярыг ийнхүү олимпийн аварга болоход өрсөлдөгч нар багагүй атаархаж битүү бөх түрүүллээ, сэргээш хэрэглэсэн гэх мэтээр түүнийг чамгүй гоочилсон хэдий ч энэ бүхэн батлагдаагүй учир тэд түүний хүч чадлыг үнэлж чадсан юм.
Түүний өрсөлдөгч нар Түвшээгийн барилдааныг төдий л сайн мэддэггүй байсан гэдэг. Одоо түүнийг Монгол төдийгүй дэлхий дахинаа таньдаг болсон. Түүний нэр алдар спортод төдийгүй Монголын улс төрд ч ихээхэн үүргийг гүйцэтгэх болжээ. Гэхдээ зөвхөн Найдангийн Түвшинбаяр бус Энхбатын Бадар-Ууган, Отрядын Гүндэгмаа, Пүрэвдоржийн Сэрдамба, Дамбадондогийн Баатаржав нар үнэхээр монголчуудын бахархал болж чадсан. Тэднийг олимпиос медаль авахад дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд баярлан бахдаж байсныг эргэн санахад үнэхээр хүн бүрт сайхан мэдрэмж төрөх байх аа. Одоо Монголчууд бид 2012 оны Лондонгийн олимпиос дахин аваргатай болохыг хүлээх л үлдэж байна.
Б.Анар