

"... Монгол наадмын гэнэн тэнхээ
Морьтой Монголын хүчит бөх
Дуудуулж байсан цолныхоо цуурайг
Дутуу сонсож ниссэн гарьд
Аралтай засуулаа тойрон дэвсээр
Аргамжаа тасдан хальсан аварга..." хэмээн нэгэн цагт ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн халаглан шүлэглэсэн байдаг. Үндэсний бөх, хөнгөн атлетикийн түүхэнд алтан хуудас нээж явсан эгэлгүй хүчит Д.Хадбаатар аваргын "нялх" орчлонгоор уншигч таныг аялуулъя.
Арван жилдээ "гахай" хочтой, "эх орны алтан гурав" сурдаг байсан жаахан хүү амьдралын олон даваа гүвээг давахдаа давж, бүдрэхдээ бүдэрч явсаар Монгол Улсын аварга хэмээх эрхэм цол хүртжээ. 1971 оны долдугаар сарын 11-нд Төв аймгийн Батсүмбэр сумын барилдаанд одтой сайхан барилдан түрүүлж, хээр зүсмийн соёолон морь, тавгийн идээгээр шагнуулж, сумын заан цол хүртсэн байна. Түүний амжилт бүтээл, алдар нэрийн гараа нь сумын наадмын дэвжээнээс ийнхүү эхэлж. 1972 оны наадмаар зээрэнцгийг 47 метр 29 см шидэж, Монгол Улсын спортын мастер хэмээх эрхэм цол хүртсэн бол маргааш өдөр нь бөөрөнцөг шидэлтээр улсын рекорд амжилтыг эвджээ.
Тэр жилээ улсын наадамд зодоглон хүчит арслан Чойжилсүрэнгээр тав давж, бөхөд элэгтэй ард түмэн нь нэгэн шинэ улсын цолтноо хүлээн авсан юм. Д.Хадбаатар аварга таван жил дараалан төрийн наадамд зодоглохдоо уран мэх, дайчин барилдаанаараа үзэгчдийг суудал дээр нь босон суутал өндөлзүүлж явсаар түрүүлж, үзүүрлэн улсын арслан цолтны эгнээнд шилжсэн байна. 200 литрийн поошигтой ус өргөж, модонд гацчихсан "ГАЗ-53" машиныг ганц түлхээд л гаргачихдаг, 200 кг орчим жинтэй хязаалан үхрийн махыг нэг их түүртэхгүй өргөөд явчихдаг байсан нь түүний хэр хүчтэн, хэр бөх байсныг илтгэнэ хэмээн хожмоо нөхөд нь дурссан байдаг. 1975 онд гадаадын хүний дархан эрхэнд халдсан гэсэн шалтгаанаар эрүүгийн хэрэгт татагдаж, нэг жил зургаан сарын хугацаатай хоригджээ. Түүний бяртай, хүчтэй 29, 30,31 нас нь мөн л "аавынд" өнгөрчээ. Харуусмаар, халагламаар. Үүнд тухайн цаг үеийн нөхцөл байдал ч нөлөөлсөн гэж бөхийн хорхойтнууд их аваргаа өмгөөлдөг. Шоронгоос гарч ирээд нэг удаа их шөвөг, хоёр ч удаа үзүүрт үлдэж, 1986 онд улсын наадамдаа түрүүлж Монгол Улсын 14 дэх аварга болсон аж.
Тэрээр улсдаа 15 жил хүч үзэхдээ хоёр түрүүлж, гурав үзүүрлэн, шөвгийн дөрөвт хоёр, шөвгийн наймд нэг, шөвгийн 16-д гурван удаа үлдэж явсан гарамгай амжилтын эзэн байсан. Улсын аварга болсон жилээ мөн л хар гэрийн үүдийг найман жилийн ялтайгаар татсан нь нөхөж баршгүй он жилүүд байсан юм. Бөхөө дээдэлдэг ард түмэн, унаж, хаяж явсан бөхчүүд, найз нөхөд нь удаа дараа хүсэлт тавьсны эцэст төрийн өршөөлөөр хугацаанаасаа хоёр жилийн өмнө суллагджээ. Ард түмний хайрлан хүндэлдэг энэ эрхэм хүн алдаа онооны тэмцлийг сөрж чадсанаар үл барам Монгол бөхийнхөө зүлэг ногоон дэвжээнд наадамчин олноо баярлуулан уухайн дуу, урмын үгэнд нь ээнэгшиж төрийн наадамдаа зодоглон дөрөв давсан юм. Харамсалтай нь тэр жилийн баяр цэнгэл энэ эгэлгүй аваргын сүүлчийн наадам болж, 1993 оны долдугаар сарын 15-нд хүч бяраараа омогшиж явсан наадмын дэвжээнээ таалал төгссөн нь даанч харамсмаар.
Тэрээр өргөж шидэх, дүүгүүрдэх, өлгөж хавирах зэрэг гол мэхүүдтэй байсан ба бяралхаж барилддаг аварга байсан гэж бөхийн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Багш нар, найз нөхөд нь аваргыг "гэнэн, цайлган, нялх бөх байсан даа" хэмээн дурсацгаадаг. Д.Хадбаатар аваргын багш, улсын начин Д.Өвгөнхүү нэгэн ярилцлагадаа "Хад улсад түрүүлж арслан болохоосоо өмнө улам л бяр орж, хурд нь нэмэгдээд, инээж хөхрөөд л, хүн хүн авч шидээд, ер нь түүнтэй барилдах аргагүй болсон доо" хэмээн ярьсан байна. Аварга өсөлтийн оргил үедээ 196 см өндөр, 182 кг жинтэй, 48 размерийн гутал өмсдөг байсан нь Монгол бөхийн сүр хүчийг илтгэхээр. Ингэж л нэгэн үеийн хүчтэнүүдтэй хүч мэхийг уралдуулан, давж дийлэхийн баяр, унаж ялагдахын сургамжийг авч явсан том хэрнээ "нялх" их аваргаа эргэн дурсахад ийм байна.
Хүүхэд шиг ааштай, гэнэн томоогүй Д.Хадбаатар аваргад төр төмөр нүүрээ харуулахдаа бага ч гэсэн харж үзэн, долоон удаагийн наадамд зодоглуулсан бол ч гэх харамсах сэтгэл бөхийн хорхойтнууд төдийгүй бөхчүүдийн дунд одоо ч байдаг юм..
gogo.mn
