
Нийслэлийн Онцгой байдлын комисс урьд шөнө хуралдсан талаар бид мэдээлсэн.
Энэхүү хуралдаан 23.00 цагт эхлэхээр төлөвлөсөн боловч үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас үүсч болзошгүй хохирол, аюулыг харгалзан үзэж уг хуралдааныг түр хойшлуулсан байна.
Шөнийн 02.00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр долдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод буусан үерийн улмаас үүссэн хохирлыг барагдуулахаар авч буй арга хэмжээний биелэлтийн талаар, 21-22-нд шилжих шөнө орсон хүчтэй борооны дараа үүссэн нөхцөл байдлын тухай Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярт танилцуулснаар нийслэлийн Онцгой комиссын хуралдаан эхэлжээ.
Хуралдаанд Батлан хамгаалахын сайд Л.Болд, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга комиссар С.Цогтбаатар болон дүүргийн Засаг дарга нар оролцсон байна.
Ерөнхий сайд С.Баяр борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар дүүргийн засаг дарга нараас тодруулж асуусны дараа шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүч, бодит хохирлын хэмжээ, түүнд зарцуулагдах хөрөнгө мөнгөний асуудлыг нягтлан гаргаад долдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг даалгаврыг холбогдох албаны хүмүүст өгчээ.
Яг одоо хуралдаж буй Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэхүү асуудал хэлэлцэгдэж байна.
Гурван цаг орчим үргэлжилсэн бороонд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр хамгийн их өртсөн байна. Гэвч өдрийн 14.00 цагийн орчмоос сэрэмжлүүлэх мэдээг нийт ард иргэдэд тараан борооны үед замын цагдаа болон онцгой байдлын ажилтнууд шуурхай ажилласны улмаас гарч болзошгүй аюул, хохирлоос сэргийлж чадсан талаар холбогдох албаны хүмүүс энэхүү хуралдаанаар мэдээлсэн тухай Засгийн газрын ХМА мэдээлж байна.
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан дээр мэдээлснээр 300 гаруй айл усанд автаж, 27 айлын гэр үерт урссан байна. Өчигдөр буусан үерийн үеэр онцгой байдал, зэвсэгт хүчний 356 хүн ажиллаж үерт урсаж байсан 57 хүний амь насыг аварч, 66 автомашиныг татаж гаргажээ.
Нийслэлийн 26 цэгт цахилгаан тасарч, хэд хэдэн газарт автозам эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байсныг Цахилгаан шугам сүлжээний 5 бригад, зам засварын 5 компанийн ажилтнууд өглөөний 07.00 цаг гэхэд засч дуусгажээ.