

Их Монгол Улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88 жилийн ойн их баяр наадамд түрүүлж, даян аварга цол хүртсэн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөх Г.Өсөхбаярт хурандаа цол хүртээлээ.
Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал А.Ганбат болон тус яамны удирдлагууд Батлан хамгаалах яаманд өчигдөр Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан тамирчдаа хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэхдээ уг цолыг гардуулан өглөө.
Түүнчлэн ЗХЖШ-аас энэ баяр наадамд амжилттай барилдаж үзүүрлэсэн “Алдар” спорт хорооны тамирчин улсын арслан До.Ганхуягт дэд хурандаа, харцага цол хүртсэн БХИС-ийн бөх аймгийн арслан Ө.Бат-Оршиход дэслэгч цол олгосон юм.
Мөн энэ үеэр сур харваанд түрүүлсэн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин Б.Баярсайханд ахлагч цол хүртээсэн байна.