Moderator: mgl_300
Өнөө
үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарал хандуулдаг
болсон. Үсээ гэмтээхгүй, зөв арчилахын тулд үснийхээ төрлийг зөв
тодорхойлох нь чухал. Үс хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн дөрвөн
төрөлтэй байдаг.
Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв чиний үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, үсээ угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол чи үсээ онцлогт тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.
Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшлаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг.
Хуурай үс нь гэрэл муу ойлгодог тул бүрсгэр, өнгө муутай харагддаг ба гялалздаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг, үзүүр нь салаалсан байдаг. Энэхүү үсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
Холимог үс нь охидын тоонд гол төлөв урт үстнүүд ордог. Учир нь булчирхайнаас ялгарч буй тос үсний уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хүнс хэрэгтэй.
Үсээ эрүүл гэмтэлгүй байлгахын тулд цагаа олсон зөв угаалга чухал ач холбогдолтой юм. Баримтлах зарчим нь тун энгийн. Өөрөөр хэлбэл угаах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн үедээ үсээ угаах хэрэгтэй. Жишээ нь, үсний гель, хөөс,лак зэрэг үс хатууруулж гэмтээдэг, хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг охид үсээ өдөр бүр угаах шаардлагатай шүү. Өдөр бүр үсээ угаадаг охид зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй. Усны температурын түвшин 35-45 градус байх ёстой. Мөн үсээ дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар үсний хир, тоос шороо, арьсны тослогыг арилгаж, дараагийн угаалтаар жинхэнэ шампуны эмчилгээ хийгдэх учиртай.
Угаахаас өмнө самнасан үс угаасны дараа орооцолддоггүй, амархан самнагддаг хэв ордог. Богино үсийг угаас нь, урт үсийг үзүүрээс нь самнаарай. Гэхдээ үсийг нойтон дээр нь самнахаас зайлсхийгээрэй. Зайлшгүй самнах тохиолдолд төмөрлөг биш хуванцар, эсвэл модон сам хэрэглээрэй.