Цаас байна уу ганцхан шүлэг биччий
Царайлаг бүсгүй байвал ганцхан шөнө дурлачий

Өмхий утааны оронд үсийг чинь үнэрлээд унтчий
Өөрийнхөө цагаан гунигаас чамд жоохныг өгчий

Үзэг байвал өгөөч ганц шүлэг биччий
Үүдээ тайлаад өгчих үүр цайлгаад гарчий
Утасны чинь дугаар хэрэггүй маргааш гэхэд мартчий
Улаан цагаан өнгөөр дурлал гээд биччий

    Цаас байхгүй ээ анд минь шүлгээ толгойдоо бич
Царайлаг нь би биш, тэгээд ч зуурдын дурлал хэрэггүй
Өмхий утааны үнэр үсэнд минь ч бас шингэчихсэн
Өрөөлийн гунигийг үүрэлцэх байтугай өөрийнхийгөө даахгүй явна

Үзэг байсан ч өгмөөргүй байна, үзүүр нь хугарчихвал яана
Үүдээ тайлж ч бас чадахгүй нь, өөдгүй санаатан байвал яана
Утасны дугаараа би хүнд өгдөггүй ээ, цээжлэхэд хэцүү болохоор
Улаан цагаанаар бичсэн дурлал амтгүй ээ, удахгүй замхардаг болохоор.
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог