Долоон зууны чанадаас
Домог болон шүтэгдсэн
Догшин зөөлөн хоёрын
Үлгэр болон улирсан
Эзэн Чингис хааны
Нутаг өвлөсөн үр би
Эртний мэргэн өвгөдийн
Зүсийг өвчсөн зүр би
Дэлхийн зүрхийг чичрүүлсэн
Дэврүүн омог нь сэтгэлд үлдсэн
Нэр нь хүртэл өмгөөлөх
Нэхэл хатуу зан нь үлдсэн

Эзэн Чингис хааны
Энгэр норгосон үр би
Элгэн халуун нутагт нь
Өсөж торнисон зүр би
Дорой буурай охин үр нь
Долоон тайрдас хормойлж даахгүй ээ
Дорнын ухаан, шүлгийн увдисаар
Долоон үеэ сургаж чадна аа
Зүүд зэрэглээ шиг охин үр нь
Зүсэр бороо сөрж чадахгүй ээ
Зүйр цэцэн үгээр хүлэглээд
Ертөнцийн талыг эзэлж чадна аа
Дуугүй бөмбөрөх нулимсан дотор
Дутуу хайрын нэхэл байдаг
Ханцуйдаа атгасан гарын алганд
Хаст төрийн тамга байдаг
Энхэр жаахан охин үр нь
Эцгийн сэлмийг өргөж даахгүй ээ
Эмээлийн бүүргэнд нойр авч
Эвэрт нумыг нь эвшээлгэж чадахгүй ээ
Нутаг өвлөсөн монгол би
Нуруу ганагар омог би
Газар өвлөсөн монгол би
Гарах түүхтэй гүрэн би
Дэлгээтэй цагаан цаасан дээр
Дэлхийн талыг эзэлж чадна аа
Морин туурайгаар эзэлсэн нутгийг чинь
Монгол шүлгээр тэлж чадна аа
Зуурдын энэхэн хорвоод бид
Зуун зууны төр амьтай
Дэлхийн түүхийн сурах бичигт
Дээдсийн үеэс бүтэн нэртэй
Хамгийн жаахан охин надад
Хаан эзний омог байхад
Хаст их төрд минь
Мөнх тэнгэрийн бошго бий!

profile