Өчигдрийн наранд шижиртэн байсан тунгалаг Орхон
Өглөө сэрэхэд улаан хоормогоор мушгиран байв
Арал дээр хоносон арван хүүхэд үймэлдэж
Аврал эрсэн хорин нүд бүлтэлзэв
Уралдаант шалгалтанд тэнцлээ гээд баярлан байсан мөч саяхан
Уулын модыг цуурайттал хөгжилдөн байсан үе өчигдөрхөн
Орхон мөрөн тэгэхэд инээн баясах мэт яралзаж
Ойн шувууд тэднийг даган дуулах мэт жиргэн байсан
Оройхондоо үүлгүй бол шөнөдөө хургүй мэт сэтгэж
Одоохондоо тунгалаг бол өглөө болтол үергүй мэт итгэж
Осол гай ирэхдээ түрүүлж дуулгадаг мэт санаж
Охорхон л бодож дээ, бид
Өчигдөр Батаагаа дагаад харьсан бол
Өнөөдөр юу гэж ингэж сүйрэх вэ
Эцэг эхдээ дуулгатай хүү өөр юм
Эрлэгээс мултрах азтай хүү ондоо юм
Хүн чи юу юм бэ гэх шиг их мөрөн түрхрэв
Хүчийг минь үзэх үү гэх шиг эргээ өм нураав
Үүнийг ч гэсэн хамна гэж цаад чулууг нь шавхрав
Аварч магад ганц найдвар тэвэрч зуурах ганц түшиг
Хоньчин хүүхдийн шилбүүр гэмээр өнчин ганц бургас байлаа
Хүн шиг өрөвдмөөр хүүхэд шиг өхөөрдмөөр
Өөдөсхөн бургас ямар өөдөөс нь хөөх биш
Арвуулаа тэр л бургасны
Арван салаа ишнээс нь зууранхан ноцов
Арван настай бугын аргай даргай эвэр биш
Арван салаа цөмөөр нахилзанхан гулзайв
Уулын ам сархиаг бүхнээс
Газрын ангал судаг бүхнээс
Машин тэрэгний зам бүхнээс
Морь малын жим бүхнээс
Ус улам үерлэж урсгал улам нэмж
Улангассан бух шиг мөргөж сэжнэ
Уурласан бар шиг сүүлээрээ ширвэнэ
Хурмаст биднийг хайрлаж
Хураа татахгүй нь лав
Ус биднийг өрөвдөж
Гольдролоо солихгүй нь магад
Хярсан туулай шиг ингээд байвал
Дэрсэн шүүр шиг хөвөөд явчихна
Норсон хувцсаа даахаа болиод
Нурсан гүүр шиг живээд далд орно
Эрэг дээр би гарахыг бодъё
Эргэж бас ирэхийг зорьё
Олс дээс ч авчрахыг хичээе
Ослоос та нарыгаа аврахыг чармайя
Чийрэгхэн биетэй Ганболд хүү
Сийрэгхэн ухаанаар ийнхүү хэлэв
Нугас галуу шиг хоромхноо шумбаж
Загас жараахай шиг сэлж гарав
Сайх залууг үер хаманхан хуйлав
Сайхан залуу нас нь хормоор хэмжигдэх болов
Гэтэл түүний
Гар нь гялс гээд далд оров
Хөл нь гозгос гээд алга болов
Хүүхдүүд уйлалдав
Хүмүүс шогшров
Тэгтэл
Тэр дороос
Шовгос гээд эрэг дээр гарч
Шолбойтол норсон хувцсаа мушгив
Багачууд аюулд оржээ гэж
Бачимдан хашгирах дуун
Үнээ малын зэлэн дээр
Үүр цүүрээр цуурайтаж
Уяач эр хамгийн түрүүнд
Уралдааныхаа морийг хайргүй эмээллэж
Хажуугийн ам бүхнээс халаглан
Харагдах айл бүхнээс гйүлдэж
Хаа хол Хархорины төв
Хагас өртөө газраас
Явган нөмгөн яаран иржээ
Хуртай гэлтгүй хуран цуглажээ
Эрэг дээрх хүмүүс
Цагаан хэрээ үзсэн мэт гайхав
Эрмэг зоригийг нь
Цагаан хэл ам тустал магтав
Хөлгүй далайн цахлай гэх нь холгүй байв
Хөх тэнгэрийн цагцгай гэх нь халаг байв
Эргэж орохыг зарим нь дэмжинэ
Ээ дээ дэмий гэж зарим нь хорино
Машинаар татъя гэж зарим нь заавардана
Махан бодтой хүнийг үү гэж зарим нь бухимдана
Хосоор хөтлөлцөөд сэл гэж нэг нь дүрэмдэнэ
Холбоотой нь алахнуу гэж нөгөө нь дургүйцнэ
Учрыг тунгаах цаг байсангүй түүнд
Уртхан олс гартаа углаад оров
Давалгаа давалгаатайгаа ноцолдон өнхрөхдөө
Түүнийг хамна
Давалгаа давалгаагаа харайн өнгөрөхдөө
Түүнийг хумина
Давалгаа давалгаагаа хага ярахад нь
Тэр өртөнө
Давалгаа давалгаагаа хуга цохиход нь
Тэр үүртэнэ
Түрүүчийнх шигээ гар нь гялсхийн далд оров
Хөл нь гозосхийн алга болов
Гараад ирдэгсэн гэж хүүхдүүд хүлээнэ
Гайтай юм гэж хүмүүс гасална
Уулчин хүн уулнаасаа хальтрах ёсон буй
Усчин хүн усандаа нөгчих учир буй
Надаас л боллоо гэж
Нэг охин мэгшив
Биднээс л боллоо гэж
Бүгд даган цурхирав
Наашаа хэрэггүй явсан юм гэж
Нэгэн зэрэг шогшров
Цаашаа гэх байсийм гэж
Өөрсдийгөө зэмлэв
Арал дээр бид арвуулаа байлаа
Атгахад арван хуруу өв тэгш байлаа
Анхлан эрхий хуруу маань өртлөө
Азын тэнгэр хааш эргэв
Аюул болоход эрчит нумаа эрхийгээр татдаг
Аз таарахад "Ийм" гэж эрхийгээ гозойлгодог
Ахан дүүс бололцоход эрхийгээ цоолж андгайлдаг
Алив үйлсэд эрхий заавал оролцдог
Аргал янгир шиг дэгнийсэн
Аргил мод булга үсэрч байхад
Саяхан төрсөн зээрийн шилбэ шиг
Туяхан бургас тэссээр л..
Хурмаст тэнгэр цэлмэх ч үгүй өдөржин бүрхэнэ
Хур бороо татрах ч үгүй өдөржин зүсэрнэ
Хурсан олон тарахгүй өдөржин үймнэ
Хувь хувийнхаа бодлоор цэц булаалдана
Уян нэг нь зогсоо зайгүй мэлмэрүүлж
Уцаар нэг нь хараал зүхэл болно
Уулгамч нэг нь дуу алдан хашгирахад
Уужуу нэг нь харцаараа зэмлэнэ
Гаслах халаглах нь олон боловч
Туслах сачийтай нь хэд билээ
Орилох дэвхцэх нь олон боловч
Очоод аврах нь хэн билээ
Шаварт унасан шарын эзэн гэсэндээ
"Эвэр туурайтнууд" улсын нийслэл рүү утасдана
Холбоочин хүүхнүүд хоолойгоо сөөтөл дуудаж
Хоёр тийш нь таагүй мэдээ дамжуулна
Шингэх нарны улаан туяа ч туссангүй
Шинийн хоёрны хавирган сар ч гарсангүй
Шөнийн оддын сүүн гэгээ ч түгсэнгүй
Шиврээ борооны мяндсан дусал ч харагдсангүй
Олон машин гэрлээ онилж тэдэн дээр тусгав
Огторгуйн мөнгөн сарыг орлуулж өгөхийг хичээв
Гэрлийн тусгалд давалгаан
Гал түймэр оволзох мэт
Галт уулын дэлбэрэлт мэт
Ган хайлуулах зуух улалзах мэт
Гариг хоорондын пуужин хөөрөх мэт
Түнэр харанхуйд давалгаан
Цул хадан цохионууд өнхөрч ирэв гэлтэй
Тул загасны сүрэг хөвж яваа янзтай
Гадаад далайн шуурга ирж яваа гэлтэй
Галав юүлэх гэгч нь болж буй шинжтэй
Хааяа нэг шар шувуу инээнэ
Хар үхлийг ёрлох мэт дуугарна
Хажууд ойрхон адуу тургилах нь содон
Харанхуй сүүдрийг үргээх мэт дотно
Цочиж уулга алдтал тэнгэр нэгэнтээ тасхийнэ
Цуурч урагдав гэлтэй цахилгаан тэртээд гялсхийнэ
Аав минь битгий ороорой гэж
Арал дээрээс бархирна
Энхрий үр минь тэсээрэй гэж
Эрэг дээрээс хашгирна
Айдас хүйдэс гэдгийг мэдрээ нь үгүй явжээ
Ариг танхил насаа гутраа нь үгүй туулжээ
Зудтай өвлийн хүйтэнд ч зутраа нь үгүй өсчээ
Зуны шөнийн уртыг мэдрээ нь үгүй явжээ
Усны уйланхай болон уй гашууд унагаж
Аав ээжээ зовоох арчаагүй үрс бид байж
Амраг хайрын жаргалыг амсахын төдий болоод
Амьдралын захыг үзэх азгүй үрс бид байж
Халхын түмэн үрс биднээр дутахгүй ч гэлээ
Хайран залуу насыг минь өршөөх арга байна уу
Халих мөрний эрэгт уйлан хайлан байгаа
Хайртай аав ээжийг минь өрөвдөх учир байна уу
Ой модыг чинь огтлоогүй
Овоо тахилыг чинь нураагаагүй
Нугас галууг чинь хөнөөгөөгүй
Загас жараахайг чинь бариагүй
Орхон минь та уураа татаач
Огторгуй тэнгэр минь хураа татаач
Лус хилэгнэх нүгэлгүй билээ
Нас цөвтөх хилэнцгүй билээ
Орхон та нүдтэй бол
Ойлгож үүнийг мэднэ байх
Бурхан та шидтэй бол
Буруу зөвийг ялгана байх
Үүр цайж, үүл хаяарч
Өглөөний нарны туяа татав
Үер харин улам гаарч
Өндрийн бэлийг хүрэх шахав
Хүүхдүүд эсэн мэнд хоножээ гэж
Хөдөө гадаагүй мэдээ түгэв
Хөгшин минь бурхандаа залбир гэж
Хөх өвгөд эрхиэ барив
Газар уснаа явдаг танк ирлээ гэж
Гадаа гэртгүй хөөр болов
Гашуун нясуунаар дайлна гэж
Галаа өрдөж, тогоогоо нэрэв
Замын суманд ажиллаж явсан
Залуу дайчид ч хүрээд ирэв
Цэрэг эрсийг манайхан хойно
Цэцэг барих нь холгүй угтав
Гэсэн ч аврагчид
Зомгол мэт хөвөөд явчихав
Золоор хөөрхийс амьд үлдэв
Хүүхдүүдийн тамир барагдав
Хүмүүсийн арга барагдав
Уян нэгний нь нулимс барагдав
Уцаар нэгний хараал ч барагдав
Өвчүүгээр татсан усанд
Хүүхдүүд жингүйдэн хөвж
Өчүүхэн бургаснаас зууран
Ийш тийш шидэгдэнэ
Есөн айлын хүүхдүүд есүүл адил зовлонтой
Ертөнц тэднийг ижилсүүлж энд авчирсан тавилантай
Арав дахиа алдсандаа харамсаж аль аль нь гунигтай
Амьд үлдэх хүслэнд ав адил хүлээстэй
-Хүүе, Ёндоон тэсээч дээ хүний бага адтай шүү дээ
Хамаг бие нь хөрчихөж халуун амь нь бөхчихөж
Айлын ганц хүү юмсан
Аавын ганц шүтээн юмсан
Эцэг чинь одоо яанаа
Эгчид чинь юу гэж хэлнээ
Бүлтгэр хөх өвгөн
Бөглөрч үхтлээ шанална даа
Эхий нь орлодог эгч нь
Ээрч мууртлаа чарлана даа
Бурхан болоочийн толгойг түшсээр
Бургасны мөчрөөс бүсээр уялаа
Эцсийн удаа элгэндээ наагаад
Эвтэйхэн гэгч усанд тавилаа
Усан дотор хүний ясыг барих гэж байдаг байна
Насан бага эднүүс ёсыг бас мэддэг байна
Үлдсэн найм нь уйлалдаж үхлийн бахыг хангав
Өөрсдөө яахыг бодохоосоо үрэгдсэн нөхөртөө харамсав
Ус хүн биш болохоор
Уярч хайлах байтугай
Циркийн жүжигчин шиг годройтож
Цэнгэх мэт дүүлнэ
Болжмор харин тэртээ модон дээр
Байдгаараа биеэ хурааж
Айсан мэт бүлтэгнэж
Атийхаараа атийна
Уйлж шаналж байтал
Удаах нөхрөө алдав
Тэгтэл дахиад гай...
Түүнийг угсраад гай...
Шинэ гай ирэхэд түрүүчийг нь түр мартах юм
Шивнэж байсан хоолой уйлах болохоор чангарах юм
Дүнгэнэж байсан чих ч нөхрийн үгийг сонсох юм
Дүйрч байсан оюун нөхрийн төлөө сэтгэх юм
Бүрлээч болж буй нэгнийгээ совин зөнгөөр мэдэрч
Бүрэлзэж байсан нүд хараа ороод ирэх юм
Бадайрч байгаа гар санаан зоргоор хөдлөх юм
Гудайж байгаа тэргүүнийг нь бяр ороод түших юм
Арагшаа хөшсөн зоо тонгойж бас болох юм
Атирч татсан хөл гишгиж бас дөнгөх юм
Ганболд
Ёндон
Ганзориг
Цэрэндулам
Ганчөдөр
Өлзийбадрах
Хайран зургаан анд минь
Хагацал дундах түшиг минь..
Дүлийрч дүнгэнээд чих дахиад сонсохыг болив
Дүйрч балартаад оюун дахин сэтгэхийг байв
Бургасаа л тавихгүй юм шүү
Бусдыгаа л зовоохгүй юм шүү
Аргаа бартал хүлээсэн нисдэг тэрэг ч ирлээ
Аюул болж буй газраар хэсдэг хүмүүс нь ч ирлээ
Авралын эзэд гэгч нь аргалын өт шиг жаалууд
Хийлдэг завиа аваад хэвлүүхэн бууж ирлээ
Ээ чааваас, хүүхдүүд шив дээ
Эдний авардаг ч юу л бол
Эвий харла, хүний үрс
Эднийг оруулах хэрэг байна уу
Завьтай хүүхдүүд усанд
Загас шиг дураар загнаж
Хувьтай хүүхдүүдийн зүрхэнд
Тогос шиг гэрэлтээд очив
Хээрийн эмнэлгийн сувилагч шиг тэврээд авах нь эвлэгхэн
Хэзээ язааны дайчин шиг хэрсүүд болоод хэвлүүхэн
Ийм хөвгүүд төрүүлсэн эхчүүд ямар ачтай
Ингэж сургаж чадсан багш нь яасан буянтай...
Хүн шиг өрөвдмөөр
Хүүхэд шиг өхөөрдмөөр
Хоньчин хүүгийн шилбүүр шиг
Өнчин бургас чамайг
Хадаг уян тахья
Бадаг шүлгээр мялаая...
Огторгуй тэнгэр хур ороогүй мэт цэлмэг
Оройн наран юу ч үзээгүй мэт тунгалаг
Орхоны ус үерлээгүй мэт цэнгэг
Орчлон гэдэг ийм ажгуу


                     Б.Очирхуяг
1994 он

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.