mokim090619_2.jpg 

<Гар, хөл, амны хөндийн усархаг тууралт өвчний шинж тэмдэг>

Бага насны хүүхдүүдэд ихэвчлэн халдварладаг энэ өвчин Сөүлд дэлгэрсээр байна.


Сөүл хотын хэмжээнд цэцэрлэгийн насны 435 хүүхэд гар, хөл, амны хөндийн усархаг тууралт өвчний халдвар авсанаас 363 хүүхэд эдгэрч 72 хүүхэд эмчилгээ хийлгэж байна гэж тус хотын захиргаанаас 19ны өдөр мэдээллээ.

Энэ өвчин өнгөрсөн сарын 7нд Сунпа дүүргийн нэгэн цэцэрлэгээс анх гарч эхэлсэн бөгөөд улмаар маш хурдтай тархаж байгаа гэнэ.


Дүүргүүдээр харьцуулан авч үзвэл Сочу дүүрэг хамгийн их буюу 47, Сунпа дүүрэгт 46, Тубун дүүрэгт 36 хүүхэд өвчлөөд байгаа юм байна.


Сөүл хотоос энэ өвчний тархалтын талаар цэцэрлэг болон гэрийн нөхцөлд болгоомжлохыг анхааруулж байна.


Цэцэрлэгийн хувьд багш нар хүүхдийн хөл, гар, амны хөндийг байнга шалган, сэжиг илэрсэн тохиолдолд эмнэлэгийн тусламж авах ба бусад эрүүл хүүхэдтэй хамт байлгахгүйг анхааруулж, гараа байнга угаах нь урьдчилан сэргийлэх нөхцөл болно гэж хотын захиргааны ажилтан мэдээлж байна.

Энэ өвчин 5аас доош насны хүүхдүүдэд байнга тохиолддог вирусын төрлийн өвчин бөгөөд усархаг шархлаа үүсэхээс гадна халуурдаг юм байна.


Уг өвчин нь өвчтэй хүнээс эрүүл хүнд амьсгалын замаар, шархны усны шүргэлцлээр  халдварладаг гэнэ.


Ихэнх тохиолдолд хөнгөн ханиад байдлаар тусаад өнгөрдөг ч хүндрэх тохиолдолд мэдрэлийн үрэвсэл үүсч болдог гэнэ.

Ёнхаб мэдээнээс