"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Сонсож мэдсэнээрээ хоргүй хавдрын тухай энд бичлээ. Ер нь хөхөө эмэгтэй хүн тогтмол хугацаанд тэмтэрч шалгаж байх ёстой гэж хүмүүс сонсож л байсан байх. Тэгвэл үүнийг зөвхөн сонсоод өнгөрөлгүй байнга санаж өөртөө ажиглалт хийж байгаарай. Хоргүй хавдарын хамгийн түгээмэл танигдах тэмдэгүүд нь хөхөн дотор хэсэг газар хатуурах, булцуу маягийн (бөөрөнхий болон зуувандуу хэлбэр бүхий) зүйл тэмтрэгдэх, хөхнөөс шалтгаангүйгээр (жирэмслээгүй үед) сүүтэй төстэй шингэн болон зарим тохиолдолд цусархаг шингэн гарах зэрэг хэвийн бус шинж тэмдэгүүд байх ажээ.
Хоргүй хавдар дотроо их олон янз байдаг юм байна. Латин нэрнүүдийг сайн тайлбарлаж барахгүй нь уучлаарай нөхдөө :) Ямар ч байсан доор нэр бүхий хавдарууд хамгийн элбэг тохиолддогууд нь гэнэ.
- Fibroadenome
- Lipome
- Phylloldestumor
- Intraduktales Papillom
- Adenome
Ерөнхийдөө хоргүй хавдрын ямар ч төрөл нь түргэн хурдацтай томордоггүй, эргэн тойрон дохь эд эсээ гэмтээдэггүй бас хортой хавдар шигээ үсэрхийлж олширдоггүй сайн талтай ажээ. Мөн ихэнх нь биед онцгой зовуурь өгдөггүй. Гэхдээ энэ нь санаа зовохгүй байх зүйл бас биш бөгөөд хоргүй хавдар хортой хавдар болох магадлалтай. Тиймээс ийм тохиолдолд яаралтайгаар эмчийн хяналтанд орвол зохих бөлгөө.
Хэдийгээр ихэнх хоргүй хавдар биед онцгой зовуурьгүй, томрохоос бусдаар өөр өөрчлөлт өгөхгүй ч гэсэн жирэмсэн болж хөхөнд сүү орон хөх томрох үед өвчин орох, үрэвсэх мөн дээр дурьдсанаар хэлбэрээ өөрчилж хортой хавдар болох магадлалтай байдаг тул ихэнхдээ хоргүй хавдарыг хагалаж авдаг байна.
Энд хэрхэн өөрөө хөхөө шалгах тухай тайлбар оруулчихья.
- Цээжин хэсгээ нүцгэлээд толинд 2 хөхөө харьцуулан харах. Хүний 2 хөх яг адилхан хэлбэр хэмжээтэй байдаггүй. Тиймээс хөхний гадаргуу, хөхний толгой, мөн арьсны өнгө зэргийг нь сайн ажиглаарай.
- Хоёр гараа толгойныхоо ард салаавчлан дээрхитэй ижил харьцуулалт хийх.
- Хоёр гараа ташаандаа тулан дээрхи харьцуулалтыг хийн хөхний булчингийн жигд байдлыг анзаарна.
- Усанд орж байх явцдаа мөн ажиглалтыг нэг гараа толгойн ард аваачин нөгөө гараараа хөхөө тэмтрэнэ.
- Мөн дээрхитэй ижил байрлалд хөхний толгойг 2 хурууны завсраар хөнгөхөн шахаж үзнэ.
- Орон дээр дээшээ харж хэвтээд мөрөн доороо хавтгайлан дэр тавьсан байх ба нэг гараа толгойн ард аваачиж нөгөө гараараа хөхөө тэмтрэнэ.
Нэг талдаа хийсэн үйлдлээ нөгөө талдаа бас давтах ёстой.